
Нийслэлийн прокурорын газрын прокурор Ш.Сүхбатыг УЕПГ-т хяналтын прокуророор томилж, харин түүний оронд тус газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Б.Бат-Оршихыг томилсон. Чингэлтэй дүүргийн прокуророор УЕПГ-ын хяналтын прокурор Д.Энхтөр томилогдож, тус дүүргийн прокурор Г.Бадамхандыг НПГ-ын хяналтын прокуророор томилжээ. Харин УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх Мөрдөн байцаах болон Хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийг нэгтгэж Улсын ерөнхий прокурорын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Л.Болд толгойлох болжээ.
Цагдаагийн байгууллагаас нэгэн дэд хурандаа Улсын ерөнхий прокурорын туслахаар томилогдсон байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд даргаар ажиллаж байгаад Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхдийн халамж, үйлчилгээний төвд ажиллах болсон дэд хурандаа О.Чулуунбаатар Улсын ерөнхий прокурорын туслах, гүйцэтгэх ажилд хяналт тавих албаны дарга болсон.
Одоогоор аймаг орон нутаг, дүүргийн 150 гаруй прокурор халгаа сэлгээнд орсноос нийслэлийн Прокурорын газраас 22 прокурор солигдсон байна. Тус газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга байсан Н.Алтангэрэлийг Баян-Зүрх дүүргийн прокуророор томилсон байна. Зарим прокуроруудыг орон нутагт ажиллах томилгоо хийсэн нь нэлээд олон хүнийг бухимдуулсан гэгдэж байсан. Гэхдээ тэд томилогдсон ажлаа хүлээн авч эхэлжээ. Хамт ажиллагсад болон олон нийтэд нэр хүндтэй гавьяат хуульч Т.Жадамбаад нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар томилсон нь нүдээ олсон томилгоо гэдгийг ч хамт ажиллагсад нь хүлээн зөвшөөрч буй. Харин тус газрын хоёрдугаар албаны хяналтын прокурор Ё.Сагсайг орлогчоор томилж нийслэлийн Прокурорын газрын нэг, хоёрдугаар албыг нэгтгэжээ. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр алба нэгдэж Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс болгосон аж. Албан бус мэдээллээр нийслэлийн прокурорын газрын орон нутагт томилогдсон зарим прокурорууд сэтгэл дундуур буйгаа удирдлагадаа илэрхийлсэн байна. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч Мөнхбат ч он гараад халгаа сэлгээнд өртөх бололтой. Гэвч тэрбээр сайн дураараа ажлаа өгөх болсон тухай өргөдлийг удирдлагадаа өгөөгүй гэсэн мэдээллийг сонин хэвлэлд өгсөн билээ. Харин учир мэдэх хүмүүсийн яриагаар тэрбээр удахгүй албан тушаал нь өөрчлөгдөж магадгүй гэж буй аж.