
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийж, МАХН-ын нэрийг сэргээх бүрэн боломж байгаа тухай онцоллоо. МАХН-ын Түр штаб болоод хуульчид өнгөрсөн хугацаанд ажиллаж, хууль эрх зүйн хүрээнд энэ нэрийг сэргээх бүрэн боломж байгааг баталгаажуулж чадсан аж. Гэхдээ саад бэрхшээл их гэнэ. Учир нь МАХН-ын Түр штабаас Үндсэн хуулийн цэцэд хандан гомдол гаргасан байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийнхэн МАН-руу утасдан МАХН-ын Түр штабаас гомдол гаргалаа гэдгийг тэр даруй утас цохиж мэдэгдсэн. Мөн тус штабынхан Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан МАХН нэрийг сэргээх лавлагааг авах гэсэн боловч, өгөлгүй нэг сар болж буй юм байна. Уг нь МАН-ынхан тус газраас МАХН нэрээ өөрчлөн МАН нэрээ авахад ердөө 15 минут л зарцуулж байсан. Энэ нь Монгол Улс авлига хээл хахуульд идэгдсэний шинж гэж тэрбээр тодорхойллоо. Намын удирдлагуудын заавраар ажиллаж суудгын жишээ гэв. Мөн хаанаас, хэн ямар гомдлыг Үндсэн хуулийн цэцэд мэдүүлснийг мэдээлж суугаа нь Монгол Улсад ажил хуулийн дагуу явж байна гэж хэлэхэд бэрх байна гэсэн юм.
МАХН-ын Түр штабын ахмад гишүүд төрийн бус байгууллага байгуулан ажиллахаар болж, зөвшөөрөл хүстэл мөн хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөөгүй юм байна. Хэдий тийм ч одоогийн байдлаар тус штаб 10 мянган гишүүнтэй 10 гаруй үүртэй болоод байна. Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байдаг болохоос биш, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага байдаггүй юм аа гэжээ. Тиймээс тун удахгүй УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН-ын Түр штабт үзүүлж байгаа хууль бус үйл ажиллагааны тухай мэдээлэл хүргэхээ мэдэгдлээ.
Г.Дарь