Энэ цагийн соён гэгээрүүлэгч

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Энэ цагийн соён гэгээрүүлэгч

Яруу найрагч, орчуулагч Ж.Нэр­гүй ахыг мэдэх хүмүүс нь “Энэ цагийн соён гэгээрүүлэгч” хэмээн үнэлдэг гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ мэдэх хүмүүс гэдэгт дал, мөрийг нь алгаддаг найз нөхдийнх нь хүрээгээр хязгаарлах хэрэггүй болов уу. Учир нь Э.Тополийн “Кремлийн эзэгтэй”, “Ор хөнжлийн Орос орон”, “Улаан хий”, Саддам Хусейний “Забиба, хаан хоёр”, Г.Плехановын “Улс төрийн гэрээслэл”, С.Есениний шүл­гийн түүвэр гээд гайхамшигт бүтээлүүдийг монгол хэлнээ хамгийн гайхалтайгаар орчуулснаараа   тэр­бээр номонд хайртай хүн бүрийн хувьд “Энэ цагийн соён гэгээрүүлэгч” болж чадсан юм.

Иймээс ч тэрбээр энэ оны “Grand book-2010” шалгаруулалтын оны онцлох уран бүтээлчээр шалгарсан байна. Түүнд энэ шагналыг хүн төрөлхтөнд үзүүлсэн нөлөөллөөрөө Библийн дараа бичигддэх Айн Рэндийн “Атландын нуруу тэнийв” бүтээлийн орчуулгыг нь үнэлж уншигч олон төдийгүй мэргэжил нэгтнүүдийнх нь үнэлгээнд тул­гуурлан олгожээ. Эл бүтээлийн агуулгыг тэрбээр “Өөрийгөө   хүн­дэлдэг хүн хэзээ ч муу зүйл хийдэггүй” гэсэн богинохон хэрнээ либераль үзлийн мөн чанарыг илэрхийлэхүйц хамгийн том гаргалгаагаар тайлбарласан байдаг.

Түүнчлэн энэ завгүй их ор­чуулгын хажуугаар тэрбээр Барон Унгернийн талаар дуугарахгүй, ярихгүй өнгөрнө гэж байхгүй нэгэн. Тэр ч бүү хэл Барон Унгернийн хөшөөг босгох мөрөөдөлтэй гэж байгаа. Энэ сонирхол нь олон хүнийг гайхшруулдаг ч Ж.Нэргүй гэдэг хүнгүйгээр өнөө цагийн Монголын утга зохиол, тэр дундаа үнэ цэнэтэй орчуулгын салбарыг төсөөлөхийн аргагүй юм. Дээр нь, тэрбээр өөрийнх нь орчуулсан  бүтээлийг уншихаас, худалдаж авахаас өөр сонголтгүй болтол уншигчдад хүлээн зөвшөөрөгдсөн их хүндлэлийн эзэн билээ.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж