Орон нутгийн удирдлагуудтай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Орон нутгийн удирдлагуудтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга нийслэл, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарыг “Иргэний танхим”-д өчигдөр хүлээн авч уулзан, Ерөнхийлөгчийн мэндчилгээг дэвшүүлж, бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Монгол Улсын төрийн үйл ажиллагаа бүх шатанд иргэн төвтэй, шударга байж, байгальд ээлтэй хөгжил бүхий өрсөлдөх чадвартай Монгол орон болоход Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа чиглэж байгаа. Үүнийгээ тоймлон зургаан зорилт болгон хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Нэгд үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах, хоёрт хүний эрх, эрх чөлөөг хангасан, иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх, гуравт шүүх эрх мэдлийн байгууллагыг бэхжүүлэх, шударга ёс тогтоох, авлига, хүнд сурталтай тэмцэх, дөрөвт гадаад харилцааг бэхжүүлэх, дэлхий нийтийн тулгамдсан асуудалд хамтын шийдэл олохын төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй идэвхтэй хамтран ажиллах, тавд байгальд ээлтэй, орон нутгийг дэмжсэн, эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжих, зургаад гэр бүлийг дэмжих, нийгмийн бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах зорилтын хүрээнд 2009-2013 онд хийх ажил, арга хэмжээгээ тодорхойлж, жил бүрийн төлөвлөгөөний дагуу хэрэгжилтийг зохион байгуулж байна” гэв.

Тамгын газрын дарга цааш нь ярихдаа “Төр иргэддээ нээлттэй, тэднийг сонсдог байх зарчмыг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 15-нд “Иргэний танхим” байгууллаа. Цаашид бүх аймаг, сумдад “Иргэний танхим” байгуулахыг зорьж байна.

Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлал боловсруулж, УИХ-аар батлууллаа. Энэ баримт бичгийг бүх шатны байгууллага чиглэлээ болгож ажилладаг болгохын тулд холбогдох сургалт зохион байгуулсан.
Найман хуулийн төсөл боловсруулж, 3-ыг нь УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, үлдсэнийг нь намрын чуулганаар шийдүүлэхээр хүсэлтээ хүргүүлсэн. Эдгээр хуулийн төслүүдтэй, ялангуяа Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай тусгайлан танилцаарай. Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг хэрэгжүүлэх нь орон нутгийн төрийн  захиргааны удирдлагуудын үүрэг байдаг. Өнгөрсөн жил хагаст 9 зарлиг гаргасан байна.

Эдгээрийг хэрэгжүүлж ажиллах, энэ талаархи мэдээллээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас Ерөнхийлөгчийн Тамгын газраас газар дээр нь очиж, хэрэгжилтийн явцтай бид танилцах болно. Та бүхэн гаргах шийдвэрийн төслөө иргэддээ танилцуулж, хэлэлцүүлж, саналыг нь тусган тэдний оролцоог хангах үүргээ биелүүлэх нь чухал. Мэдээлэл иргэдэд ил тод, нээлттэй байх ёстой. Мэдээлэлтэй иргэд мэдлэг хуримтлуулж нийгмийн баялаг бүтээхэд асар их үүрэгтэй оролцдог. Төрийн байгууллага архидан согтуурах, мансуурах үйл ажиллагааны эсрэг үр дүнтэй ажиллах, өөрсдөө үлгэр дууриал үзүүлэх хэрэгтэй.

Тайлан, зарлигуудын биелэлтийн талаархи аймгуудын мэдээлэл хомс учраас газар дээр нь очиж ажиллах нь зүйтэй гэж бодож байна. Саяхан 12 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Говь-Алтай, Булган, Сүхбаатар, Дундговь аймагт ажилласан. Аймгуудад төрийн байгууллагад иргэдийн итгэх итгэл, санаа бодол, шударга ёс, иргэндээ нээлттэй байдал, төсвийн зарцуулалт, хяналтын тухай бүгд л нэг өнгө төрхтэй байна. Сайн жишээ ч бас байна” гэж хэллээ.

Дараа нь Увс, Хөвсгөл, Булган, Орхон, Завхан, Дархан-Уул зэрэг аймгийн төлөөлөгчид саналаа хэлж, зарим нь иргэний танхим байгуулсан, байгуулахаар ажиллаж буй тухайгаа өгүүлээд төрийн одон, медаль, цолоор шагнуулах орон нутгийн хүсэлтийг анхаарч үзэхийг хүсэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж