Өнгөрсөн сард ажилгүйдлийн төвшин таван хувиас давж, эдийн засаг сульдаж буйгаас болж Засгийн газар жижиг бизнес болон орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилгоор 61 тэрбум ам.долларын хөтөлбөр баталсан юм.. Энэ нь ажлын байр шинээр үүсгэж, эдийн засгаа дэмжих зорилготой. Японы төв банк цаашид олон арга хэмжээ авна хэмээн тооцоолж байгаа юм. Аравдугаар сард таван триллион иенийг эдийн засгийн эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан ч төдийлөн сайн үр дагавар харагдахгүй байгаа бололтой. Бодлогын хүүгийн төвшинг тэгтэй ойролцоо байлгаж байгаа нь мөн эдийн засгийг сэргээх хэлбэр.
Японы компаниудын итгэл сүүлийн хоёр жилийн дотор анх удаагаа буурсан байгаа. Иенийн ханш чангарч, экспорт буурч байгаа нь бизнес эрхлэгчдийн итгэлийг бууруулж байна. Япон улс экспорт дээр тулгуурласан эдийн засагтай. Автомашин болон электрон бараа экспортын гол бүтээгдэхүүн ч иенийн ханш өндөр буйгаас болж олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварт нь муугаар нөлөөлж байгаа. Япон улс нь дэлхийн гурав дахь том эдийн засаг билээ. Түүнчлэн арваннэгдүгээр сард Япон улсын аж үйлдвэрлэл буурсан байна. Экспортын шинэ захиалгын индекс 46.9 болж доошилжээ. Энэ нь экспортын захиалга сүүлийн 19 сарын турш харагдаагүй хурдаар унасаныг харуулж байгаа юм.
Эдийн засагчид Японы эдийн засаг энэ оны сүүлийн улиралд уналттай гарах магадлал өндөр байгаа аж. Экспортын хэмжээ бага буйгаас “Toyota Motor” зэрэг тэргүүлэгч компаниуд үйлдвэрлэлтээ багасгах шийдвэр гаргасан юм. Түүнчлэн Японд дифляцийн аюул нүүрлээд байгаа билээ. Аравдугаар сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүнээс бусад бараа, үйлчилгээний үнэ 20 дахь сардаа дараалан унаж байгаа юм. Хэрэглэгчид хямд үнэтэй барааг худалдан авахын оронд дахин хямдрахыг хүлээж, худалдан авалтаа багасгаж байгаа нь зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээг багасгаж, дифляцийг үүсгэж эхэлж байгаа юм.
Иенийн ханш 2010 он гарснаас хойш даруй 11 хувиар өссөн нь тус улсын гадаад худалдаанд муугаар нөлөөлж байгаа юм. Японд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаадын хэрэглэгчид худалдан авахад үнэтэй болж буйгаас зарим компаниуд хилийн чанадад үйлдвэрлэлт эрхлэхээр болж байна. Тухайлбал “Mori Seiki” хэмээх машины хэрэгсэн үйлдвэрлэгч компани Калифорни мужид үйлдвэр нээхээр таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болж байгаа юм. Үүн дээр нэмээд зээл олголт ч буурч байна. Японы дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн улиралд 0,9 хувиар буурах төлөв харагдаж байгаа гэж эдийн засагчид үзэж байна.