Ж.Очбадрахын аав, ээж цусаа юүлж, зулын гол болно гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Ж.Очбадрахын аав, ээж цусаа юүлж, зулын гол болно гэв

Ө.Хэрлэнчимэгийн гэх тодотголтой хүн амины хэрэгт холбогдогч Ж.Очбадрах, Ж.Очмандах нарын аав Ц.Жаргалсайхан,  ээж М.Майцэцэг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд хоёр хүүгээ  хүний амь нас хөнөөсөн хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн мэдэгдэж, ээж М.Майцэцэг нь үсээ хусаж, эсэргүүцэл илэрхийлэв.  “Уг хэрэгт гэрчээр оролцож буй Азжаргал болон хэргээ хүлээгээд байгаа Д.Сарантуяа нар худал мэдүүлэг өгч, арав гаруй гэмгүй хүүхдийг хилс хэрэгт унагаж байна.  Миний хоёр хүү гүтгүүлж байгаадаа гутарч Ганц удагт өлсгөлөн зарласан боловч  Ж.Очмандах маань бие нь дийлэхгүй больсон. Харин  ах Ж.Очбадрах нь өлсгөлөн зарлахад мөрдөн байцаагч нь батлан даалтад гаргана гэж худал хэлээд зогсоосон. Хуулийнхан бидний хүсэлтийг шалгаж өгөхгүй, нэг талд үйлчилж байгаад гомдолтой байна” гэлээ. Энэ үеэр Ж.Очбадрахын ээж М.Майцэцэгтэй ярилцлаа.

-Та мөрдөн байцаалтын ажиллагаанд гомдолтой байгаа шалтгаанаа тайлбарлахгүй юу?

-Ямар ч гэм буруугүй хүүхдүүдийг маань хүн амины хэрэгт буруутгаж олон жилийн ял өгөх гэж байгаад үнэхээр гомдолтой байна. Мөрдөн байцаагчид нэг талыг баримталж  хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. Гэрч гээд байгаа Азжаргал, Д.Сарантуяа нарын мэдүүлгийг ч өөрсдийн дураар өөрчилсөн. Гэрч гээд байгаа Азжаргал нь төрөх дөхсөн хүн байж шөнө болтол архидаад явах уу. Мөрдөн байцаагчид Ө.Хэрлэнчимэгийн даашинзны бүсийг манайхаас хайгаад байсан нь хачирхалтай санагдаж байна. Гэрчийн мэдүүлгүүд маш их зөрүүтэй байгаа. Хэргээ хүлээгээд байгаа Д.Сарантуяа “Ж.Очбадрахын цагаан өнгийн машинд арвуулаа сууж яваад талийгаач охиныг хогийн цэг дээр аваачиж хаясан”  гэсэн байдаг. Гэтэл манайх хар өнгийн Япон загварын машинтай. Бараг унадаггүй байсан. Тэр ч байтугай хэрэг гарсны дараахан буюу 2008 оны долдугаар сарын 20-нд Сүхбаатар дүүргийн гурван  мөрдөн байцаагч манай гэрт ирж нэгжлэг хийхдээ гаражид байсан машиныг гаргаж  харж байсан шүү дээ. Гэтэл жилийн дараа  мөрдөн байцаагч Мөнгөншагай гэнэт л Ж.Очбадрахын машинаар цогцсыг зөөвөрлөсөн гэх тайлбар бичүүлчихсэн. Энэ мэт хуйвалдаантай зүйлүүд байгаагаас миний хоёр хүү хилс хэрэгт гүтгэгдээд байгаад гомдолтой байна.

-Таны том хүү Ж.Очбадрахын найз охин Ө.Хэрлэнчимэгийг та хэр сайн мэдэх вэ? Ямархуу ааш зантай хүүхэд вэ?

-Сайн мэднэ. 2008 оны гуравдугаар сараас манай хүүтэй найзалж ирж очдог байсан. Ө.Хэрлэнчимэг хүнд тусархуу, хоол сайхан хийдэг хүүхэд.

-Гэхдээ Ө.Хэрлэнчимэгийг нэлээд хөдөлгөөнтэй гэх мэдээлэл байдаг юм билээ?

-Хэн тэгж яриад  байгаа юм. Нэр усыг нь хэлээч. Сонин хэвлэлээр нэг талыг барьсан мэдээлэл гаргаж манай хүүхдүүдийг элдэв янзаар бичиж байна. Ө.Хэрлэнчимэг бол даруухан хүүхэд.

-Та талийгаач охиныг таньдаг байсан уу?

-Танихгүй шүү дээ. Гэр орондоо очих дургүй, ах нараасаа айгаад  байна гээд байхаар нь хүү маань гэртээ хэд хонуулсан нь гай боллоо. Тэр охин чинь тэнэж явдаг байсан гэсэн. Энд нэг зүйлийг хэлэхэд талийгаач Б хэрэг гардаг өдрийн орой манай бага хүү Ж.Очмандах руу цагаан утаснаас залгаад “Танай ах эгч хоёр чинь яасан юм бэ. Утас нь холбогдохгүй байна” гэж ярьсан байдаг. Гэтэл Д.Сарантуяа болохоор 22.00 цагийн үед алсан гэж мэдүүлсэн.  Бас шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг өглөөний 04.00 цагийн үед нас барсан гэж тогтоогоод байхад улсын яллагч  Насанбат энэ тухай шүүх хурал дээр юу ч ярихгүй байгаа.

-Та нар ямар хүсэлт тавьсан юм бэ?

-Бид дээр хэлсэн ээдрээтэй зүйлийг шалгаж өгөх хүсэлтээ мөрдөн байцаагч нарт удаа дараа тавьсан боловч ганц ч удаа шалгаж өгөөгүй. Энэ хэрэг дээр мөрдөн байцаагчид үнэхээр муу ажиллаж байгаад гомдолтой байна.

-Энэ хугацаанд танай хоёр хүүг батлан даалтад гаргасан уу?

-Бид батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч нэг ч удаа гаргаагүй. Том хүү Ө.Оч-Бадрахыг эмээгийндээ байхад нь 2008 оны долдугаар сарын 18-19-нд, дүү Ж.Оч-Мандахыг 19-20-нд гэртээ байхад Цагдаагийн баяр тэмдэглэсэн Сүхбаатар дүүргийн хэдэн согтуу цагдаа нар баривчлаад авч явсан. Түүнээс хойш хоёр жил гаруй  Ганцхудагт хоригдож байна. Гэтэл хэргээ хүлээж байгаа нэрээр худал мэдүүлэг өгч олон хүүхэд гүтгэж байгаа Д.Сарантуяа дуртай үедээ батлан даалтад гарч байна.

-Д.Сарантуяаг Ө.Хэрлэнчимэг дарамталж, биеийг нь үнэлүүлж байсан гээд байгаа. Аавтайгаа амьдардаг ядруу амьдралтай Д.Сарантуяаг Ө.Хэрлэнчимэг ашигладаг байсан гэсэн яриа бас байна?

-Д.Сарантуяа ядуу амьдралтай биш. Бүр 14 настай байхдаа жирэмсэлж байсан юм билээ. Ядарсан зүдэрсэн гээд байгаа Д.Сарантуяагийн аав хаус барьчихсан амьдарч байгаа. Та нар очоод үзээрэй.

-Цаашид  тэмцлээ үргэлжлүүлсээр байх уу?

-Үргэлжлүүлэхгүй яах юм. Бид  хоёр хүүгээ хилс хэрэгт гүтгэгдэж ял эдлүүлэхгүйн төлөө эхний ээлжинд үсээ хусаж эсэргүүцлээ илэрхийллээ. Цаашид Мөрдөн байцаах газрын үүдэнд цусаа юүлж, зулын гол болоход бэлэн байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж