Хятад улс дотоодын сонин, хэвлэл нийтлэл, вэбсайт эрхлэгчдийг гадаад үг тэр дундаа англи үгсийг ашиглахыг хоригложээ. Хятадын улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдэгдсэнээр гадаад үгийг хэвлэл мэдээлэлд хэрэглэж байгаа нь цэвэр Хятад хэлийг булингартуулж байна хэмээн үзжээ.
Хятад хэлний шинэчилсэн стандартын дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл гадаад үгийн товчлолыг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй болжээ. Шинээр гаргасан тушаал нь радио, телевизэд ч мөн хамаатай байна. Хятадын Хэвлэл, нийтлэлийн ерөнхий захиргааны мэдэгдлээр “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дагаад гадаад хэлнүүдийг аль ч салбарт өргөнөөр ашиглаж байна. Энэ нь Хятад хэлний цэвэр байдлыг алдагдуулж, соёлын орчинд сөргөөр нөлөөлж байна” гэжээ.
Хэрвээ гадаад үгийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай бол хажууд нь Хятад хэл дээрх тайлбарыг нь заавал зүүж өгөх ёстой гэж холбогдох улсын байгууллага мэдэгдсэн байна.
Б. Энхцэцэг