АНУ-ын эдийн засгийн уналт хятадаас хамааралгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын эдийн засгийн уналт хятадаас хамааралгүй

-Евро бүс нэг валют хэрэглэдэг хэрнээ санхүүгийн нэгдсэн нэг бодлогогүй гэж та шүүмжилж байсан. Тэр талаараа ярихгүй юу?

-Тэр үнэн. Эхнээсээ л тийм байсан. Еврог анх гарч ирэхэд дэмжиж байсан хүмүүсийн нэг бол би. Гэхдээ нэгдсэн нэг зохицуулагч хэрэгтэй байсан юм. Улс орон бүр юу хүссэнээ хийгээд байхаар өнөөдрийн ийм үр дүнд хүрч байгаа байхгүй юу. Гэхдээ нэгдсэн мөнгөний бодлоготой байх бас хэцүү бололтой.

-Еврогоор нэрлэсэн бонд гаргах санал дэмжигдэхгүй байгаа. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Уг нь евро, бонд гаргах нь асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой санаа мөн. Гэхдээ хямрал ид дундаа өрнөж байгаа энэ үед улс орнууд тохиролцоонд хүрч чадах нь юу л бол.

-Тэгэхээр энэ санаа хэтэрхий ярвигтай болохоос зөв гарц мөн хэрэг үү?

-Хэтэрхий ярвигтай ч гэж арай хэлж болохгүй. Улс төрийн бодлогын хувьд жаахан маргаантай л байгаа юм. Өнөөдрийг хүртэл Гер­ман, Франц, Итали зэ­рэг том орнууд харилцан зөвшилцөөд шийдвэр гаргаж байгаа. Ялангуяа Герман Евро бү­сийн гол төв болоод байна. Гэтэл евро бонд гаргаснаар тэдгээр орны нөхцөл байдал эрсдэлд орж, харин бусад жижиг орных сайжирна. Ийм эрсдэлтэй алхам хийхийг Герман дэмжихгүй байгаад л гол бэрхшээл нь оршиж байгаа юм.

-Германы Канцлер Ангела Меркел үүнийг хамгийн их эсэргүүцэж байгаа байх аа?

-Тийм. Дээрх шалтгаанаас болоод тэр хүчтэй эсэргүүцэж байгаа байх.

-Испанид нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Маш муу байгаа.

-Эдийн засгийн түвшин тогтоогч агентлагуудаас харьцангуй эерэг мэдээлэл цацсан шүү дээ?

-Би тэдгээр агентлагт ажилладаг шинжээч биш. Тийм учраас тэдний үнэлгээг үгүйсгэх аргагүй. Бодит нөхцөл байдал муу байгаа нь үнэн. Гэхдээ одоогийн байдлаар Испанийн жижиг банкууд аюулд ороод байгаа. Томоохон банкууд аюулгүй байгаа учраас бүр ч найдваргүй гэж хэлж болохгүй. Санхүүгийн тогтолцооноос гадна ойрын 10 жилд эдийн засгийн өсөлт гарах нь  уу үгүй юү гэдэг дээрээ тулаад байна.

-Өсөлт гарах болов уу?

-Цаашид юу болохыг таамаглахад хэцүү байна. Нэг талаасаа тэд эдийн засагтаа бүтцийн шинэчлэл хийх шаардлагатай. Евро бүсэд ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байгаа нь ч том асуудал. Ирээдүй бүрхэг байна.

-Одоо Евро бүсийн орнууд төсвөө танаж байгаа. Ийм үед эдийн засаг өсөх болов уу?

-Үгүй. Гэхдээ төсвөө та­нах тухай ярихаас илүүтэй санхүүгийн тогтолцоо дунд хугацаанд, найдвартай байх эсэх нь эргэлзээтэй. Харин богино хугацаанд улс орон бүрт янз бүр байна. Грек, Ирландад тогтворгүй байгаа бол бусад орны хувьд харьцангуй гайгүй байна. Эдийн засаг өсөх эсэх нь бүс нутгийн хэмжээнд гэхээс илүү тухайн улс орон бүрээс өөрсдөөс нь хамаарна.

-Грекийн Засгийн газар төсвийн зардлаа танаснаас болж хүмүүс гудамжинд жагсч байна?

-Иргэд мэдээж үүнд дургүйцнэ. Гэхдээ Грекийн хувьд төсвөө танахаас өөр ямар ч аргагүй гэдгийг эсэргүүцлээ илэрхийлж байгаа тэр хү­мүүст ч ойлгомжтой зүйл. Олон улсын валютын сангийн зүгээс энэ бүх ярвигтай асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцохыг зорьж байгаа. Хэрэв би грек хүн байсан бол магадгүй тэр жагсагчдын дунд зогсч байх байсан биз. Тэдэнд ямар хүнд байгааг би ойлгож байна. Гэхдээ ингэхээс өөр арга байхгүй гэдгийг тэд бас ойлгож байгаа.

