Монголын гурав дахь ”Том нам”

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Монголын гурав дахь ”Том нам”

Манай нарны аймаг албан ёсоор 9 гаригтай, тэгснээ сүүлийн үед нэг
гаригийг нь нарны системээс хаслаа ч гэх шиг сонсогддог. Гэхдээ нөгөө
бага гаригуудын бүсийг үл тооцоод тэр. Бага гаригийн бүс гэж нэрлэдэг
зурваст тоолж барахааргүй олон бага гариг, жижиг хэлтэрхийнүүд хөвж
явдаг гэнэм.

Манай улс олон намын тогтолцоотой улс гэдэг. Дээд шүүхэд бүртгэлтэй
17 нам байгаа. Монгол хэдийгээр олон намын тогтолцоотой гэх боловч
үндсэндээ хоёр намын тогтолцоотой ч гэж болохоор. МСДН, МАШСН тэгснээ Эх
орон нам, МҮШН, БНН, АТН, ИЗН хамгийн сүүлд МНН улсын их хуралд
суудалтай болсон. Эдгээр намууд УИХ-д нэр төдий л суудалтай байсан
болохоос биш хэзээ ч бүлэг байгуулах тооны суудал авч байгаагүй,
Үндэсний хэмжээний нам болж чадаагүй, улс төрд тогтвортой оршин тогтнож,
төлөвшиж чадаагүй байна.

Гурав дахь хүчний орон зай, энэ тэр гээд олон жил ярилаа. Эрх баригч
хоёр “том нам” –аас өөр дорвитой том нам Монголын улс төрийн орон зайд
бараг байхгүй байсаар 20-оод жил өнгөрсөн гэхэд болно. Бусад нь бага
намуудын бүсэд даруухнаар хөвсөөр л, тэрүүхэндээ доргиод л, доргиод ч
гэж чичирсхийгээд л эргээд нам гүм болох төдий. Тиймээс хоёр “том
нам”-ын дотоод хэрүүл зөрчлийг Монголын улс төр гэж хэлж болохоор.
Ардчилсан намын дотоод ротаци, ҮЗХ-ийн сонгууль, МАХН-ын бага хурал,
нэрээ сольж МАН болсон, 13-ын бүлэг, дөрвийн бүлэг, МАХН-ын жирийн
гишүүд нэрээ хадгалж үлдэхээр онц их хурал зарлалаа, МАХН –аа шинээр
бүртгүүлнэ гэнэ гэхчилэн, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч энэ намуудыг
тойрон эргэлдэнэ. Монголын улстөрийн огторгуйд хоёрхон л хүндийн төв
байгаа болохоор аргагүй юм уу даа.

Гэтэл энэ хоёр хүндийн төв нь түр ч юм уу бүр ч юм уу давхцаж, тойрон
эргэлдэж байсан дагуулууд нь учраа олохгүй үймэн шуугиж, мөргөлдөж,
тарж давхиад тэнцвэр алдагдаж эхэллээ. Дараагийн тэнцвэр тогттол энэ
байдал үргэлжлэх байх. Яг энэ үед нэг хөгтэй явдал болж байна. Дээд
шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа бол Монголын “гурав дахь” нам болох
Монголын ногоон нам анхаарлын төвд ороод ирлээ. Бүртгүүлсэн дараалал нь л
гуравт болохоос биш, гишүүнчлэл, санхүүжилт, боловсон хүчин, улс төрд
гүйцэтгэх нөлөөллөөрөө хэзээ ч гуравт орж байгаагүй.

Улстөрийн нам хэдий чинээ “том” байна төдий чинээ асуудал үргэлж л
байдаг. Гэтэл Монголын ногоон намд том намуудад тохиолддог асуудлууд бий
болжээ. Намаа ИЗН-тай нэгтгэхгүй гэсэн зарим гишүүд нь эсэргүүцэл
үзүүлж, хэвлэлд хандаж, бүр намын даргаа намаас нь хөөчихсөн тухай
хэвлэлээр ярилаа. Хэнийх нь зөв бурууг хэн мэдэх билээ, хэнийх нь зөв
бурууг шүүх эрх хөндлөнгийн хүнд байхгүй, хэн нь зөв буруу гээд гадны
хүнд ямар хамаа. Ердөө л МНН-д том намуудын асуудал зовлон тохиолдож.
Одоогоор ийм “том” асуудал МНН-д л байгаа болохоор, одоохондоо Монголын
гурав дахь “том нам” болчихоод, анхаарал татаад байна. МНН-д чичрэлт
болж байна. Яг жинхэндээ улстөрийн гуравдагч хүч болтол лай ч байна, зай
ч байна.

http://bolod.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж