“Анархистууд” ЭСЯ-дын эсрэг бөмбөг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.25-нд нийтлэгдсэн

“Анархистууд” ЭСЯ-дын эсрэг бөмбөг дэлбэлжээ

Ром хотод Швейцарь болон Чилийн ЭСЯ-дад илгээмжээр хүргүүлсэн дугтуй  дэлбэрч, хоёр хүн шархадсан хэргийг италийн цагдаагийн газар мөрдөн шалгах явцдаа уг хэргийг “анархистууд”-ын үйлдэл гэсэн таамаг дэвшүүлэн Ром хот дахь гадаадын бүх ЭСЯ-дыг нягтлан шалгах үүргийг өгөөд байгаа ажээ.

Италийн Дотоод хэргийн сайд Роберто Марони “Өнгөрөгч 11 дүгээр сард Грект гарч байсантай төсөөтэй энэхүү хэрэг явдал нь анархистуудын үйлдэл гэдгийг шалган тогтоохоор ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна.

Сайдын хийсэн мэдэгдлийн дараахан Албан бус Анархистуудын холбоо гэгчтэй  холбоотой бүлэг анархистууд тэсрэх бодис бүхий дугтуй уутыг илгээсэн гэж мэдэгдсэн ажээ.

Швейцарийн ЭСЯ-нд хүргүүлсэн тэсрэх бодис бүхий дугтуйг задалсан 53 настай дипломат ажилтан хүнд шархдаж, гараа тайруулах мэс засал хийлгэх шаардлагатай болжээ. Хоёр цагийн дараа Чили улсын ЭСЯ-нд илгээсэн дугтуй дэлбэрч, чилийн иргэн Сесар Мелья нүд, гартаа хөнгөн шарх авсан  аж.

Тэсрэх бодис бүхий дугтуйнууд нь зул сарын баяр болон шинэ жилээр тохиолдуулан хүргүүлж буй мэндчилгээ мэт ирж буйг шалган тогтоосон байна.

Италийн гадаад хэргийн сайд Франко Фраттини “Дипломат төлөөлөгчдийн газруудад заналхийлсэн ноцтой үйлдэл юм. Бид дэлхийн улс орнуудад ажиллаж буй бүх дипломат ажилтан нартаа “сонор болгоомжтой” байхыг анхааруулаад байна. Хэрэг явдлын жинхэнэ эздийг яг тодруулан тогтоох асуудлын үр дүн хараахан  гараагүй байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж