Дэлхийн хоёр том бирж нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн хоёр том бирж нэгдлээ

Дэлхийн хөрөнгийн зах зээлд нэгэн үйл явдал болж, олныг шуугиуллаа. Монголын хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэж буй Лондонгийн хөрөнгийн бирж олон улсын төвшинд хэдийнэ танигдсан цоо шинэ хамтрагчтай болж бүлээ нэмсэн байна. Лондонгийн бирж Канадын Торонтогийн биржийг эзэмшдэг “ТМХ” группыг худалдан авсан нь бусад биржээс өрсч, цоо шинэ боломжийг уургалсан явдал боллоо хэмээн ажиглагчид бичжээ. Түүнчлэн энэ үйл явдлаас үүдэн хөрөнгө оруулагчдад танигдаж эхэлж буй Хонгконгийн бирж сандарч, өрсөлдөгчдөө ялагдахгүйн “дэлхийн аль ч биржтэй хамтарч ажиллахад бэлэн” гэж мэдэгджээ.

LSE Торонтогийн биржийг 3,2 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьж, таван сарын турш хэлэлцжээ. Тус хоёр бирж нэгдсэн нь уул уурхайн компаниудын хувьд хөрөнгө босгох таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Нэгдсэн биржийн 55 хувийг Лондонгийн Хөрөнгийн бирж эзэмших бол үлдсэнийг нь “ТМХ”-ийн мэдэлд орох аж. Дэлхий дээр арилжааны хоёр том сүлжээний нэг нь Канадын биржийнх. Тэгэхээр Лондонгийн бирж тус биржтэй нэгдсэнээр арилжаа хийх, хөрөнгө босгох боломж төдий чинээ нэмэгдэнэ. Энэ нь мэдээж Улаанбаатар Лондонгоор дамжуулж дэлхийн хөрөнгө оруулагчдад хүрэх боломж бүрдэж байна.

Тэгвэл Deutsche Boerse Америк-Европын худалдааны талбар Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах хэлэлцээ ид өрнөж байна. Олон улсын Хөрөнгийн биржүүд нэгдэж эхэллээ. Нью-Йоркийн Хөрөнгийн бирж, Дотчи Борси хоёр хамтрах талаарх яриа хэлэлцээрийн шатанд явна. Хэрэв энэ хоёр бирж нэгдсэнээр ашиг орлогын хэмжээ, бүртгэлтэй компанийн тоогоороо дэлхийд тэргүүлэх юм.

Хоёрдугаар сарын 9-ний өдөр дэлхийн хөрөнгийн зах зээлд нэгдэн нийлж байгаа хоёр том наймааны талаарх мэдээлэл ил болов. Британийн LSE бирж Торонтогийн биржийг худалдан авахаар болсон байна. Deutsche Boerse америк-европын худалдааны талбар NYSE Euronext-ийг худалдан авах улам өргөн цар хүрээтэй хэлцлээ дуусгах талдаа оржээ. Үүний үр дүнд дээрх хоёр бирж дэлхийн лидерүүд болох ба тэнд наймаа хийж байгаа дэлхийн компаниудын хөрөнгөжилт 20 их наяд ам.долларт хүрнэ.
 
Өнгөрсөн лхагва гаригийг биржийн зах зээлд урд өмнө сонсогдож бай­гаагүй их наймааны мэдээлэл гарсан түүхэн өдөр гэж болно. Наймааны үнийн талаар мэдээлэл гараагүй ч тэр нь нэлээн хэдэн тэрбум ам.доллар болох нь ойлгомжтой.

Энэ наймаа нь нэгдэж буй биржүүдийн байр суурийг хувьцааны зах зээлд бэхжүүлнэ. Нэгдсэн биржээр дэлхийн компаниудын санхүүжилтын 36 хувь хийгдэх юм байна. Мөн эрс өсч буй үнэт цаас (деривативууд) нэн түрүүнд  фьючерс ба опцион зэрэг нь улам ч амттай хэсэг байх ёстой.

Атлантикийн хоёр эргийн орнууд эдийн засгийн “тэсрэх эрсдэлтэй” деривативын най­маанд улам бүр эрчимтэйгээр орж буй үед энэ явдал болж байна. Өмнө нь арилжаа хувийн чиглэлээр хийгдэж байсан бол одоо энэ зах зээл биржийн наймааг ил гарган түүнийг зохицуулах нь чухал гэдгийг зөвшөөрч байна.

Зөвхөн Deutsche Boerse ба NYSE Euronext хоёрын нэгдэл гэхэд л нэг дээвэр дор деривативын 11 захыг нэгтгэлээ. Нэгдсэн компанийг Франк­фуртаас хянах бөгөөд листингийн даяарчлалын удирдлага болон Аме­ри­­кийн арил­жаа нь Нью-Йоркт үлдэх юм.

Наймааны урьдчилсан тооцоогоор нэгдсэн компанийн хувьцааны 60 хувийг германчууд барина. NYSE-ийн тэргүүн Данкан Нидерауэр тушаалаа хадгалах бөгөөд Deutsche Boerse биржийн удирдагч Рето Франчони нь шинэ корпорацийн захиргааны дарга болно.

Биржийн нэгдлийн мэдээ трейдеруудын дунд нэлээд бужигнаан үүсгэв. NYSE-ийн хувьцаа 14 хувиар, Deutsche Boerse-ийнх 1,7 хувиар тус тус өсчээ. Үүний дараа зохицуулагч нар хэт хөөрсөн хөрөнгө оруулагчдын идэвхэд саад хийн хоёр талбарын арилжааг түр зогсоосон байлаа. Тэдний нийлэх гэж байгаа гэх яриа 2008 оноос хойш дуулдаж ирсэн билээ. Одоо л нөхцөл тохирчээ. Өмнө нь биржүүдийн нэгдэл 2006 онд болсон юм.

Европ нь Америк биш учраас энэ наймаанд Европын холбооноос саад тавихыг үгүйсгэх арга байхгүй. Тиймээс энэ талаарх  төгсгөлийн үр дүнг хүлээх хэрэгтэй.
Лондоны хөрөнгийн бирж (LSE) ба Торонтогийн худалдааны талбарын (TMX) хувьд түүний цар хүрээ нь өмнөхөөс бага. Нэгдсэн хоёр компанийн хөрөнгөжилт ес орчим тэрбум ам.доллар байх юм. Энэ үзүүлэлтээр тэд дэлхийн ес дэх бирж болно. Гэхдээ энд өөрийн логик бий.

Учир нь LSE бирж гол төлөв Британийн ба гадаадын түүхий эдийн корпорацийн үнэт цаасыг арилждаг. Торонтогийн бирж нь Канадынхаа түүхий эдийн олон компанийн үнэт цаасны наймааг эрхэлдэг.

Үүнээс үүдэн нийлж буй талбарууд нь тэнд листинг хийлгэсэн олборлох компаниудын зах зээлийн үнээр дэлхийд тэргүүлэх юм. Англи-Канадын энэ нэгдэл хамгийн ирээ­дүйтэй гэх энэ салбарыг өөртөө авах зорилготой.

Сүүлийн хагас жилийн дотор бас нэг наймаа хийгдсэн билээ. Өнгөрсөн аравдугаар сард Сингапурын SGX бирж Австралийн томоохон арилжааны талбай ASX биржийг 8,4 тэрбум ам.доллараар авах санал гаргасан байв. Австралийнхан өөрийн хөрөнгийн биржээ гадаадынханд алдахаас эмээсэн бололтой хариугаа  өгөхийг яарсангүй.

Оросын хувьд хоёрдгаар сарын 1-нд ММВБ  бирж РТС-ийг авах санал гаргажээ. РТС-ийн хувьцааны талыг авахдаа Оросын томоохон бирж 600 сая ам.доллар гаргана гэсэн юм. Мөн ММВБ-г Deutsche Boerse-тэй эвсэлдэх нь ашигтай гэж шинжээчид үздэг юм.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж