Ашигт малтмалын хуулийг нийгэм хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.24-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын хуулийг нийгэм хүлээж байна

ДАХИН ӨӨРЧЛӨГДӨХ ХУВЬТАЙ ХУУЛЬ

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх халуухан сэдвүүдийн нэг нь яах аргагүй
Ашигт малтмалын тухай хууль. Олон удаа зүсээ хувиргасан эрдэс баялгийн
салбарын хамгийн том хууль маань дахиад л “мэс засал”-д орох нь.
1988 онд баталсан Газрын хэвлийн тухай хуулийг хамаагүй муучилж,
хүчингүй болгож болохгүй гэж өмөөрөх хүн цөөнгүй бий. Энэ хууль хүчин
төгөлдөр үйлчилж байсан ч зах зээлийн шаардлагаар хувийн хөрөнгөөр ашигт
малтмал хайх, олборлох харилцааг зохицуулахаас аргагүй болсон. 1994 оны
Ашигт малтмалын  тухай хууль ийнхүү  уул уурхайн ертөнцөд  эрх зүйн цоо
шинэ орчныг бүрдүүлэх хувь  тохиолоор мэндэлсэн учиртай.  Харин 1997
оны хууль Монголд “гадаадын хөрөнгө оруулалтыг татаж оруулсан” гэдгээрээ
түүхэнд нэрээ тод  үлдээсэн юм.  
Дэлхийн зах зээл дээр ашиг малтмалын үнэ өсч, Азийн Монгол руу чиглэсэн
уул уурхайн хөрөнгө оруулалтын урсгал идэвхжсэн хэдий ч өнөө л хууль эрх
зүйн бэлтгэл муутай орчин  олон сөрөг үр дагаврын эхлэл болж, Ашигт
малтмалын хуульдаа дахин гар дүрсэн нь 2006 оны явдал. Уг нь аливаа эрх
зүйн дэглэмийг хуульчлахдаа улс орны төсөв санхүүгийн бүрдэлт,
хуваарилалт, жил бүрийн өсөлтийг хангах чиглэлийг баримталж хуульд
нэмэлт өөрчлөлт засвар оруулдаг тогтсон стандарт бий. Гэвч хууль
тогтоогчид уг хуулийг “шинэчилсэн найруулгын засвар” нэрийн дор зон олон
нозоорон байдаг халуун зунаар баталж, нийгэм даяар  “шинэ хууль” гэж
зарласан билээ. Энэ хууль олон нийтийн  зүгээс өнөөдрийг хүртэл асар их
шүүмжлэл дагуулсаар өнөөдрийг хүрэв.
2008 онд нэг удаа, 2009 онд гурван удаа, 2010 онд нэг удаа нэмэлт
өөрчлөлт орсон гэдгээрээ Ашигт малтмалын тухай хууль гадна, дотныхны
“шантааж”-аар хамгийн олон удаа өнгө төрхөө өөрчилсөн гэх боловч 
үнэндээ уул уурхайн салбарыг бодлогын хэмжээнд авч явах цогц хууль болж
чадаагүй юм. Магадгүй Монголыг хууль эрх зүйн тогтворгүй орон гэж
гадныхныг хэлэхэд энэ хууль тодорхой хэмжээгээр нөлөөлсөн биз ээ.
“Ашигт малтмалын хуулийн тухайд ойр ойрхон өөрчлөлтүүд ордог. Геологи,
уул уурхайн салбарын хууль эрх зүйд худалч хүнд унтаад сэрэхэд л нэг
өөрчлөлт орчихсон байдаг гэж хөрөнгө оруулагчид ярьж байна. Энэ нь хууль
хэрэгжүүлэх үүрэгтэй Ашигт малтмалын газарт бэрхшээл учруулдаг юм. Бид
тоглоомын дүрмээ нэг мөр ойлгомжтой болгох ёстой” хэмээн Ашигт малтмалын
газрын дарга Д.Батхуяг “The Mongolian Mining Journal”-д өгсөн
ярилцлагадаа онцолсныг эргэн сануулъя. Уул уурхайн үйлдвэрлэл гэдэг урт
хугацааны процесс. Тиймдээ ч энэ салбарт хөрөнгө оруулсан хүмүүс их
эрсдэл хүлээдэг. Олон жилийн дараа ашгаа олдог хүнд салбар тул ойр
ойрхон өөрчлөгдөөд байдаггүй нэг цул, сайн Уул уурхайн хуультай болъё
гэж санал дэвшүүлж байгаа хүмүүсийг ч буруутгах аргагүй.

 БУДИЛСАН ЗААЛТУУД

Ашигт малтмалын тухай хууль нь дан ганц ашигт малтмалын эрх зүйн
зохицуулалтыг хангах ёстой гэвэл эндүүрэл. Эрх зүй гэдэг өргөн
агуулгатай. Яг энэ талаас нь ашигт малтмалтай холбоотой бусад олон
хуулийн хэм хэмжээг Ашигт малтмалын тухай хуульд шингээж өгөх учиртай
гэж судлаачид үздэг. Жишээ хэлэхэд,  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай
зөвшөөрлийн хууль гэж том салбар хууль. Уг хуулиар олгогдсон тусгай
зөвшөөрлийг хүчингүй болгох боломжтой. Гэтэл Ашигт малтмалын тухай
хуульд ч ийм заалт бас бий.

 Маш тодорхой зүйл дээр энэ хоёр хуулийн алийг нь хэрэглэх юм бэ гэж
гайхашрах хүмүүс олон. Уг нь иймэрхүү тохиолдолд хоёр хуулиас илүү
нарийвчилсан хуулийг нь түрүүлж хэрэглэдэг Иргэний хуулийн зарчим
байдаг. Ижил утгатай, давхардсан энэ мэт заалтуудаас болж хууль
хэрэгжүүлэгч байгууллагууд хувийн хэвшлийнхний  өмнө  хий дэмий элдэв
тайлбар тоочдог болоод байгаа.
Өөр нэгэн жишээ. 2009 онд Цөмийн энергийн тухай хуулиар цацраг идэвхт
ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх эрх
нь Цөмийн энергийн газрын эрх үүрэгт хамаардаг болсон. Энэ бас л
маапаантай заалт. Цацраг идэвхт болон энгийн ашигт малтмал ихэвчлэн хамт
агуулагддаг. Тэгэхээр яалт ч үгүй нэг талбайд нэг хүдрийг олборлохын
тулд хоёр өөр тусгай зөвшөөрөл олгохоос аргагүйд хүрчихээд байна.
Түрүүлж өргөдлөө гаргасан хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах эрхтэй
гэж үзье. Тэгвэл Ашигт малтмалын газар, Цөмийн энергийн газар хоёрт
бүртгэгдсэн өргөдлүүдийн алиныг нь түрүүлж ирсэн гэх вэ хэмээн хуулийн
мэргэжилтнүүд бас л гайхаж сууна.

 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтөөр Эрдсийн
хуримтлал гэсэн ухагдахуун орж ирсэн.Хамгийн муу үгийг хуульд суулгаж
өгсөн гэж геологчид ярьдаг. “Овоолоостой шороо хүртэл эрдсийн хуримтлал
болдог. Тэр утгаараа Монголын 1.5 сая га газар нутаг бүхэлдээ эрдсийн
хуримтлалтай” гэж тэд хэлж байна. Гэтэл яг үүнийг “Эрдсийн хуримтлал
гэнэ ээ“ гэж заагаагүй нь өнөөдөр хуулийн том цоорхой болчихож. Шинээр
батлах хуулийн заалтуудаа хоёргүй ойлголтоор нарийн тодорхойлж өгөхгүй
бол өргөдөл барьсан гомдол мэдүүлэгчдийн тоо буурахгүй нь. 

 СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ОРД МӨН ҮҮ, ЭСВЭЛ…

Одоо мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд  ажиглагдаж байгаа нэг
сонин зүйл  нь Стратегийн ордтой холбоотой тодорхойлолт. Салбарын
мэргэжилтнүүд хүртэл үүнийг “хоёрдмол утгагүй болгож өгөөч” хэмээн хууль
тогтоогчдоос хүсч байна. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн
4.1.12 дахь “Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн
засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын
дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн
үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжийн ордыг Стратегийн ач
холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үзнэ” гэж заасан. Учир нь, уг
заалтын шалгуур үзүүлэлтээр жижиг ордууд “Бүс нутгийн эдийн засаг,
нийгмийн хөгжилд нөлөөлөх боломжтой” гэсэн нь сунжирсан маргааны эхлэл
болов. Ердөө 100 орчим килограммын нөөц бүхий алтны шороон орд илрэхэд л
бүс нутгийн хөгжилд нөлөөлөхүйц болчихно. Алслагдсан аймаг, сумын дэд
бүтэц хөгжөөгүй, орон нутгийн төсөв бүрдүүлэлтэд дорвитой нэмэр
үзүүлдэггүй junior компаниудын эзэд энэ талаар төрийн эрх мэдэлтнүүдэд
байр сууриа чадах чинээгээрээ илэрхийлэвч үнэндээ тэднийг  тоож сонсох
хүн цөөхөн. “Дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний
бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой” гэсэн шалгуур
үзүүлэлтийг тогтоосноор яг хэдэн оны ДНБ-тэй ашигт малтмалын ямар
хугацааны олборлолт борлуулалтын зах зээлийн үнийг харьцуулсан нь мөн л
тодорхойгүй.

ДНБ эдийн засгийн өсөлт бууралтаас хамаарч тогтворгүй байдаг
“бичигдээгүй хуультай”. Үнэт металлын зах зээлийн ханш дэлхийн зах зээл
дээр огцом хэлбэлздэг учир яг энэ шалгуураар ашигт малтмалын ордыг
үнэлэх нь ихээхэн учир дутагдалтай гэж салбарын эрдэмтэн, судлаачид
ярьдаг. Чухамдаа металлын зах зээлийн үнэ өсөхөд жижиг ордуудыг
Стратегийн ач холбогдолтой ордод хамруулахаас аргагүй болно, харин зах
зээлийн үнэ буурсан тохиолдолд эргээд жагсаалтаас хасахад хүрнэ. 

Дэлхийн эрдэс баялгийн зах зээлд газрын тос, эрчим хүчний үнэ байнга өсч
буйтай холбогдуулан Монголын коксжсон нүүрсний 500 сая тонноос дээш
хэмжээтэй нөөц бүхий ордыг Стратегийн ордод хамруулах боломжтой гэж
эдийн засагчид үздэг. Ордын нөөцийн хэмжээ, төрлөөс нь шалтгаалаад
Стратегийн ач холбогдолтой ордын шалгуур үзүүлэлтийн өндөр босго тавьдаг
жишиг олон улсын практикт бий. Тухайлбал, АНУ-д зэсийн ордыг 5 сая
тонноос дээш, ОХУ-д 500.000 тонноос дээш хэмжээний нөөцтэй байвал
Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад хамруулна гэсэн шалгуур
үзүүлэлт үйлчилдэг юм билээ. Намрын чуулганаар эрхэм гишүүд Ашигт
малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэхдээ
юун түрүүнд Стратегийн ордын талаарх хуулийн тодорхойлолтыг цэгцэлж, 15
томоохон ордын жагсаалтыг дахин нягталж үзэх  нь зүйтэй болов уу.

ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗЭЭР ОЛБОРЛОЛТ ХИЙХЭЭ ЗОГСООЁ

Одоогийн Ашигт малтмалын тухай хуулийг уул уурхайн үйл ажиллагааг
зохицуулах боломж тааруу, “Лицензийн бүртгэлийн хууль” гэх шүүмжлэл
өрнөдөг. Лиценз олголтын тухайд үндсэндээ 1997 оны Ашигт малтмалын тухай
хуулиар зохицуулагдаж байгаа учир зөвхөн хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр л
хайгуул хийх эрхтэй байдаг. Энэ нь гадныхан Монголд хайгуулын лицензийг
хөрөнгө мөнгөөр түрий барин худалдаж авчихаад хууль бусаар ашиглалт 
явуулах боломж олгосон гэхэд хилсдэхгүй. Мэргэжлийн хяналтынхан тэдний
араас байнга хөөцөлдөн, байгаль орчинд учруулсан хохирлыг нь тооцох гээд
ёстой чөмгөө дундартал гүйдэг.
Харин Ерөнхийлөгчийн санаачлагаар УИХ-аас шийдвэр гарч, хайгуулын лиценз
олголтыг 2010 оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зогсоосон нь
дээрх хууль бус үйлдэлд бага ч болов хязгаарлалт хийсэн билээ. Хайгуулын
талбайгаа бусдад хэсэгчилж шилжүүлэх, худалдах бизнес газар авч байна.
Ингэж  хэсэгчилж шилжүүлэх явдлыг хуулиар зогсоох л үлдэв.

Тиймээс лиценз олголтыг Монгол Улсын бусад хуультай, бүр тодруулбал
Газрын тухай хуультай холбох нь зүйтэй хэмээн судлаачид зөвлөж  байгаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 520.9 мянган га талбайг хамарсан
ашиглалтын 1149, 25.7 сая га талбайг хамарсан хайгуулын 3048, нийтдээ
26.2 сая га талбайг /Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 16.7
хувь/ хамарсан 4197 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр үйлчилж буй.

Үнэндээ хайгуулын лицензийг гадныханд ихээр олгох болсон нь үндэсний
аюулгүй байдлыг алдагдуулах хэмжээнд хүргэсэн гэж ярьдаг хүмүүс ч бий.
Гэхдээ “1997 оны Ашигт малтмалын тухай хууль гадны хөрөнгө оруулалтыг
Монгол руу нэгэнт татсан юм бол одооноос тэрхүү хөрөнгө оруулалтыг
Монголдоо шингээж үлдээх тал дээр хуулийн зохицуулалтыг хийж өгөх
хэрэгтэй. Үүнийгээ хөрөнгө оруулагчдын санаа сэдлээр биш, ард түмэнд
баялаг хуваарилах өнцгөөс харах хэрэгтэй” хэмээн нөлөө бүхий эдийн
засагчид төр засагт учирлаж байсан.  Одоо үйлчилж буй Ашигт малтмалын
тухай хуульд нэг гайхмаар заалт орж ирсэн нь ашигт малтмалын ашиглалтын
лиценз, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж буй хугацаа хоёр хоорондоо алд
дэлэм зөрж буй явдал.

Оюутолгой ордыг ашиглах лицензийн хугацаа 25 жилийн дараа дуусахаар
байхад 30 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан.
Тиймээс лиценз сунгах эсэх асуудлыг үүн шиг нэг гэрээгээр урьдчилаад
шийдчихэж болохгүй гэдгийг хууль тогтоогчид анхаарах цаг ирсэн байна.

ӨСӨН НЭМЭГДЭХ РОЯЛТИЙН ТАТВАРЫГ ЯЛГАВАРТАЙ ТОГТООХ УУ

Монгол улсын жил жилийн төсвийн голыг зэсийн экспорт бүрдүүлсээр ирсэн.
2011 оны хувьд “Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого”-д
зэс, нүүрснээс төвлөрөх орлого хамаарч буй учир энэ жил зэс, нүүрс
төсвийн ачааны ихэнхийг үүрэх юм. Үүнтэй уялдуулан Ашигт малтмалын тухай
хуулийн 47 дугаар зүйл буюу “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр”-т
нэмэлт өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа. Гэнэтийн ашгийн 68 хувийн
татвар ирэх жилээс цуцлагдах бөгөөд оронд нь өсөн нэмэгдэх роялти
авахаар болсон ч 68 хувийн татварын орлогын тал хувийг ч бүрдүүлж
чадахгүй. Өнөөдөр мөрдөгдөж байгаа ашигт малтмалын нөөц ашигласны 5
хувийн төлбөрийг шаталсан хэлбэрээр нэмэгдүүлэх ч “Эрдэнэт” үйлдвэрт
15-20 хувийн татварыг ялгавартай ногдуулах эсэх тухай хууль тогтоогчид
хүчтэй ярьж байна.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хэвлэлийнхэнд “Эрдэнэт” үйлдвэрт 20 хувийн
татвар тогтоовол Зэс хайлуулах үйлдвэр байгуулах ажил бүтэхгүй шүү дээ.
Ингэж төр өөрийнхөө бодлогыг унагах хэрэг байна уу” хэмээн учирлаж
байсан. Засгийн газрын тооцсоноор ашигт малтмалын өсөн нэмэгдэх роялтийн
татварыг бүх төрлийн металлд 5 хувиар тогтоовол улсын төсөвт 58 тэрбум
төгрөгийн орлого төвлөрнө. Харин уг татварыг зөвхөн зэсэнд өндөр хувиар
тогтоох юм бол төсөвт 150 тэрбум, нийтдээ 209 тэрбум төгрөг нэмэгдэж
орно.   
 Өсөн нэмэгдэх роялтийг шаталж нэмэгдүүлж болох ч гол нь Импортын татвар
зэрэг бусад татвартай уях хэрэгтэй гэсэн эдийн засагчдын санаа
авууштай. Ингэвэл хөрөнгө оруулагчид үйлдвэр байгуулахын тулд ядахнаа
орчин үеийн, дэвшилтэт технологиудыг Монголд олноор нь оруулж ирэх
бололцоо бүрдэнэ.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ОРОН НУТАГТ

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувь нь орон нутагт шингэж
үлдэнэ гэж хуульд заасан ч үнэндээ энэ нь Нэгдсэн төсвийн тухай
хуультайгаа зөрчилддөг. Нэг үгээр уг төлбөрийн давсан хэсэг нь шууд
нэгдсэн төсөв рүүгээ шилжчихдэг. Сумдын Иргэдийн хурал тодорхой эрх
мэдэлтэй хэрнээ одоохондоо төсөв хэлэлцэх боломжгүй. Тиймээс Ашигт
малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар бол нөөц ашигласны 10 хувийг
орон нутаг авахаас гадна ашиглалт явуулж буй компани ТЭЗҮ-ээ
батлуулахдаа орон нутгийн хөгжилд тодорхой мөнгө тусгадаг. Энэ нь
Иргэдийн хурлаар хэлэлцэгддэг, эцэст нь орон нутаг шийдвэрээ гаргадаг
тогтолцоог бүрдүүлэх шаардлага гарч байна. Аж ахуйн нэгжүүдийн байгаль
орчны нөлөөлөх үнэлгээний ердөө 2-3 хуудас нь орон нутгийн хөгжилтэй
холбогддог. Тиймээс  байгаль орчинд нөлөөлөх байдал болон нөхөн
сэргээлтийг ямар аргачлалаар явуулж, хэдий хэмжээний газар хайгуул хийх
вэ, хэдэн цооног тавих вэ, хэр хүчин чадалтай машин, механизм орон
нутгийн байгаль орчинд нөлөөлөх вэ гэдгийг Ашигт малтмалын тухай хуульд
нарийн тодорхой тусгаж өгөх хэрэгтэй хэмээн Өмнөговь аймгийн Цогтцэций
сумын Засаг дарга  Г.Цог-Өрнөх сануулж байв.
Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын лиценз олголтыг аж ахуйн
нэгжийн ТЭЗҮ-тэй  холбож, тухайн  аймаг, сумын хот төлөвлөлттэй сайтар
уялдуулж байх нь илүү оновчтой алхам гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар
байгаа. “Эрдэнэс Монгол” ХХК  кэмп байгуулсан газар дээрээ 10.000 оршин
суугчтай, “Энержи Ресурс” 15000 хүнтэй хот байгуулна гээд тус тусдаа
ТЭЗҮ-гээ боловсруулсан бол “Шинхуа-МАК” бас нэг хот төлөвлөлттэй. Гэтэл
төсвийн хөрөнгө оруулалтаар амь зуудаг зэргэлдээх сумд өөрийн хот
төлөвлөлтөө энэ бүгдтэй огт уялдуулсан зүйлгүй, хөгжлийн жимээр яаж
явахаа мэдэхгүй л сууж байна. Одоогийн Ашигт малтмалын тухай хуульд энэ
мэтээр орон нутгийн хөгжил, дэд бүтэцтэй холбогдсон тодорхой зүйл
заалтууд байхгүйгээс уул уурхайн салбарын бодлого эмх замбараагүй явж
байна гэх шүүмжлэл гарч байгаа юм. Үнэхээр ч энэ талаас нь харвал Ашигт
малтмалын хуулиа улам боловсронгуй болгох шаардлага тулгарч байна.
Юутай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, Ашигт малтмалын тухай
хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагч П.Цагааны хэлснээр 
Ашигт малтмалын тухай хуулийн төслийг эхлээд олон нийтийн санаа бодолд
тулгуурлан боловсруулж Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим болон
хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан түмэн олноороо хэлэлцүүлэх юм
байна.  Үүний үндсэн дээр эцсийн төслийг УИХ-д өргөн барина. Чухам тэр
цагт л дахин эрдэс баялгийн салбарын хамгийн том хууль маань иргэдэд
ойлгомжтой, хоёргүй заалттай, үндэсний аюулгүй байдлаа эрхэмлэсэн
агуулгатай болно.


Г.ИДЭРХАНГАЙ




The Mongolian Mining Journal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж