Олон улсын мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос 2022 онд Катарт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зун биш өвөл зохион байгуулах саналтай байгаа гэнэ. Учир нь тус улсад зуны улиралд +50 хэм хүртэл халдаг учир хэт халууны асуудлыг шийдэхийн тулд дэлхийн аваргыг өвлийн улиралд зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа ажээ. Энэ талаар FIFA ч нааштай хандаж байгаа. Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Зепп Блаттер 2022 оны дэлхийн аваргыг нэгдүгээр сард зохион байгуулах боломжтой хэмээн мэдэгдсэн юм. FIFPro буюу Олон улсын мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооноос мэдэгдэхдээ энэ өөрчлөлтийг хийх нь тийм ч хүндрэлтэй биш гэдгийг онцолсон байна.
FIFA-гийн удирдах зөвлөлөөс энэ сарын 2-нд Швейцарийн Цюрих хотноо 2018 болон 2022 оны дэлхийн аваргын “нийслэл”-ийг сонгосон бөгөөд Катар улс Австрали, Япон, Өмнөд Солонгос болон АНУ-ыг ардаа орхиж, сонгогдсон юм. Уламжлал ёсоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургаа, долдугаар сард болдог боловч Катарын тухайд энэ үеэр дунджаар +41 хэм, халуун үед +50 хүртэл халдаг, дээр нь хэтэрхий чийглэг учир шүүмжлэлд өртөөд байна.
С.Цэлмэг