-Их Британид их сур­гуулиудын төлбөр нэмснээс болж жагсагч оюутнууд ханхүү Чарлезийн машин руу хүртэл дайрсан шүү?

-Олон улсын валютын сангийн зээл тусламжийн хүрээнд төсвийн алдагдлаа маш бага түвшинд барихыг шаарддаг. Алдагдлаа буу­руулахын тулд татвараа нэмэх зэрэг олон арга хэрэглэж болно. Энэ бол тухайн орны Засгийн газрын сонголт, хариуцлага.

-Ирэх онд дэлхийн эдийн засаг ямар байх бол?

-Эдийн засаг сэргэж байгаа. Гэхдээ газар бүрт харилцан адилгүй. Европт л гэхэд ямар ч баталгаа алга. Харин дэлхийн нөгөө хэсэг болох Ази, Өмнөд Америкийг сайхан ирээдүй хүлээж байна.

-Туркэд?

-Турк, түүнээс гадна Африкийн орнуудад ч дотоодын нийт бүтээгдэхүүн өсч байгаа. Дэлхийн ихэнх орны эдийн засаг сэргэж байна. Харин АНУ-ынх тодорхойгүй, Европыг бүр муухан ирээдүй хүлээж байна.

-Энэ бүхэнд Олон улсын валютын сан ямар үүрэгтэй оролцож байна вэ?

-Хэд хэдэн үүрэг бий. Нэгдүгээрт, хямрал ид өрнөж байгаа орнуудад зөвлөгөө өгөх, санхүүгийн тусламж үзүүлэх зэргээр асуудлыг шийдвэрлэхийг оролдож бай­на. Хоёрдугаарт, дэлхийн эдийн засгийг нэгтгэж, улс орнуудыг хооронд нь холбох нөхцөл болж байна. Өнөөгийн энэ нөхцөл байдалд тухайн     нэг улсын асуудал дэл­хий нийтэд хамааралтай болчихоод байгаа шүү дээ. Их 20-ийн орнууд хамтран шийдвэр гаргаж байж ам­жилттай ажиллана. Бид тэдний холбогч болж байна.

-Их 20-ийн орнууд нэгдэж чадаж байна уу. Хамгийн сүүлд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр л гэхэд нэлээд санал зөрөлдөөнтэй байсан?

-Энэ бол байдаг л зүйл. Улс орон бүр өөрийн гэсэн ашиг сонирхолтой. Харин үүнийгээ хангаж, нэг шийдвэр гарган хамтарч ажиллах нь чухал юм. Бидний хувьд тэднийг судалгаа, мэдээлэл, зөвлөгөөгөөр хангадаг. Улс орнуудын хувьд ядуурлыг бууруулах нь тэргүүний  алхам. АНУ, Европ үүнийг хангаж байгаа. Харин Хятад хүсэхгүй байна. Хятадын тухай яръя гэвэл олон улсын эдийн засгийн тэнцвэр харилцаа алдагдаж байгаа тухай давхар сануулах хэрэгтэй болдог. Худалдааны илүүдэл их гарч байгаа орнууд хямрал бий болох нэг гол шалтгаан юм. Үүний хамгийн тод жишээ Хятад, АНУ байна.

-Хятадын хувьд Герман, АНУ зэрэг хоёр, гурван оронтой хийсэн худалдаа нь илүүдэлтэй гарсан. Ихэнх оронтой алдагдалтай худалдаа хийсэн шүү дээ?

-Тийм. Яагаад гэвэл Хятад түүхий эдийн томоохон импортлогч орон.

-Хятадаас гадна Бразиль, Чили зэрэг орон байна?

-Тийм. Ялангуяа сүүлийн зургаан сар энэ байдал их ажиглагдаж байгаа. Гэхдээ саяхнаас Хятадын худалдааны илүүдэл буурах хандлагатай болсон нь сайн хэрэг. Харин АНУ-ын хувьд төсвийн алдагдал нь буурахгүй байна. Тийм учраас АНУ-ын алдагдал их байгаа нь Хятад юаниа ам.доллараас уяснаас болсон гэж тайлбарлаж болохгүй. Зарим талаараа тийм байж болох ч АНУ-ын эдийн засгийн уналт бүхэлдээ Хятадаас хамааралгүй.

-Тэгээд хүмүүс яагаад Хятадыг буруутгаад байгаа юм бол?

-Хятадад 100 сая хүн ажиллаж байна. Ажиллах хүчний зах зээлээ нэмэгдүүлж, хэрэглээ, зардлаа ихэсгэх, ядуурлыг бууруулах зэрэг олон ажил тэдэнд бий. Хятадын хувьд дотоодын хэрэглээ гэхээс илүү экспортод түшиглэж эдийн засгаа хөгжүүлсэн. Тийм учраас энэ орны үнэлэмж нь дээшилсэн хэрэг.

-Бүгд дотооддоо анхаа­рахгүй байгаа энэ үед хамтарч нэгдсэн нэг шийд­вэрт хүрч чадах уу?

-Үүнд жишээ нь юанийн талаар авч үзье. Юанийн ханшийг сулруулсан нь Хятадын эдийн засагт богино хугацаанд ашигтай байгаа ч урт хугацаанд тийм ч таатай байж чадахгүй. Ийм үед хамгийн зөв шийдвэр бол юанийн ханшийг тэнцвэртэй түвшинд барих явдал. АНУ-ын хувьд төсвийн алдагдал их гарч байгаа нь том асуудал болсон. Тиймээс тус улсын Засгийн газар эдийн засгаа дэмжиж, мөнгөний бодлогоо тэлж байгаа нь маш зөв зүйтэй санаа гэж бодож байна.

-Гэхдээ АНУ-ын Сан­хүүгийн  хорооны зарим гишүүд мөнгөний бодлогоо тэлж байгаа нь төсвийн алдагдал улам ихсэх үндэс болно хэмээн энэ саналыг эсэргүүцэж байгаа?

-Богино болон дунд хуга­цаанд энэ аюултай. Гэхдээ урт хугацаанд тийм ч таагүй үр дүн гарахгүй гэж бодож байна. Гэхдээ Санхүүгийн хорооны гишүүдийн хувьд эдийн засаг богино ба дунд хугацааны өсөлтөд анхаардаг учраас тэгж тайлбарлах нь аргагүй.

-Гадаад өрийн хямралын тухай ярья. Өнөөдөр Ис­панийн гадаад өр асар их гарч байна. Гэтэл Грек, Ирландад санхүүгийн тус­ламж өгсөн хэрнээ Испанийг асуудлаа өөрсдөө шийд гээд орхиж болох уу?

-Энд бүтцийн тухай ярих хэрэгтэй. Мэдээж хэрэг Испанийн гадаад өр их байгааг үгүйсгэхгүй. Гэтэл тухайлбал Ирланд бол жижигхэн орон. Тийм учраас гадаад өр зэрэг асуудал нь банкны салбартаа нөлөөлж байна. Эдийн засгийн хэмжээтэй харьцуулаад үзэх юм бол Испаниас илүү Ирландын нөхцөл байдал муугаар эргэж мэдэхээр байна. Нөгөө талаас Евро бүсэд нэгээс нөгөөд халдварлан тархаж байгаа нь муу хэрэг.

-Хямарч байгаа орнуудын банкууд Герман, Францын банкуудаас их хэмжээний зээл авчихаад байгаа. Тий­мээс тэдний асуудал бусад оронд ч халдварлаж болох нь ээ?

-Ерөнхийдөө бол энэ нь баталгаагүй, найдвар муутай хөрөнгө оруулалт болсон. Гэхдээ үүний ачаар бүхэл бүтэн улс орон аврагдаж байгаа юм шүү.

-Тэгэхээр хямралыг хамтдаа үүрэх хэрэгтэй гэсэн үг үү?

-Энэ л хамгийн том асуудал. Нэг талаас хэрэв тухайн улс асуудалд орвол татвар төлөгчдийнхөө мөнгөөр түүнийгээ шийдвэрлэх ёс­той болохоос биш банкны сис­темдээ энэ ачааг үүрүүлж болохгүй.

-Холбооны нөөцийн сан “QE” хөтөлбөрийнхөө хү­рээнд АНУ-ын Засгийн газрын бонд худалдан авч байгаа. Зах зээл дэх ам.долларын нийлүүлэлтийг ихэсгэсэн. Хятад юанийн ханшаа богино хугацаанд сулруулахгүй байгаагаас ийм хариу арга хэмжээ авч байна гэж өөрсдөө тайл­барлаж байна. Гэтэл энэ нь бусад орны эдийн засагт сөргөөр нөлөөлөх болсон?

-АНУ-ын эдийн засаг дэлхийд тэргүүлэгч байр суурьтай хэвээр байгаа. Энэ орны эдийн засгийн өсөлт бүгдэд хамааралтай. Хүчтэй, тогтвортой байж гэмээнэ Европт ч ашигтай.

-Зөвхөн Хятад төдийгүй Бразиль ч бас энэ талаар ярих болсон?

-Тэргүүлэх эдийн засагтай орон гэдэг утгаараа АНУ-ын нөхцөл байдал муудаж болохгүй.

-Гэхдээ сүүлийн үед өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнуудын байр суурь хүчтэй болж эхэлсэн?

-Тийм ээ. Хүчний тэнцвэр өөрчлөгдөж байна. Гэхдээ хөгжингүй орнуудын үүрэг их байгааг мартаж болохгүй. Миний анхаарлыг хамгийн их татаж байгаа зүйл бол инноваци буюу шинэчлэл, боловсролын салбар. Хөгжиж буй орнуудын хувьд техник, технологийн хөгжилдөө ан­хаарал хандуулж гэмээнэ байр суурь нь улам бэхжих юм.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж