Д.Даваа: Монгол цэрэг одоо “од” болсон

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Д.Даваа: Монгол цэрэг одоо “од” болсон

-Эр хүн болгон л цэргийн алба хаах ёстой. Цэргийн алба шиг сайхан юм хаа ч байхгүй. Цаад үзэл санаа нь хүртэл эх орноо батлан хамгаалж байгаа гэдэг утгаараа бахархах ёстой алба юм шүү дээ-

Аливаа салбарын ар талын алба гэдэг тухайн байгууллагын гол ачааг үүрч явдаг. Тэр дундаа цэрэг, армийн ар тал байна гэдэг амаргүй. ЗХЖШ-ын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа энэ албанд 30 гаруй жил ажилласан  нэгэн. Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал цол хүртсэн түүнтэй цэргийн амьдрал, онцлогын талаар ярилцлаа.

-Цэргийн хүн болох гараагаа анх хаанаас эхэлсэн бэ?

-Зэвсэгт хүчинд нийтдээ 30 дахь жилдээ алба хааж байна. Анх 10 жилийн сургуулиа төгсөөд, гадаадын цэргийн сургуульд бэлтгэх карентинд ирж, цэргийн тангараг өргөж,  ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуульд таван жил суралцсан. Сургуулиа төгсөөд, Зэвсэгт хүчний 162 дугаар ангид Хувцас, хүнсний албаны даргаар анхны ажлын гараагаа эхэлсэн. Үүнээс хойш Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн хүнсний хангалтын тасгийн дарга, 256 дугаар ангийн захирагчийн орлогч, ар талын дарга, ЗХЖШ-ын Ар талын газрын штабын орлогч дарга, 013 дугаар ангид захирагчийн орлогч ар талын дарга, БХИС-ийн Ар талын тэнхимийн эрхлэгч, БХИС-ийн Ар тал, зэвсэг, техник эрхэлсэн орлогч захирал, БХЯ-нд Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга гэх мэтчилэн  албыг хашиж  энэ албанд ирээд 1 жил болж байна.

-Гол ачааг үүрч явдаг гэдэг утгаараа цэргийн ар талын албаны зовлон биз?

-Мэдээж цэргийн ар тал гэхээр цэргийн хүнс, хувцасны хангалтыг хийх төдийхнөөр ойлговол  өрөөсгөл болно. Энгийнээр ойлговол цэрэг үүргээ амжилттай гүйцэтгэхэд шаардагдах материаллаг болон ахуйн хэрэглээний бүх төрлийн эд зүйлсээр хангаж түүнд хүргэх ажиллагааг зохион байгуулдаг гэж ойлгож болно.

Тэгэхээр ар талын ажил маш олон талтай, цэргийн олон мэргэжлийн тодорхой хэлбэл зэвсгийн, техникийн хүнсний, хувцасны, шатахууны, эмнэлгийн, барилгын гэх мэт ажил, үүргийг нэгтгэн зохион байгуулдаг хүнд алба . Ийм ч учраас цэргийн шинжлэх ухааны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өөрийн гэсэн тусгай тактиктай, цэргийг ямар ч үүрэг гүйцэтгэхэд л дээрх бүх төрлийн материалаар хангаж байх л үүрэгтэй. Нэг үгээр хэлбэл цэрэг хаана байна бид тэнд л байх ёстой. Ийм ч учраас цэрэгт хэн юуг хаана ямар аргаар хүргэх вэ гэдгийг зохицуулсан нарийн тодорхойлсон дүрэм, журамтай.

-Сүүлийн үед хээрийн сургууль, марш тактикийн тэмцээнүүдээс харж байхад манай зэвсэгт хүчин техинкийн хувьд харьцангуй сайжирсан нь анзаарагдаж байсан. Эсвэл худлаа юу?

-Зэвсэгт хүчнийг байгуулалтыг  2015 он хүртэлх хөгжүүлэх хөтөлбөр гэж бий. Хөтөлбөрийн хүрээнд ялангуяа зэвсэг техникийн шинэчлэлийг нилээд хийгдэж байгаа. Саяхан зэвсэгт хүчнийг 2015 он хүртэл хөгжүүлэх  хөтөлбөрт мониторинг хийсэн шалгалтын дүнгийн талаар даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцлээ. Үүнээс үзэхэд ч гэсэн ялангуяа зэвсэг техникийн шинэчлэх талаар нэлээд ажил хийсэн нь анзаарагдсан. Ялангуяа сүүлийн нэг жилд дорвитой шинэчлэлүүд хийгдсэн. Хуягт танкын техникийн чиглэлээр ОХУ-ын буцалтгүй тусламжаар Т-72 танк, БТР 80 зэрэг хоёрдугаар үеийн шинэ зэвсэгт техниктэй болж байгаа. Мөн хэвлэлээр харсан байх “Печеро” пуужингийн цогцолбор ОХУ-ын буцалтгүй тусламжаар хүлээн авсан.

-Цэргийн хувцас гэдэг тухайн улсынхаа сүр хүчийг илтгэдэг. Манай цэргийн хувцасны  хангалт ямар байдаг вэ?

-Энэ асуултанд хариулахаас өмнө газрынхаа талаар товч танилцуулах хэрэгтэй байх. Манай газар ЗХЖШ-ын хамгийн олон хэлтэс, албан хаагчтай газрын нэг. Хэлтсүүд дотроо материал хангалт, хүн эмнэлэг, барилга орон сууц, инженер техник, зэвсгийн гэх мэтчилэнгээр төрөл мэргэжлийн хэлтсүүдтэй. 2010 онд нилээд олон зүйл заалтаар зорилт төлөвлөн, үндсэндээ 97 хувийн биелэлттэй гүйцэтгэсэн. Өдөр тутмын гэхээсээ илүү бодлогын чанартай баримт бичиг боловсруулах, шийдвэрлэх тал дээр нэлээд ажилласан. Үүний нэг нь яахын аргагүй хувцас, формын шинэчлэл. Хувцасны хангалтын чиглэлээр энэ онд дөрвөн бичиг баримт дээр ажиллалаа. Нэгдүгээрт, загварыг өөрчилье гэдэг дээр чиглэсэн. Хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг бичиг баримт. Даргын зөвлөл болон сайдын зөвлөлийн хурлаар оруулаад, Ерөнхийлөгчийн Тамгын газарт өргөн барих хэмжээнд хүрээд байна. Дараагийн бичиг баримт нь нормын асуудал. Хувцасны нормыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Нормыг шинэчлэх шаардлагатай байгаа нь хугацаат цэргийн албан хаагчдын хуучин хэрэглэж байсан нормоос их ажиглагддаг. Хуучин загварын ажлын гутал, хөлний ороолт, хөвөнтэй майк зэрэг нилээд дээр үеийн батлагдсан нормоор явж байсан нь орчин үеийн шаардлагад нийцэхгүй байгаа. Үүнтэй холбогдуулаад мэргэжлийн армийн чиг хандлагад нийцүүлэн хөгжих зорилт тавиад ажиллаж байгаа өнөө үед  цэргийн хувцас форм хүртэл тэр чиг хандлагад нийцэх ёстой. Тэр үүднээс хугацаат цэргийн албан хаагчдын  өвөл, зуны гутал, биеийн тамирын хувцас, ноосон цамц гэх мэтчилэнгээр гадаадын бусад цэргийн албан хаагчдын өмсөж, хэрэглэдэг нормыг оруулья гэдгийг шийдвэрлээд энэ асуудал дээр нилээд судалгаа хийж, даргын зөвлөл болон сайдын зөвлөлийн хурлаар оруулаад, норм нь Засгийн газраар батлуулахаар өргөн барьсан байгаа. Дараа нь, хувцсаа хэрхэн өмсөж, хэрэглэх талаар. Хувцас өмсөх дүрэм сайдын тушаалаар батлагдах ёстой. Мөн  хувцас, хэрэглэлд тавигдах стандарт Стандарт хэмжилзүйн хороогоор батлуулах юм. Нийтдээ дөрвөн бичиг баримт цогцоороо шийдэгдэж байж хувцасны шинэчлэлийг хийнэ. Ингэснээр өөр түвшинд хувцас хэрэглэлийн хангалт гарна гэсэн ойлголттой байгаа. Хувцасны шинэчлэлийн үр дүнд офицер, ахлагч нар хуучин ёслол албаны гэсэн хувцастай байсан бол ёслолын, албаны, хээрийн гэсэн гурван төрлийн хувцастай болох юм. Дээрээс нь тусгай норм буюу биеийн тамирын хувцас, агсамж буюу тусгай хувцасны иж бүрдэлтэй байна гэсэн төсөл хийгээд байна.

-Улсаас өгч байгаа төсвийн хэдэн хувь нь норм, хувцас хангалтад зарцуулагддаг вэ?

-БХЯ-ны зардал өөрөө бусад улс орны батлан хамгаалах салбартай харьцуулахад үндэсний нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан харьцаагаар одоогийн байдлаар 4/1-тэй тэнцэж байна. Тэгэхээр 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөртөө хоёр руу тэмүүлэх шаардлага байна гэсэн үндэслэл гаргасан. Ялангуяа хямралын жил гээд 2009 онд маш баг төсвөөр, 2010 онд ч гэсэн материал хэрэгслийн хангалтыг зохион байгуулсан. Ялангуяа хувцасны хангалт дээр их ажиглагдаж байсан. 2009 онд батлан хамгаалах салбарын хэмжээнд 1.1 тэрбум төгрөгний хувцас хэрэглэл худалдаж авах төсөв хуваарилж байсан. Энэ нь зөвхөн хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдын, дөнгөж сургууль төгссөн офицер, ахлагчдын эгнээнд орж байгаа албан хаагчдад хүрэлцэх төдийд л байсан. 2010 онд мөн адил дээрх төсөв нэмэгдээгүй, 1.1 тэрбум төгрөгт барьж байсан. Харин 2011 онд урьдчилсан байдлаар хуваарилалт хийгдээгүй байна. Гэхдээ төлөвлөсөн хэмжээнд батлагдана гэдэгт найдаж байгаа.

-Зэвсгийн хуваарилалт, хяналтын тухайд ямар байдаг вэ?

-Сум, галт зэвсгийн хадгалалт, хамгаалалт, зохих хэмжээний  нөөц барих зэрэг асуудлууд яахын аргагүй манай газрын хариуцдаг ажил. Энэ тал дээр их анхаарч ажилладаг. Ялангуяа сум, галт зэвсэг алга болох зэрэг хэрэг зөрчлүүд өмнөх жилүүдэд гардаг байсан бол сүүлийн хоёр жилийн байдлаар ийм төрлийн дутагдал гарахгүй байгаа. ЗХЖШ-ын удирдлагууд энэ асуудлаар ихээхэн анхаарал тавьж ажилласан. Харуул хамгаалалтыг сайжруулах, камержуулах, гэрэлтүүлэх, бусад хамгаалалтын хэрэгслийг сайжруулах ажлыг шат дараалан авч байна. Энэ төрлийн зөрчил дутагдал таслан зогсоож чадсан гэж хэлж болно.

-Цэргийн амьдралын онцлог?

-Сэхээтэн айлын ганц хүү. Дээрээ эгч, доороо эмэгтэй дүүтэй. Эрэгтэй талаасаа ганц хүү гэдэг утгаараа цэргийн талын ямар ч ойлголтгүй байж байгаад 10 дугаар анги төгсөөд цэргийн сургуульд орсноор цэргийн амьдрал эхэлсэн. Гэр бүлтэйгээ цэргийн сургуульд сурч байхдаа хуучнаар ЗХУ-ын Вольск хотод багшийн сургуульд сурч байхад нь танилцаад гэр бүл болж байсан. Үүнээс хойш олон гарнизон, олон анги дамжаад алба хаагаад явж байна. Гурван хүүхэдтэй. Том нь 24 настай, бага нь 10 настай. Цэргийн амьдралын хувьд 18 наснаас эхлээд 30 жил алба хааж байгаа болохоор цэргийн амьдралд дассан гэх үү дээ.

-Хүн биш цэрэг, цэрэг дагахаар тэрэг дага гэх мэт олны дунд яриа байдаг. Үүнтэй хир санал нийлдэг вэ?

-Түүнтэй санал нийлэхгүй ээ. Эр хүн болгон л цэргийн алба хаах ёстой. Цэргийн алба шиг сайхан юм хаа ч байхгүй. Цаад үзэл санаа нь хүртэл эх орноо батлан хамгаалж байгаа гэдэг утгаараа бахархах ёстой алба юм шүү дээ.

-Хөдөө орон нутагт ажиллаж байв уу?

-Өвөрхангай аймагт гурван жил гаруй томилогдон ажилласан. Улаанбаатарыг тойрсон гарнизонуудаар нилээн ангиудаар дамжсан. Нийтдээ 13 удаа томилогдсон байдаг юм билээ. Энэ хооронд ЗХУ байх үед нь мэргэжлээрээ сурч, дараа ОХУ болсон хойно нь Ленинградын Ар тал, техникийн академийг төгссөн. Яг энэ мэргэжлээрээ хоёр шатны сургуулийг төгссөн болохоор энэ мэргэжлээрээ бахархдаг. Яагаад гэхээр оросууд цэргийн мэргэжлийн мэдлэгийг ул суурьтай олгодог гэж боддог. Тэгээд ч манай Зэвсэгт хүчний үндсэн зэвсэглэл оросын зэвсэг. Байлдаан явуулах тактик аргачлал их газрын буюу Оросын тактиктай. Яагаад гэвэл зэвсэг техникээ дагаад тактик ажиллагаа мөн үүнтэйгээ уялдаатай байдаг учиртай. Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжилээрээ маш их бахархдаг.

-Орон нутагт ажиллахад айлын ганц хүүд хүндрэлтэй, шантрах үе гарч байсан уу?

-Надад тийм үе гарч байгаагүй. Манай аав Ховд аймгийн Буянт сумын харьяат. Би өөрөө Ховд аймгийн төвд төрөөд, гурван настайгаас Сэлэнгэ аймагт өсөж хүмүүжсэн. Тухайн үед чинь бүх хүн томилгоогоор орон нутагт ажилладаг байсан учраас гурван настайд аав Сэлэнгэд томилогдон очиж, ерөнхийдөө Сэлэнгэд 10 жилийн сургуулиа төгсөөд, цэрэгт явсан. Тэгэхээр зэрэг би хотын уугуул гэдгээрээ биш, хөдөөний хүн. Гэхдээ Сэлэнгэ бол дэд бүтэц сайн хөгжсөн, тухайнд үед хотоос дутахааргүй байсан гэж хэлж болно. Өвөрхангайд очиход хөдөөний амьдрал хэцүү санагдаагүй ээ. Зуны амралтаараа Буянтад очиж өвөө, эмээдээ тусалдаг  байсан нь хөдөө орон нутагт очиж ажиллахад их тус болж байсан.

-Гэр бүлийнхээ талаар танилцуулаач?

-Манай гэр бүлийн хүнийг Л.Энхзаяа гэдэг.  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн V цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг. Оюутан байхдаа танилцаж, гэр бүл болсноос хойш 27 жил хамт амьдарч байна. Гурван хүүхэдтэй. Гэр бүлийн хүн маань эхнээсээ л би цэргээр явж байгаа шиг боловсролын салбарын сургуулийн өмнөх боловсролын шат, шатны сургууль төгсөн, мэргэжлээрээ одоо болтол ажиллаж байна. Эхнэр бид хоёр хоёулаа төрийн алба хашсаар өдийг хүрч явна.

-Цэргийн хүний гэр бүл байна гэдэг амаргүй байх. Хаашаа томилогдоно дагаад явахаас өөр аргагүй. Энэ байдал эхнэрийн тань хувьд хэцүү байдаг байх даа?

-Хэцүү үе байлгүй яахав, гэхдээ бид хоёрт ойлголцохгүй зүйл огт байгаагүй. Манай хүн УБИС-ийг дөнгөж төгсөөд, Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхад би ОХУ руу академид сурахаар гэр бүлээрээ зайлшгүй явах шаардлага гарсан. Тухайн үед хоёр дахь хүүхэд маань гарчихсан. Энэ үед эхнэр эхлээд ажлаасаа чөлөө аваад, дараа нь ажил төрлөө хүлээлгэж өгөөд намайг дагаад явж байсан. Өвөрхангай руу гурван жил гаруй томилогдон ажиллахад мөн л энд хийж байсан ажлаа орхиод явах жишээтэй. Эргээд ирэхээр нь өнөө мэргэжлийн ажлын мест дээр нь өөр хүн. Манай хүнийг хүлээгээд байж байхгүй ш дээ. Тэгээд төрийн албаны шалгалт, шалгаруулалт тэр бүхнийг давж байж ажилтай болох гээд хүндрэлүүд их л дээ. Гэхдээ эхнэр хүүхдээс тусдаа байж үзээгүй. Энэ бүхэн ч гэсэн миний ажлын амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж боддог.

-Чөлөөт цагаар хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах дуртай. Жил бүр маршрут гаргаж байгаад энэ онд зүүн тийшээ, дараа жил баруун тийшээ гэх мэтээр явдаг. Зүүн талаар гэх юм бол Буйр нуур, Халх Нөмрөгийн сав газар, хойгуураа Сэлэнгийн нутаг Хараа, Ерөө, Хүдэр Дунгуйн нутаг, баруугаар Баян-Өлгий аймгийн нутаг Толбо нуур гээд яваагүй газар ховор доо. Гадаадад явахаас монголынхоо нутгаар аялах нь илүү гоё. Монгол хүн бүр бахархал болсон Найман нуур, Их нууруудын хотгор, Алтан Овоо, Шилийн богд явж үзэх ёстой гэж ойр тойрны хүмүүстээ зөвлөдөг. Буйр нуурын эрэг дээр очиход гадаадын далайн эрэг дээр зориулалтын наран шарлагын газар байгаа юм шиг элсэн хаялга дээр сайхан байдаг. Сэлэнгэд төрсөн болохоор тэр юмуу усанд сэлэх их дуртай. Бас чөлөө заваараа шатар тоглоно. Шатрын ОХУ-ын дэд мастерийн цолтой. ОХУ-д сурч байх үедээ сонсогч байх үедээ авч байсан.

-Гурван жилийн цэрэг бол эр хүнийг эр хүн болгоод гаргаж байсан. Одоогийн цэргийн нэг жилийг чамлах ч хүмүүс байдаг. Үүнтэй хир санал нийлдэг вэ?

-Гурван жилийн цэрэг байх, хоёр жилийн цэрэг байх, нэг жилийн цэрэг байх бүх үеийг үзсэн. Ялангуяа гурван жилээр цэргийн алба хааж байх үед офицер байсан. Үнэхээр гурав дахь оны цэрэг бол аль хэдийн бие организм, сэтгэл санааны хувьд төлөвшсөн, нас нь ч гэсэн тодорхой хэмжээгээр ахиад, хал үзэж халуун чулуу долоосон гэдэг шиг бүүр байр сууриа олсон байдаг санагддаг юм. Гэхдээ нийгэм өөрөө хөгжиж байна, тавигдаж байгаа шаардлага, цаг хугацааны хувьд өөр болж байгаатай холбоотойгоор нэг жилийн цэргийн албыг голохооргүй сургалт бэлтгэлийг хийгээд, залуус маань өөрсдөө хичээх юм бол нэг жилийн хооронд ихийг сурч, өөрчлөлт хийж болдгийг олон жишээ харуулна. Саяхан гарсан телевизийн олон ангит уран сайхны кино өнөөгийн цэргийн амьдралыг харуулсан гэж хэлж болно. Цагтаа босоод, цагтаа унтаад, бэлтгэл сургуулилтаа хийгээд явахад ялангуяа 18-26 насны өсөж яваа залуучуудын бие организмд өөрчлөлт, зан чанарт нь суух хатад боломжийн хугацаа гэж боддог. Тийм учраас нэгийг нэг гэж гололтгүй залуучууд маань өөрсдөө л хичээх ёстой. Харин бид ахуй хангалт, сурах боломж, орчинд нь анхаарах ёстой. Энэ чиглэлд ч гэсэн Зэвсэгт хүчин хичээж ажиллаж байгаа.

-“Тусгай салаа” уран сайхны кино гарч байх үед үзэгчид цэргийн алба гэдэг ийм байдаггүй юмаа, хэзээ дарга нь цэргээ дагаад, царайчлаад явж байсан юм. Хэтрүүлэг ихтэй юм бишүү гэх яриа чих дэлсэж байсан. Одоо цэргийн сахилга, зохион байгуулалтын хувьд ямар байдаг вэ?

-Нийгэм маань хөгжиж байна, түүнээ дагаад хүмүүс маань хөгжөөд байна. Дээрээс нь Зэвсэгт хүчин хөгжиж байна. Манай залуучууд гадаадад дөрвөн тивд үүрэг гүйцэтгэж байна. Бусад орны цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгээд, эх орондоо ирээд хэрэглэж буй техник зэвсгийн чадвартай болох зэргээр зэвсэгт хүчин харьцангуй бусад салбарыг бодвол хөгжил нь хурдтай яваа гэж хэлж болно. Цэргийн алба энэ утгаар илүү их эерэгээрээ хөгжиж байна.

-Энхийг сахиулагчдын зэвсэг техник, ахуй хангалтыг хаанаас хариуцдаг вэ?

-Энхийг сахиулах ажиллагаанд Африк, Афганистанд ч юм уу ямар тивд, ямар орчинд алба хаахаас нь шалтгаалаад хувцасны хувьд ажиллагааны өмнөх бэлтгэлтэй холбоотой зардлыг манайх даадаг. Мэдээж нөхөн төлбөр нь олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу ордог. Энэ нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу хөгжлийн сандаа төвлөрдөг, тэндээсээ эргээд зарцуулагддаг. Яг хуулийнхаа зүйл заалтаар зарцуулагддаг, нарийн ажиллагаа.

-Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид дээр очиж, газар дээр очиж танилцаж байв уу. Бусад орны цэргүүдээс манай албан хаагчдын ур чадвар ямар байдаг бол?

-Өөрийн орны цэргээр маш их бахархдаг. Монгол цэрэг бараг од  болсон гэж хэлж болно. Од болсон гэх хамгийн наад захын жишээ гэх юм бол 2009 онд Хятад, Монголын хамтарсан хээрийн сургуулилт Бээжингийн ойролцоо болсон полигон дээрх хаалтын ажиллагаанд оролцож байх үед төрсөн. Тал талаасаа 40, 40 цэргийн бүрэлдэхүүнтэй  салаа оролцсон сургуулилт болсон юм. Энэ үеэр манай цэргүүдийн ур чадвар, тэр олон сая хүний дундаас дээд зэргийн шүүлтүүр шалгуур давж оролцож байсан цэргүүдээс дутахгүй, зарим талаараа илүү ч байсан. Ялангуяа гардан байлдаан, энхийг сахиулахтай холбоотой хөтөлбөр гээд янз бүрийн ажиллагаа гүйцэтгэж байхад өөрийн эрхгүй суудлаасаа босч алга ташиж байсан шүү. Тэр үед Монгол цэргээрээ өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байсан.

-Цэргийн алба хаахаас гадна мэргэжилтэй ажилтан болоод гарч ирэх үү?

-Цэргийн албанд татагдаж ирсэн залуучуудыг барилгын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Ялангуяа барилгын өрлөгчин, шаварчин, гагнуурчин зэргээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллаж байна.

-90-ээд оноос өмнө шинээр байгуулагдсан цэргийн ангиуд цэргээ татаад үйл ажиллагаа нь явуулж эхэлж байх үест зах зээлд шилжиж цэрэггүй, хэдэн ахлагч, офицероос өөр хүнгүй цэргийн ангиуд байх юм. Энэ нь тодорхой хэмжээгээр хөрөнгө санхүүтэй холбоотой байдаг уу?

-Төсөв санхүүтэй холбоотой биш л дээ. Төсвийн тухай хуулиар жил болгон батлан хамгаалах зардлыг баталдаг. Мөн цэрэг татах хяналтын тоог хүн амынхаа тоонд харьцуулаад гаргадаг. Баталсан тооныхоо дагуу л жил бүр цэргээ авдаг. Цаанаас төлөвлөж, тогтсон тоондоо л цэргээ авдаг. Газраас олон ажил хийсний нэг нь өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэр гараад, БХЯ-ны сайдын болон ЗХЖШ-ын даргын тушаал гарч, барилга инженерийн ангиуд байгуулж, Зэвсэгт хүчин маань эх орноо хамгаалах үндсэн үүргээс гадна эх орны бүтээн байгуулалтад оролцох ёстой гэдэг зорилтын хүрээнд гурван барилгын цэргийн анги байгууллаа. Үүнээс Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад бодитоор байгуулаад байна. Ирэх оны гуравдугаар сараас эхлэн бүтээн байгуулалтынхаа ажилд орно. Бусад цэргийн ангиудын адилаар цэргээ аль хэдийн хүлээн авч, үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж