
Нийслэлийн хэмжээнд өчигдөр ахуйн галын 12 дуудлага ирснээс Аврах, гал унтраах ангиуд 10 дуудлага дээр ажиллаж, иргэд хоёр галыг өөрсдөө унтраасан байна. Галын дуудлагын ихэнх нь байшин, автомашин шатсан дуудлага байжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Консулын 12 дугаар гудамжинд 7х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 7х13 метрийн хэмжээтэй хоёрдогч түүхий эд нөөцлөх агуулах шатсан байна. Мөн Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо Бага гүний нэгдүгээр гудамжинд 3х5 метрийн хэмжээтэй байшингийн шалны хэсэг, Баянгол дүүргийн долдугаар хороонд 2х2 метрийн хэмжээтэй гутал засварын газрын шалны хэсэг, Хан-Уул дүүргийн зургадугаар хорооны Нүхтын 15 дугаар гудамжинд 8х9 метрийн хжмжээтэй өвлийн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг тус тус унтраажээ.
Автомашин шатсан дуудлагын хувьд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Баруун Алтан Өлгийн 35 дугаар гудамжинд “Ниссан транно” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг, тус дүүргийн зургадугаар хороо 22 Б байрны хойд талын ил зогсоолд “Исүзү Бигхорн” загварын суудлын амтомашины хөдөлгүүрийн хэсэг, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Морингийн Даваа автобусны эцсийн буудлын хажууд “Мазда Демо” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг унтраасан байна.
Харин Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны Дэнжийн наймдугаар гудамжинд 9х12 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний яндангийн хэсэг, мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо Толгойтын 67 дугаар гудамжинд таван ханатай гэрийн хатавчны хэсэг шатаж байсныг иргэд өөрсдөө унтраасан аж.
П.Наран