21 мянга сураг төдий байгаа ч олгоно гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

21 мянга сураг төдий байгаа ч олгоно гэв

Ирэх оноос иргэн бүрт сар тутам 21
мянган төгрөг олгохоор болж 720 тэрбум төгрөгийн санхүүжилтийг ирэх оны
төсөвт суулгасан. Харин энэхүү мөнгө ирэх оноос “Хүний хөгжил сан”-д
орох боломж бий эсэхийг сурвалжиллаа.

Төсвийн мөнгөнд зохицуулалт хийх ёстой Сангийн яамны Төсвийн бодлогын
газрын Зарлагын хэлтсийн дарга Б.Нямаатай уулзаж, ирэх онд тараах эх
орны хувь, хишгийн санхүүжилтийн талаарх мэдээллийг авсан юм.

Б.НЯМАА: “ЭРДЭНЭС МГЛ”
ХК-Д САНХҮҮЖИЛТИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭХ ҮҮРЭГ ӨГСӨН

-Ирэх сараас эхлэн иргэн бүр сард 21 мянган төгрөгөө авах боломжтой юу?

-Ирэх оны төсөвт тусгасан учраас авна шүү дээ.

-Төсөвт тусгасан ч санхүүжилт нь тодор­хойгүй байгаа шүү дээ. Ямар эх үүсвэрээс энэ мөнгийг санхүүжүүлэх юм бэ?

-Засгийн газраас “Эрдэнэс МГЛ” ХК-д “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн
урьдчил­гаа төлбөрийг авах замаар энэхүү мөнгөгийг олох үүрэг өгсөн.

-Нийт 720 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа. Үүнийг
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн урьдчилгаа төлбөрөөс бүрдүүлэх боломж­той
юм уу?

-Мэдээж боломжгүй. 2011 онд Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх
төсвийг Хүний хөгжил сангийн хуулинд заасны дагуу олон эх үүсвэ­рээс
бүрдүүлнэ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн урьд­чил­гаагаар
338.9 тэрбум, ашигт малт­малын нөөцийн төлбөр болох 70 хувь болон
ноогдол ашгаас 309,2 тэр­бум, “Оюутолгой”-н урьдчилгаа төлбөрөөс 13.2
тэрбум, энэ оны төсвийн үлдэгдлээс 33 тэрбум төгрөг гаргахаар тооцож
байна.

-“Хүний хөгжил сан”-д 720 тэрбум төгрөгийг бөөнд нь байршуулах
боломжгүй. Тэгэхээр энэ мөнгийг 12 хувааж, сар бүр олгох мөнгийг “Хүний
хөгжил сан”-д төвлөрүүлэх нь мэдээж. Гэтэл Засгийн газраас “Иргэ­д
нэгдэж жижиг, дунд үйлдвэр байгуулбал жилийнхээ мөн­гийг бөөнд нь авч
болно” гээд мэдээл­чихсэн. Хэрэв хүмүүс нийлж мөнгөө бөөнд нь авах
тохиолдол их гарвал мөнгө хүрэхгүй хэцүүхэн байдалд орно. Үүнийг яаж
зохицуулах вэ?

-Тухайн үед нь үүнийг зохицуулах Засгийн газрын тогтоол, журам
гарна. Энэ асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан шийдэхээр
судалгаа хийж байгаа.

Тэрбээр ингэж ярив. Эл ярианаас дүгнэвэл, 21 мянган төгрө­гийн
санхүүжилт сураг тө­дий байгаа аж. Харин Нийгмийн хамгаа­лал,
хөдөлмөрийн яамныхан “Ямар ч судалгаа хийгээгүй. Энэ мөнгийг өгөх эсэхээ
Засгийн газар сайн шийдээгүй байхад ажил болгох болоогүй. Тэгээд ч
төсвийн мөнгөө хэрхэн хуваарилах нь Сангийн яамныхны ажил. Манайх зөвхөн
тараах л үүрэгтэй” гэсэн хариултыг өгч байлаа. Тиймээс халамжийн
мөнгөний “гал тогоо” гэгддэг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын
Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнтэй уулзсан юм.     

Д.ЧОЙЖИЛСҮРЭН: МӨНГӨӨ БӨӨНД НЬ АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН МӨНГИЙГ БЭЛНЭЭР ОЛГОХГҮЙ

-Ирэх сараас иргэн бүр 21 мянган төгрөг авч эхэлнэ. Иргэд нэг
жилийнхээ мөнгийг буюу 252 мянган төгрөгөө бөөнд нь авч болно гэсэн.
Мөнгөө бөөнд нь авах хүмүүст ямар шаардлага тавих вэ?

-Ирэх жилийн мөнгийг энэ оных шиг бэлнээр тараахгүй. Ажлын байр, жижиг,
дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж авах хүмүүст жилийнх нь мөнгийг бөөнд
нь олго­хоор болсон. Энэ мөнгийг авах хүсэл­тэй хүмүүс нэгдэж, төсөл
бичих ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Тэгээд шалгарсан хүмүүсийнх нь
мөнгийг тухайн тоног төхөөрөмж худалдаж авах компанийнх нь дансанд шууд
хийх юм.

-Банкинд төсөл бичиж очих юм уу?

-Хөдөлмөр, халамж үйлчилгээ­ний газарт энэхүү төслөө өгөх юм. Үүний
дараа иргэдийн хүсэлтийг Сан­гийн яаманд уламжилж, материалыг нь
бүрдүүлж өгнө.

-Хүмүүст их хэмжээний мөнгө хэрэгтэй болсныг далимдуулан компаниуд
дансаа ашиглаж мөнгийг нь авч өгөөд 10 хувийн суутгал авч бизнес хийх
тохиолдол гардаг. Энэ байдлаас яаж сэргийлэх вэ?

-Үүнийг бодолцож үзсэний үндсэн дээр хишиг, хувь олгох журмыг өөрчлөхөөр
ажиллаж байна. Тиймээс төсөлд нь нэлээд нарийн шалгуур тавина.
Ямартай ч эрх баригчдын саналыг хэрэгжүүлэхээр төрийн албаныхан бүх л
бололцоогоо дайчлан ажиллаж байгаа гэдэг нь дээрх хариултуудаас харагдаж
байгаа юм. Санхүүжилт нь тодорхойгүй ч мөнгө олгох ажлыг нэлээд сайн
хийж байгаа бололтой.  

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж