Бэлэн мөнгө, бизнес эрхлэгчдийн дөнгө

Хуучирсан мэдээ: 2010.12.27-нд нийтлэгдсэн

Бэлэн мөнгө, бизнес эрхлэгчдийн дөнгө

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бизнесээ өргөжүүлэхийн тулд хүсч буй зээл нь нийтдээ 800 орчим тэрбум төгрөг гэсэн судалгаа байна. Энэ бол ирэх онд иргэдийн гар дээр хэсэгчлэн тараах гэж байгаа 805 тэрбум төгрөгөөс хавьгүй үнэ цэнтэй, утга учиртай зүйл юм-

Улсын төсвийн орлогын 70-80 хувийг дотоодын 1000 хүрэхгүй аж ахуйн нэгж тат­вараасаа бүрдүүлдэг байна. Энэхүү 1000 дотор үндэсний хэмжээний томоохон компа­ниудаасаа жижиг, дунд үйлдвэр­лэл эрхлэгчид илүү олон тоотой юм. Харин нэг сонирхолтой зүйл гэвэл тэдгээр жижиг, дунд үйлдвэрлэгчдэд шаардлагатай байгаа буюу бизнесээ өргө­жүүлэхийн тулд хүсч буй зээл нь нийтдээ 800 орчим тэрбум төгрөг гэсэн судалгаа байх аж. Гайхалтай нь, энэ бол ирэх онд иргэдийн гар дээр хэсэгчлэн тараах гэж байгаа 805 тэрбум төгрөгийн хавьгүй үнэ цэнтэй, утга учиртай зүйл юм.

Энэ улс оронд төрийн алба хашихаас өөр байдлаар хүмүүс ажил эрхэлдэг нь үнэн л юм бол тэд нь бүгд хувийн хэвшилд, өөрөөр хэлбэл бор зүрхээрээ яваа жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Гэтэл олон мянган хүнд ажлын байр, цалин хөлс олгож, түүгээрээ дамжуулан хэдэн зуун мянган хүнд байнгын орлого хуваарилж яваа хувийн хэвшлийнхэнд дэмжлэг алга. Ирэх оны төсвийн үрэлгэн зарлагатай холбогдуулан Төвбанк нь мөнгөний хатуу бодлогоо зөөлрүүлэх боломж алга гэж мэдэгдсэн энэ үед цагаа олсон үгсийн нэг нь энэ байж таарна.

Гэхдээ мөнгөний бодло­гыг боловсруулагчид, хэрэгжүү­лэгч­­дийг зэмлэ­хээс өмнө улс төрийн хүрээнийхний попу­лист амлалт, харалган шийд­вэрүүд улс орны хөгжлийг хэрхэн боомилж буйг шүүмж­лэхийг зорьсон юм.

Мөнгөний бодлогын хатуу буулт

Мөнгөний бодлогын хэ­рэгс­лүүдээ өнөөгийнхөөс өөрч­­­­­лөхгүй гэж Монголбанк төлөв­­­­лөж байна. Үүнд бод­логын хүү өнөөдрийн 11 хувиас өсөхгүй гэсэн сайн мэ­дээ, бас түүнээсээ буурахгүй гэ­сэн тааруу мэдээ хамтдаа багтаж байгаа хэрэг юм.

Төвбанкны бодлогын хүү инфляцийг барих арга хэрэг­­сэл гэж бодлого тодор­хойлогчид үздэг. Өөрөөр хэл­бэл, тэдний баримталж буй онолоор бол Монголбанк бод­логын хүүгээ нэмэхэд инфляци буурах сайн талтай, харин хүүг багасахад инфляци өсөх сөрөг талтай. Гэхдээ онолын энэ загвар Монголын нөхцөлд шууд тохирдоггүй гэж зарим мэргэжилтнүүд үздэг аж. Нэг үгээр бол Төвбанкны бодлогын хүү нь инфляцид үзүүлэх шууд нөлөө багатай гэж үздэг. Гэхдээ л жилийн жилд Төвбанк төрөөс баримтлах мөнгөний бодлогыг тодорхойлохдоо инфляциас сэргийлэх арга хэрэгсэл бол­гон бодлогын хүүгээ ашиг­ласаар ирсэн юм.

Монголбанкны бодлогын хүү өндөр байхын хэрээр бизнес эрхлэгчдэд олгох арил­­­­­­­­жааны банкуудын зээл хо­ворддог, тэр хэрээр хүү нь өндөрсдөг зүйл тогтол бий. Энэ бол мэргэжлийн бус энгийн тайлбар бөгөөд Төв­банкны бодлогын хүү биз­нес эрхлэгчдийг буюу эдийн засгаа боомилдог гэдэг дүгнэлтийн учир шалтгаан нь энэ юм.

Өнөөдөр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан­гийн эргэлтийн нийт зээл 30 орчим тэрбум төгрөг байна. Энэ бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд шаард­лагатай зээлийн дэргэд өчүү­хэн бага бөгөөд амь залгуулах төдий арга хэмжээ юм. Гэхдээ уг сангаас авдаг зээл нь арилжааны банкуудын зээлтэй харьцуулахад хугацаа урттай, хүү багатай гэдгээрээ таатай нөхцөл. Мэдээж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд арил­­­­жааны банкны зээл авах боломж бий ч барьцаа нөхцөл нь хатуу. Хугацаа богино, хүү нь өндөр. Харин Монголын нөхцөлд бизнес эрхлэхэд хүү бага, хугацаа урт зээл шаардлагатай байгаад байдаг. Үүнийг ч арилжааны банкууд хүлээн зөвшөөрч, “Бид бизнесийнхний хэрэг­цээ, шаардлагад нийцсэн бү­тээг­­дэхүүн гаргаж чадахгүй байна” гэж хэлдэг.

Эргэлтийн хөрөнгийн хомсдол, татварын дарамт, авлига… гээд хүндхэн нөхцөлд бизнес эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд ирэх онд Мөнгөний хатуу бодлого бас л үйлчлэх нь. Тэдэнд үүнээс гадна бас нэг айдас байна. Тэд иргэдийн гар дээр тараагдах бэлэн мөнгө инфляцийг хөөрөгдөж, үүнийг дагаад хүмүүсийн дунд цалин хөлс өснө гэдэг хүлээлт үүсэхээс айж байна. Төрийн албан хаагчдын цалин өсөх тоолонд хувийн хэвшилд ажиллагсдад цалингаа нэмүү­лэх хүлээлт угаасаа үүсч бай­­даг. Үүн дээр мөнгөний үнэ­гүйдэл давхар хүлээлт үүс­гэж, хувийн хэвшлийнхэн цалингаа нэмүүлэхийг шаар­даж болзошгүй гэх таамаглал байгаа нь үнэн. Жижиг, дунд бизнес эрхлэгчид өнгөр­сөн хорин жилд алдаа оноон дээрээсээ суралцаж, ажилт­нууддаа хийж буйд нь таарсан цалин хөлс өгөхийг нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа гэж ухамсарладаг болсон байна. Харин тэдэнд өнөөдөр дэмжлэг үгүйлэгдэж байх шиг.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж