Сэтгүүлчийг шийтгэхийг эсэргүүцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийг шийтгэхийг эсэргүүцэж байна

Сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл ангиар шийтгэхийг эсэргүүцэж байна

“Глоб Интернэшнл” ТББ 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт “Монгол ньюс” компаны байранд  хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл ангиар шийтгэхийг,  хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг  бүрэн дампуурч, зогсооход хүргэж болзошгүй их хэмжээний төлбөр нэхэмжилснийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Хэвлэлийн бага хуралд “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Эрдэнэсолонго, өмгөөлөгч Ц.Монгол нар оролцож сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.  

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага сэтгүүлчийг эрүүгийн хуулийн гүтгэлэг, доромжлолын зүйл  ангиар шийтгэхийг эсэргүүцэж байна   2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

“Зууны мэдээ” сонины нийтлэлээс үүдэн сэтгүүлч Д.Болормаад эрүүгийн, мөн “Зууны мэдээ” сонинд нэр төр, алдар хүндээ сэргээлгэх, эдийн бус гэм хохиролд гурван тэрбум төгрөгний нэхэмжлэлтэй иргэний хэрэг үүсгээд байна. 

“Глоб Интернэшнл” ТББ сэтгүүлчид нийтэлсэн зүйлийнх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг эсэргүүцэж байна.

“Глоб Интернэшнл” ТББ Монгол улсад сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах хууль байхгүйг далимдуулан сэтгүүлч нууц эх сурвалжаа илчлэх албадлагад өртөж болзошгүй байгаад санаа зовж байна.

“Глоб Интернэшнл” ТББ хэвлэл мэдээллийн байгууллага бүрэн дампуурч, үйл ажиллагааг нь бүрэн зогсооход хүргэж болзошгүй их хэмжээний төлбөр нэхэмжилснийг эсэргүүцэж байна.

Бид, нэр төр гутаахтай холбоотой Иргэний ба Эрүүгийн хуулийн зүйл заалтыг хөрөнгө мөнгөнд дулдуйдан хэвлэл мэдээллийг айлган сүрдүүлэх, дарамтлах цензур болгон ашиглаж байгаа нь аливаа хэлбэрийн цензурыг хориглосон Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаагийн илрэл хэмээн үзэж байна.

2000 оны 12-р сарын 1-нд НҮБ-аас Тунхаглал гаргаж, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн чөлөөт урсгал, санаа бодлын асуудал дэлхийн олон оронд хямралт байдалд ороод байна. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний явцад нь сэтгүүлчид болон бусад хүмүүсийг дайран давшлах, мөн цагдан хянах, гүтгэлэг, доромжлолын хатуу хуулиар хохироох зэрэг хоёр хэлбэрийн түгшүүрээр илэрч байна” хэмээн онцлон дурьдсан юм. Уг тунхаглалд “Гишүүн орнууд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг үл хязгаарлах байдлыг хангахын тулд гүтгэлэгийн эсрэг хуулиа нягталж, үүнийгээ олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэхийг” сануулсан байдаг.

Монгол улс НҮБ-ын гишүүн орны хувьд шийдвэртэй алхам хийж, гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтаа Эрүүгийн хуулиас хасч, НҮБ, дэлхийн олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ сахин биелүүлнэ хэмээн “Глоб Интернэшнл” ТББ итгэж байна.

Сэтгүүлчийг шүүмжлэлт нийтлэл бичсэнийх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэг нэмэгдэж буй нь эрүүл саруул нийгэм төлөвшихөд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон нийтийн “хоточ нохой” байх үүргээ биелүүлэхэд нь ноцтой саад тотгор учруулж, ард түмний үнэнийг олж мэдэх эрхийг хөсөрдүүлж байна.

“Глоб Интернэшнл” 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрхийг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн буй байгууллага юм. 
          

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж