“Coal Mongolia”-д хүчээ нэгтгэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

“Coal Mongolia”-д хүчээ нэгтгэх хэрэгтэй

Х.Бадамсүрэн: “COAL MONGOLIA-2011” чуулга уулзалтад хүчээ нэгтгэн оролцох хэрэгтэй


УИХ-ын гишүүн, техникийн шинжлэх ухааны доктор Хоохорын Бадамсүрэнтэй “Coal Mongolia-2011” чуулга уулзалт болон нүүрсний салбарын талаар ярилцлаа.

-Нүүрс манай улсын экспортын бүтээгдэхүүний дийлэнх хувийг эзэлж, эдийн засагт чухал байр суурь эзлэх боллоо. Энэ үед салбарын мэргэжилтнүүд төрөөс нүүрсний салбарт баримтлах бодлогыг зайлшгүй батлах шаардлагатай хэмээн үзэж байна. Энэ асуудал дээр тодорхой алхам хийгдэж байгаа гэсэн. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын бичиг баримтын төслийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам боловсруулсан. Одоо Засгийн газар дээр хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Энэ бодлогын хүрээнд нүүрсний асуудал нэлээн жинтэй байр суурь эзэлж яригдах ёстой. Ер нь нүүрсний хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэе гэсэн санал ч байдаг. Хөтөлбөрийн төсөл өмнө нь Засгийн газраар хэлэлцэгдээд эргээд Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд буцсан. Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд голлох ашигт малтмалуудад тусгай хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх шаардлага байгаа. Үүнд нүүрсний асуудлыг цогцоор авч үзэх ёстой. Хамгийн гол нь нүүрснийнөөц баялаг юм. Монгол Улс чамлахааргүй нүүрсний нөөцтэй. Цаашид нүүрсний судалгаа, шинжилгээ, геологи хайгуулын ажлыг үргэлжүүлэх шаардлагатай. Яагаад гэвэл нүүрс бусад ашигт малтмалаас ихээхэн онцлогтой түүхий эд юм. Улс орны гал голомтыг нүүрсээр бадрааж байна. Аймаг, сумын уурын зуух, цахилгаан станцыг нүүрсээр л тэжээнэ. Гэр хорооллын айлуудын гол хэрэглээ мөн л нүүрс. Тэр утгаар нь би онцгой ач холбогдолтой гэж хэлж байгаа юм. Нүүрсний үнэ өртгөөс шалтгаалж айл гэр, албан байгууллагын зардал хамаарч байна шүү дээ. Тийм учраас болж өгвөл 300 гаруй сум бүрт нүүрсний уурхайтай байвал уг өртөг зардал хямд байх болно. Сум бүрт байдаггүй юм аа гэхэд аймгуудыг бүсчилж, бүс бүрт нь уурхай байж л асуудал шийдэгдэх учиртай. Тийм учраас дахиад хэлэхэд, нүүрсний судалгаа, мөн нэгэнт судлагдаж нөөц нь батлагдсан ордуудад уурхай байгуулж ашиглах асуудлыг төрийн бодлогоор хэрэгжүүлэх нь зүйтэй. Монгол Улсын төрөөс нүүрсийг түшиглэн хөдөөг дэмжихэд чиглэсэн бодлого явуулах учиртай. Бид уг асуудлыг УИХ-аар хэлэлцэхдээ ч, түүний дотор нүүрсний хөтөлбөрийг ярихдаа ч практик талаас нь шинжлэх ухаанчаар, эдийн засгийн тооцоотой хандах болно. Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэгтэй ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдаад ажиллаж байна. Тус ажлын хэсгийн хүрээнд яг нүүрс хариуцсан, энэ асуудлыг нарийвчилж боловсруулах дэд хэсэг ажиллаж байгаа. Тийм учраас УИХ нүүрсний салбарт онцгой ач холбогдол өгч байгаа гэж ойлгож болно.

-Ойрын жилүүдэд нүүрсний экспорт эрс өсөх төлөв ажиглагдаж байна. Тэгвэл экспортын өсөлтийг даах дэд бүтэц манайд бий юу, богино хугацаанд авто зам барих бололцоо ямар байна, мөн үүнээс үүдэлтэй байгаль орчны асуудлыг хэрхэн шийдвэрлэх юм гэсэн асуултууд урган гарч ирж байна л даа. Үүнд та хариулт өгөхгүй юу?

-Нүүрсний олборлолт, экспорт сүүлийн 2-3 жилд эрс өслөө. Өнгөрсөн онд 25 сая тонн нүүрс олборлосноос дийлэнхийг нь экспортоллоо. Үндсэндээ Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтоор л гарч байна шүү дээ. Энд дэд бүтэц хоцорч байгаа нь үнэн. Авто зам дөнгөж тавьж байна. Төмөр замын асуудал эхлээгүй байна. Ер нь нүүрс шиг овор хэмжээ ихтэй түүхий эдийг авто замаар, тэр тусмаа хол зайд зөөж экспортлоно гэдэг бүтэхгүй ажил. Хүнд даацын машинууд говийн зөөлөн хөрсийг улаанаар нь эргүүлж хөрсний эвдрэл, цөлжилт нэмэгдсээр байна. Нүүрсний замын ойролцоох айл өрхийн амьдралд хүндрэл үүсч байна. Тоос шороон дунд мал байхад ч хэцүү болоод байна. Иргэд сонгогчдын сэтгэл санааг зовоосон энэ асуудалд миний бие 2008 оноос анхаарал тавьж байна. Уул уурхайг хөгжүүлэхэд эхнээс нь байгаль орчин, дэд бүтэц, хүн амын ахуй амьдралтай холбоотой асуудлыг тал бүрээс нь судалж шийдвэрлэх шаардлагатай байдаг л даа. Үүнийг төр засгийн түвшинд авч үзэх шаардлагатай. Мөн нүүрс тээвэрлэж, олборлож байгаа компаниудын удирдлагуудтай ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрсэн. Тухайлбал, Нарийн сухайтын уурхайгаас Шивээ хүрэнгийн боомт хүртэл 50 гаруй км зам тавигдсан. Мөн Тавантолгойгоос Гашуун сухайтын боомт хүртэл 260 орчим км зам тавигдаж байна. Үүгээр хүнд даацын машин явах боломжтой. Манай улсын хувьд хамгийн бат бөх олон улсын стандартын зам болох юм. Энэ онд ашиглалтад орох учиртай. Энэ бол анхны алхам.

-Нүүрсээ зөвхөн авто замаар тээвэрлэнэ гэвэл бүтэхгүйг хэн бүхэн хэлж байгаа. Эдийн засгийн үр өгөөж, байгаль орчноо бодсон ч гэсэн нүүрсийг төмөр замаар тээвэрлэх, үүнтэй уялдаад нүүрсийг боловсруулах асуудлууд урган гарч ирж байна. Төрөөс энэ чиглэлд ямар бодлого барьж байна вэ?

-Цаашид төмөр зам зайлшгүй барих ёстой. Дараагийн нэг асуудал бол өнөөдөр аль ч уурхайгаас олборлосон нүүрсийг түүхийгээр нь гаргаж байна. Энэ байдлыг удаан үргэлжлүүлж болохгүй. Бид нүүрсээ ялгаж, угааж, баяжуулдаг болох хэрэгтэй. Ингэж байж сайн чанарын өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох учиртай. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд, Өмнийн говийн бүсийн хөгжлийн даргын хувьд ч компанийн удирдлагуудтай байнга санал бодлоо солилцож байна. Хүмүүс ч санаачилгатай, тодорхой ажлуудыг эхэлж байгаа. Тухайлбал, “Өмнийн говийн элс” компани олборлосон нүүрсээ тусгай агуулахад буулгаад ялгах төхөөрөмжөөр оруулж байна. Энэ төхөөрөмжөөр бүхэл нүүрс, нунтаг нүүрс, шороо чулууг тусгайлан ялгаж байна. Энэ бол анхны алхам, зөв ажлын эхлэл, цаашид фабрик барьж нойтон аргаар баяжуулах ажил хийгдэх ёстой. Мөн “МАК” компани нүүрс баяжуулах, улмаар гүн боловсруулах төсөл эхлүүлэх гэж байгаа юм билээ. Түүнчлэн, “Энержи ресурс” компани баяжуулах фабрик барьж байна. Нэлээн орчин үеийн технологитой. Энэ онд ашиглалтад орно. Ингээд цаашид олон улсын зах зээлд зөвхөн угаасан, баяжуулсан нүүрсийг экспортлох үе рүү шилжих ёстой. Ер нь баяжуулах фабрик барьж, байгуулахад хөрөнгө мөнгөө олох, техник технологио сонгох зэрэгт нь Монголын төр цаг хугацаа өгөх хэрэгтэй. Урьдчилсан байдлаар хэлэхэд 2-3 жилийн хугацаа шаардлагатай болов уу. Тэгээд гурван жилийн дараагаас түүхий нүүрс гаргахыг зогсоох хэрэгтэй. Ингэж байж л ажил цэгцлэгдэнэ.

-Бидний туйлын зорилго бол дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч болох шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Олборлож байгаа нүүрс маань янз янзийн чанартай байна. Тиймээс бид эрчим хүчний зориулалттай нүүрсээ түшиглээд том оврын цахилгаан станц барих ёстой. Тухайлбал, Тавантолгой, Нарийн сухайтын орчим барьж болно. Ингэснээр эрчим хүч экспортлох бололцоо бүрдэх юм. Ингэвэл нүүрсний үнэ цэнэ, байгаль орчинд нөлөөлөх байдлын хувьд ч ашигтай. Өнөөдрийн байдлаар бид Шивээ хүрэнгийн боомт хавиар Хятадаас оруулж ирсэн цахилгааныг ашиглаж байна. Өөрсдөө асар их нүүрсний баялагтай атал бусдаас эрчим хүч царай алдаж сууна гэдэг байж боломгүй. Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Тэгтэл Оюутолгойтой холбоотой дэд бүтэц хоцроод байна шүү дээ. Зам, эрчим хүчний асуудал хоцорч байна. Уг асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд ярьж байна. Өмнийн говийн зөвлөл ч саналаа хэлж байна. Ингээд аль болох Оюутолгойн уул уурхайн баяжуулах комбинатын ашиглалтад орох хугацааг наашлуулах талаар төсөл хэрэгжүүлж буй компани, хөрөнгө оруулагчтай зарчмын хувьд тохирсон. 2013 онд ашиглалтад орох байсныг 2012 он болгож татсан. Тэгтэл эрчим хүчний асуудал хамгийн хурц сэдэв болоод байна. Эхний ээлжинд эрчим хүчээ Хятадын талаас авах талаар яриа хөөрөө өрнөж байна. Саяхан төслийнхөн уулзаж ярьсан. Иймд Монгол Улс энэ их нүүрсээ давуу тал болгож ашиглах нь чухал. Хэмжээ дамжааны хувьд бас л бодлогоор зохицуулах шаардлагатай. Эдийн засгийн өсөлтийг бий болгох асуудлын хувьд бол алсыг харсан, шинжлэх ухааны үндэстэй, нарийвчилсан тооцоогоор гаргаж ирнэ. Мэргэжлийн хүний хувьд аль аль талыг нь тооцож үзсэн. Ингэхэд 50 орчим сая тонн нүүрсийг ойрын хэдэн жил олборлож борлуулах боломж байна. Цаашид үе шаттайгаар өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэл рүү явах ёстой.

-Энэ өргөн далайцтай салбарт ажиллах боловсон хүчний хүрэлцээ хэр байна вэ, мөн нүүрсний салбарын судалгаа шинжилгээний ажлыг нэгтгэж зангидах ёстой юм шиг санагддаг. Энэ талаар таны бодол?

-Энэ салбарт боловсон хүчний нөөц бололцоо бий болсон. Үүнийгээ ашиглах ёстой. Харин шинжилгээ судалгаа хийж, техник эдийн засгийн үндэслэл боловсруулдаг байгууллагынхаа бааз суурийг бэхжүүлэх шаардлагатай. Үүнд төрийн дэмжлэг чухал. Магадгүй нүүрсний үйлдвэрлэлээс орсон орлогын тодорхой хэсгийг боловсон хүчин бэлтгэх, шинэ техник, технологи оруулж ирэх зэргээр шинжлэх ухааны байгууллагынхаа бааз суурийг бэхжүүлэхэд зориулах ёстой. Үүнийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. Ер нь уул уурхайн салбарыг тойрсон асуудлыг цэгцлэх шаардлага байна. Эрхзүйн орчин, цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн хувьд эрэмбэлж үзээд 4, 5, 6 дугаар сард нэлээн бүтээлчээр ажиллана гэж бодож байгаа. Үүний дүнд уул уурхай, тэр дундаа нүүрсний асуудлаар түвшин түвшиндээ үнэн зөв мэдээлэлтэй болох хэрэгтэй. Ингэснээр цэгцтэй ойлголт, нэгдсэн байр суурьт хүрэх юм. Ийм шаардлага ч бий. Монгол Улсыг ирээдүйд авч явах тэргүүлэх салбар маргаан мэтгэлцээний талбар, хэрүүлийн алим байж болохгүй. Ингэж таарахгүй, ер нь тэгээд геологи, уул уурхайн салбарт олон хүн ажиллаж байна. Тэр хүмүүс чинь хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг улс шүү дээ. Зарим нь тэдгээр хүнийг бодохгүйгээр хэтэрхий эрээ цээргүй яриа явуулж байна. Янз бүрээр энэ салбарыг хэлдэг. Гэтэл цаана нь үүнийг сонсоод бухимдаж, заримдаа гомдоход хүрч байгаа олон мянган геологич, уурхайчин байгаа шүү дээ. Мэдээж нөхөн сэргээгдэхгүй баялгаа улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө маш оновчтой ашиглаж, байгалиа хамгаалах ёстой. Гэхдээ байгаль орчинтой холбоотой асуудал чинь тодорхой хэдэн компани, хүний хариуцлагагүй үйлдэлтэй л холбоотой. Геологи, уул уурхайн салбар бүхэлдээ ийм гэж ойлгож болохгүй. Мөн лицензийн асуудал байна. Лиценз замбараагүйтсэн нь үнэн. Гэхдээ энэ нь геологич, уурхайчдаас шалтгаалаагүй юм шүү. Уул уурхайн чиглэлийн хүмүүс лиценз аваад баяжаад байна гэсэн ойлголт хэрээс хэтэрсэн. Зарим уурхайчин мэргэжлийнхээ дагуу лицензээ аваад үйлдвэрлэл явуулж байгаа. Нэг хэсэг нь төрд ажиллаж эрдэс баялгийг эргэлтэд оруулан ард түмний сайн сайхны төлөө үр дүнг нь гаргая гэж яваа. Энэ бүхнийг ойлгохгүйгээр тааж таамаглан элдвээр хэлж болохгүй. Бид үүнийг байранд нь тавих ёстой.

-Нүүрсийг үнэ хүргэхэд баяжуулахаас гадна гурав дахь зах зээл рүү гаргах гэсэн зүйл гарч ирж байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай ч холбогдоно. Зарим хүн өнөөгийн түвшинд гурав дахь зах зээл рүү нүүрс тээвэрлэх эдийн засгийн хувьд үр өгөөжгүй гэх юм?

-Ашигт малтмалын экспорт хараат бус байх ёстой. Тийм учраас их ухаалаг бодлого явуулах учиртай. Бид хоёр том гүрний дунд байгаа гэдэг утгаараа зах зээлийн хувьд давуу тал бий. Нөгөө талаас гурав дахь зах зээлд гаргамаар байдаг. Ямар ч тохиолдолд хоёр хөршөөр дамжин далайд хүргэнэ. Ийм дөт, хямд замыг хайх, сонгох шаардлагатай.

-Таны дээр хэлсэн нэгдсэн ойлголт, цэгцтэй байр суурьт хүрэх ёстой гэсэнтэй санал нэг байна. Тийм ч учраас бид нүүрсний салбарын бүхий л асуудлыг олон талын оролцоотой хэлэлцэж, нэгдэн байр суурьт хүрэх үүднээс “Coal Mongolia-2011” чуулга уулзалтыг зохион байгуулахаар зэхэж байна. Чуулга уулзалтаас өмнө олон тооны хэлэлцүүлэг явуулж салбарын хүмүүсийн санаа бодлыг тусгаж байгаа. Үүнд таны үзэл баримтлал үнэтэй байр суурь эзэлж байна?
 
-Цаашид Монгол Улс олон улсын хэмжээнд явуулах нүүрснийхээ бодлогоо зөв тодорхойлох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, бусад орны арга туршлагаас суралцах зэрэг олон асуудлыг зүй зохистой шийдэхэд “Coal Mongolia-2011” чуулга уулзалт ихээхэн тус нэмэр болно гэж итгэж байна. Тэр утгаар нь чуулга уулзалтын ач холбогдлыг өндөр үнэлж байгаа юм. Өргөн хэлэлцүүлэг хийж, чуулга уулзалтыг илүү ач холбогдолтой болгох талаас нь төр засгийн болон холбогдох төрийн бус байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд хамтран хүч чадал, сэтгэлээ гаргаж ажиллах ёстой. Бүгд хүчээ нэгтгэн оролцох хэрэгтэй. Монголчууд бид нэг баг болон зөв бодлогоор ажиллаж чадвал нүүрснийхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, энэ зах зээл дээр гол тоглогчдын нэг болох бүрэн боломж бий. Эзэн хичээвэл заяа түшнэ гэдэг сайхан үг байдаг даа.

Г.Батзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж