-“Тэнгэрийн морьд-5” үзэсгэлэнгийн онцлог юу вэ?
-Би мориор дагнан зурж эхэлсэн 2000 оноос хойш “Тэнгэрийн морьд” цуврал үзэсгэлэнгээ гаргаж байгаа. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь танхимаа хоёр хувааж зургуудаа дэлгэн харууллаа. Баруун жигүүрт нь миний шинэ стилийн буюу өөрийгөө янз бүрээр эвдэх гэж оролдсон эрэл хайгуулын зургууд. Нөгөө талд нь уламжлалт өмнө нь хийдэг арга барилаараа зурсан гээд нийт 88 бүтээлээ тавьсан байгаа. Заалаа хоёр хувааж зориуд хоёр хүний үзэсгэлэн шиг зохион байгуулсан.
-Яагаад үзэсгэлэнгээ “Тэнгэрийн морьд” гэж нэрлэсэн юм бэ?
-Миний морьд газарт байдаггүй тэнгэрт байгаа юм шиг хийсвэр маягаар зурдаг учраас “тэнгэрийн” гэж хэлж байгаа юм.
-Ер нь та яагаад зөвхөн морь зурдаг юм бэ?
-Би багаасаа л моринд дуртай байсан. Мориор амьсгалж байсан. Үүнд хамгийн том нөлөөлсөн хүмүүс гэр бүлийнхэн маань, тэд намайг морь зурахаар л магтаад өөр юм зурахаар тоодоггүй байсан. Зөвхөн морь зурсаар байгаад л моринд хайртай болоод морио харахаар омогшоод. Ер нь морийг харахаар гоо сайхан талаасаа фигурны зураг харагддаг. Эмэгтэй хүнийг гоо үзэсгэлэнтэй гэдэг бол морь бас хамгийн сайхан гоо сайхан амьтдын нэг. Тэр утгаараа модель натур болгоход гоё. Дээрээс нь би өөрөө эрч хүчтэй кантрасны хөдөлгөөн зурах дуртай. Үүнд морины сэдэв их зохицдог. Энд байгаа ихэнх бүтээлүүд маань омголон дайчин. Морины сэдэв миний өөрийн сэтгэл зүйтэй их таардаг сэдэв юм.
-Мориноос өөр сэдвээр зураг зурах уу?
-Би мориноос өөр сэдвээр зураа ч үгүй, цаашдаа ч зурах ч үгүй.
-Таны хамгийн хайртай бүтээл?
-Зураач хүний эрэл хайгуултай хэн ч давтаж чадахгүй техниктэй зураг маань. Үүнийг сайн ажиглавал морь байгаа. Морь гэхээсээ илүү техник эрэл хайгуул их орсон. Хэн ч үүнийг маань давтахааргүйгээр зурсан. Би өнгөрсөн жил Белгид үзэсгэлэнгээ гаргаад ирсэн. Тэгээд ер нь барууны ерөнхий стиль рүү орох нь зөв юм байна гэсэн ойлголт толгойд орсон байхгүй юу.
-Морь зурахын гоё нь юундаа байдаг юм вэ?
-Хамгийн гоё нь зургаа зурах гээд цагаан цаасны ард сууж байхад морины дүрс өөрийн эрхгүй орж ирдэг. Давхиж байгаа, тургиж байгаа нь нүдэнд харагдаад л. Тэгээд л зурна шүү дээ. Дээрээс нь зургаа төлөвлөснөөсөө илүүгээр санаандгүй гоё юм тэнд үүссэн тохиолдол бол энэ ертөнцөөс тасарсан хамгийн сайхан кайф юм. Морины сэдэв бол хүнд ихэднэ үү гэхээс багадахгүй том сэдэв. Насаараа хийгээд ч дийлэхгүй том сэдэв.
-Та морины талаарх мэдлэг зузаан биз?
-Нэг их судлаад яваад байдаггүй ээ. Гэхдээ морины талаарх бүх мэдээлэл дээр чих сортолзоно шүү.
-Зургуудын өнгөний шийдлийг хувьд бас өвөрмөц юм аа?
-Би өөрөө цоглог хурц гэрлийг сонгодог, эрч хүчтэй, хөдөлгөөн хардаг. Тэр утгаараа зүүн жигүүртээ хуучин уламжлалт арга бүхий өнгө, дүрс бужигнасан, хурц тод гэрэл гэгээтэй зургуудаа тавьсан. Харин эрэл хайгуул хийсэн шинэ арга барилаар зурсан зааландаа бараан өнгийг голчлон барууны стилиэр морьдоо дүрсэлсэн. Хар бараан өнгөөр илэрхийлсэн учир нь юм зураад л байхаар өнгө, дүрс ерөнхийлөгддөг гэдгийг энэ дотроос харж болно.
-Цаашдын уран бүтээлийн зорилго?
-Би ирэх онд “Тэнгэрийн морьд-6” үзэсгэлэнгээ заавал гаргана гэж бодож байгаа. Сүүлийн хоёр жил цуврал үзэсгэлэн маань жаахан тасалдсан. Учир нь би хамтарсан үзэсгэлэнд их оролцсон. Энэхүү цуврал үзэсгэлэн маань үүгээр дуусахгүй. Цаашдаа арав, хорь дахь гээд үргэлжлээд явна.
-Та гадаадад үзэсгэлэнгээ гаргаж байсан шүү дээ. Хэр хүлээж авч байна.
-Ер нь сайхан хүлээж авна шүү. Моринд дургүй ард түмэн гэж дэлхий дээр байдаггүй юм байна лээ. Африкийн морь үзээгүй хүн ч гэсэн моринд дуртай. Сонин байдаг байхгүй юу. Морь зурж эхэлсэн маань зөв шийдэл болсон. Морь зурдаг хүн байдаг боловч янз бүрийн л юм зурдаг. Мориндоо үнэнч хүн бол би л байна.
-Үзэсгэлэн дээрээ дэлгэц байрлуулаад зургуудаа дүрсжүүлсэн байсан?
-Би “Тэнгэрийн морьд” цуврал таван үзэсгэлэнгээ нийтэд нь базаад клипжүүлсэн. Энэ хугацаанд зурсан 400 гаад зургаа тайлан үзэсгэлэн болгоод оруулъя гэсэн утгаар шахаад хийхэд гурван дуун дээр таарч байна. 15 минутын клипэнд тасралтгүй зурагнууд солигдож байгаа.