“Аваргуудын халаа” шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.12.25-нд нийтлэгдсэн

“Аваргуудын халаа” шагнал гардуулав

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын санаачлан байгуулсан “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас жил бүр амжилтаараа тэргүүлж, ирээдүйн тив, дэлхий, олимпийн аваргын залгамж халааг үргэлжүүлэх шилдэг залуу тамирчныг шалгаруулах уламжлал бий болгосон билээ. Өнгөрсөн жил “Аваргуудын халаа” шагналыг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг хүртэж байсан бол энэ жил 10 настай бяцхан шатарчин Д.Номин-Эрдэнэ тус шагналын эзнээр тодорлоо. Өчигдөр Спортын төв ордонд болсон тамирчдын шинэ жилийн баярын үеэр “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-ын дэд тэргүүн Х.Цагаанбаатар, Э.Бадар-Ууган нар Д.Номин-Эрдэнэ охинд шагналыг нь гардуулан өгсөн юм. Энэ үеэр Д.Номин-Эрдэнэд мөнгөн шагнал гардуулснаас гадна “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-тай хамтран ажилладаг үндэсний шилдэг үйлдвэрлэгчид болох “Талх чихэр”, “Милл хаус” компаниуд өөрсдийн хүнсний брэнд бүтээгдэхүүнээр “Аваргуудын халаа” шагналын эзнийг нэг жилийн хугацаанд ивээн тэтгэхээр болов.

Д.Номин-Эрдэнийн тухайд энэ оны долдугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болсон Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээний охидын 9-10 насны ангилалд түрүүлж, улмаар аравдугаар сард Грекийн Порто-Каррас хотноо болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 9-10 насны ангилалд аваргалж, шатрын өсвөрийн дэлхийн аваргаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан юм. Харин “Аваргуудын халаа” шагналын анхны эзэн М.Уранцэцэг  өнгөрсөн жил 2009 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, дэлхийн оюутны “Универсиад” их наадмын мөнгө, “Дэлхийн цом”-ын тэмцээний мөнгө, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж