Арванхоёрдугаар сарын 23

Хуучирсан мэдээ: 2010.12.23-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 23

Эзэн хааны төрсөн өдөр

Японы эзэн хаан Акихито

Өнөөгийн эзэн хаан Акихито 1933 оны арванхоёрдугаар сарын 23-нд төржээ. Жонон Акихитог Коид­зуми багш хү­мүү­жүүлсэн ба англи хэл болон барууны соё­лыг хүүхдийн нэр­тэй зохиолч эмэг­тэй Элизабет Грей Вининг зааж байлаа. Долоон настайгаасаа эхлэн язгууртнуудын хүүхдийн Гакусюин сургуульд 12 жил суралцсан байв. Сургуулиа төгсөөд жонон Гакусюин их сургуулийн улс төр, эдийн засгийн факультетад ороод 1956 онд амжилттай төгсчээ. Жонон 19 насандаа хаан ширээ залгамжлагчаар албан ёсоор зарлагдсан байлаа. Оюутан байхдаа II Елизавета хатан хааны хаан ширээнд суух ёслолд айлчлан очиж байлаа. Хаан ширээ залгамжлагч 26 насандаа гурилын компанийн эзний охин Сёда Митикотай гэрлэн анх удаагаа язгууртны биш хүрээнээс эхнэр авсан эрхэм дээс болжээ. Жоногийн сонголтыг Эзэн хааны зөвлөл зөвшөөрсөн байлаа. Акихито түүх, биологи, ихтологи, теннис, морин спорт сонирхдог. Далайн буххан гэдэг загасны судалгаагаар хийсэн 25 бүтээлтэй. 1986 оноос биологиудын олон улсын нийгэмлэгийн гишүүн. Акихито,  Митико хоёр хоёр хүү, нэг охиноо асрагч наргүйгээр өөрсдөө хүмүүжүүлжээ. Эцгийгээ нас барсны дараа тэрээр 56 насандаа Японы эзэн хаан болжээ.

Египетийн арми Порт-Саид хотыг эзэлсний баяр

Порт-Саид Египетийн Зүүн хойд хэсэгт оршдог
Газар Дундын тэнги­сийн эрэгт Суэцийн сув­гийн хойд боомтын Порт-Саид (Port Said) хот 500 мянга гаруй хүн амтай нэг ёсны Еги­петийн далайн хаалга юм. Хотыг 1859 онд үндэс­лэн тэр цагт тус орныг захирч байсан Саид пашагийн нэрээр нэрлэжээ.  Порт-Саидыг 1882 оны намар Английн цэрэг эзэлсэн ба тэр цагаас уг хот Английн болон импералистуудын эсрэг тэмцлийн талбар болсон байв.  1956 оны арваннэгдүгээр сарын 5-6-нд Англи-Франц-Израилийн Египетийн эсрэг хийсэн булаан эзлэх дайны үеэр хотод Францын десантын эсрэг ширүүн байлдаан болон Египетийг эзлэх төлөвлөгөөг нураажээ. 1956 оны энэ өдөр хотыг бүрэн чөлөөлсөн байна.

Өдрийн ишлэл

“Парис мөргөл хийх хувьтай. (Paris vaut bien une messe.)”
(Францын хаан IV Генрих 1553 оны арванхоёрдугаар сарын 23 буюу хуучин тооллоор 13-нд төржээ.)
Энэ үгийг Генрих өөрөө биш түүнийг протестантаас католик шашин оруулахаар ятгаж чадсан олон тооны зөвлөхүүд нь хэлсэн гэдэг. Католик шашинтан ням гаригт мөргөл хийн номын дуу сонсох ёстой учраас л тэр.
IV Генрихийн ишлэлээс:
“Миний хаант улсын хөдөлмөрчин бүр ням гаригт үдийн хоолондоо тахиа идэж байхыг би хүснэ”
“Өшөө авалт эгшин зуурын таашаал авчрах ба энэрэнгүй, уужим сэтгэл мөнхийн таашаалыг өгнө”
“Дайснаасаа салах шилдэг арга нь түүнийг найзаа болгох”
“Сайн хоол, сайхан дарс бол дэлхийн диваажин”
“Ямар нэгэн хааныг тариачны гэрт хөнөөсөн гэж би дуулаагүй юм байна”

Үйл явдал

Жорж Вашингтон огцров

1783 он: АНУ-ын тусгаар тогтнолын төлөөх дайны (1775–1783) АНУ-ын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, түүхэнд бүрэн саналаар сонгогдсон АНУ-ын орын ганц ерөнхийлөгч Жорж Вашингтон (1732–1799) бүрэн эрхийн хоёр хугацааг дүүргээд гарав дахиас нь татгалзан огцорж ерөнхийлөгчийн хоёр удаа л сонгогдох хугацааны уламжлалыг эхлүүлжээ.

Огтолсон чихээ бэлэглэв

1888 он: Винсент Ван Гог № 1 цэнгээний газар ирж, Рашель гэдэг бие үнэлэгч бүсгүйг дуудуулан өөрийн огтолж тасалсан чихээ өгөөд “нүдний цөцгий мэт хадгалаарай” гэж хэлжээ
Энэ тухай арлын “Бүгд найрамдахчуудын чуулган” сонинд өгүүлсэн байв. Тэнд мэдээлс­нээр сэтгэцийн гажигтай гэх Ван Гогийг цаг­даагийнхан өглөө унтаж байхад нь гэрээс нь олж, бараг амьгүй түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Энэ түүхийг түүнтэй хамт өрөө хөлслөн сууж байсан Поль Гоген ярихдаа маргааны улмаас голланд зураач сахлын хутга аван дайрч Поль зугтан гарч буудалд хоносон гэнэ. Тэгээд Ван Гог уурандаа чихээ огтолсон байжээ. Гэхдээ түүний чихийг Гоген огтолсон гэх яриа ч байдаг.

Анхны хагас дамжуулагчийн хүлээн авагчийг танилцуулжээ

Анхны транзисторын хуулбар

1947 он: Америкийн физикчид: Уильям Шокли, Жон Бардин ба Уолтер Браттейн анхны таранзистораа нийтэд танилцуулжээ.
Транзистор нь гурван гаралттай, орж ирж буй дохиог цахилгаан гинжин урсгалд удирдах хагас дамжуулагчаас бүтсэн төхөөрөмж юм. Ердийнхөөр цахилгаан хэлбэлзлийг хувирган хүчлүүлэхэд хэрэглэдэг. Анхны ажиллагаатай транзисторыг 1947 онд Америкийн физикчид: Уильям Шокли, Жон Бардин ба Уолтер Браттейн нар Bell Labs лабораторид үзүүлсэн ба энэ өдрийг транзистор зохиогдсон эхлэл гэж үздэг. Эрдэмтэдэд “хагас дамжуулагчийг судлан транзисторын үр дүнг нь нээсэн” гэж 1956 онд Нобелийн физикийн шагнал олгосон байв. Жон Бардин удалгүй хэт дамжуулалтын онолыг нээсэн гээд дахин Нобелийн шагнал авсан юм.

Хожим транзистор нь вакуумын чийдэнг цахим төхөөрөмжид солин түүгээрээ интегралийн систем ба компьютер бүтээхэд хувьсгал хийжээ. Шинэ төхөөрөмжийн нэрийг Жон Пирс бодож олсон гэдэг. Эхлээд транзистор нь цахилгаан гүйдлийг удирдах резисторуудад хамаарагдаж байжээ. Үнэн хэрэгтээ түүнийг нэг электродын гүйдлийг зохицуулах ямар нэгэн хэлбэрийн эсэргүүцэл гэж төсөөлж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж