Их Британийн Үндэсний статистикийн газрын хамгийн сүүлийн тайлангаас харахад тус улсын төрийн өмчит байгууллагуудын өрийн хэмжээ рекорд тогтоохуйц өндөр хэмжээнд хүрсэн байна. Өнгөрсөн сарын байдлаар нийт зээлийн хэмжээ 23,3 тэрбум паунд болсон нь жилийн өмнөхөөс 5,9 тэрбум паундаар илүү байгаа юм. Энэ хэмжээний өсөлтийг шинжээчид тооцоолоогүй байсан аж. Эрүүл мэнд болон батлан хамгаалахын салбарын зарлага нэмэгдсэн нь үүнд нөлөөлсөн байна. Өрийн хэмжээ өссөн нь Их Британийн Засгийн газрыг төсвийн алдагдлаа бууруулах шаардлагатай байгааг сануулж байгаа хэрэг хэмээн ВВС агентлаг бичжээ.
Арваннэгдүгээр сард Засгийн газрын зарлага 10,8 хувиар өссөн бол НӨТ-ын орлого 0,1 хувиар буурсан байна. Одоогийн байдлаар өрийн хэмжээ Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүний 58 хувьтай тэнцэж байна гэж статистикийн газар мэдээлж байна. Энэ оны хэмжээнд төрийн байгууллагууд нийт 104,4 тэрбум паундын зээл авсан байгаа юм.
Э.Очирт