Төрийн албаныхан баярлаж сурмаар байна

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Төрийн албаныхан баярлаж сурмаар байна

Улаанбаатарт…Улс даяар ажил хийж байгаа хүн байна уу. Ажлын байрандаа ажлаа хийж, хариуцсан албадаа эзний ёсоор хандаж буй хүн олдох нь уу…Эрлийн үзүүрт эзэнгүй хайлт. Эрх биш эмч нар ажиллаж байгаа гэтэл бас л байхгүй. Шалтгааныг нь асуувал шинэ жилийн баяр гэнэ. Баярлаж болох ч бардам амлалт, бариа зөрүүгүй хүний амийг эрсдэлд оруулан байж баярлаж болох уу.

Аль эмнэлэг, ямар эмч гэдгийг нь энд онцгойлон тодруулах хэрэггүй биз. Гэсэн ч тойрог дунд нь шаардлага тавихад нэг үдэш шинэ жил тэмдэглэхийн тулд өдрийн цагаа гоёлд зарцуулж, өвчтөнөө найрын ширээний золиосонд оруулах нь хэтэрхий зохимжгүй үйлдэл биш үү. Өргөсөн тангаргаа өнгө өнгийн гоёлын саа түрхүүлж, өөрийгөө хамгийн сайхан харагдуулахын төлөө зөрчинө гэдэг хэтэрхий увайгүй үйлдэл санагдана.

Өглөө нь эмнэлгийн үүдэнд дугаарлаж, дугаарлаж, өөр дээр нь очсон өвчтнийг “Одоо үзэхгүй ээ. Манай эмнэлэг өнөө орой шинэ жил тэмдэглэнэ” гэж хэлэх тэр бүдүүн зүрхтэй эмч өнгөрсөн жил, өнөө жил, ирэх жил…Магадгүй тэтгэвэрт гартлаа энэ үгийг хэлэх нь тодорхой. Цаг наргүй ажилладаг гэдгээ гайхдаг хэрнээ цагаан сар, шинэ жил болохоор баярын сэтгэгдэлд хөлгүй догдлох нь арай л ахадсан цэнгэл баймаар.

Бас болоогүй ээ, багш нар хичээлээ хагас дутуу заахыг энэ цаг үед аль ч дунд сургуулиас харж болно. Сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэн хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг ч “Өнөөдөр орой шинэ жилтэй тул хүүхдүүдээ хичээл орохгүй шүү” гэх аж. Дээр нь, шинэ жилийн урлагийн үзүүлбэрт бэлдэх нэрийдлээр хичээлийн цагийг хумсална. Ингэж баярлах нь багшид л сайхан байна уу гэхээс хүүхдээ сургуульдаа сурч байгаа гэж бодох эцэг, эхэд таатай байх уу. Хүүхэд нь суралцах ёстой цагтаа гадуур зугаалж, багшийн буянаар байр савны орц хонгилоор компьютер тоглоом эргүүлж, үл бүтэх этгээдүүдийн өлөн нүдний хор гаргах нь аймшигтай биш гэж үү. Баярлах сургаар байдаг ажлаа хойш нь тавьдаг Монголын энэ жишиг хэзээ моодноос гарах  болоо.

Төрийн албаныхан ч гэж адилхан. Шинэ жилтэй уралдаж, гоёлын хувцас эрж, хэрхэн гангалахаас өөрийг бодохгүй хүүхнүүд. Эрчүүд нь гэж бас дутахгүй санаатай. Ажил ярих гээд орохоор олонх нь ажлын байрандаа байхгүй. Байгаа нь интернэтээр сэлгүүцэж, энд тэндэхийн сайтаас хов жив уншиж, хорчин сэтгэгдэл бичихээс өөрийг хийхгүй. Сайд, дарга нар нь баярын урилгад дарагдахтай зэрэгцээд л ажлаа ажил бус хийдэл болгох дадал зуршилтай.

Сайд дарга нар, УИХ-ын гишүүд ч орой бүр хүлээн авалтын ширээ хэсч, улс төрийг уух ундаа, уурших архитай хамтад нь зооглох хэнээтэй. Юу яасан нөгөө ирэх оны улсын ажил. Ирэх оны их бүтээн байгуулалт. Урьсан болгонд талархаж, урагшлах зүг нь шинэ жилийн үдэшлэг болчихсон. Одоо бүр томоохон яам, агентлагийн газрууд нь шинэ жилийн сургаар дор бүрнээ уралдаан зарлаж, өөр хоорондоо урлагийн авьяасаараа ач тач уралдана гээд итгэчихсэн хүмүүс. Ямар ч их мөнгөтэй, яасан ч их завтай юм бэ дээ.

Том, жижиг продакшнаар өөрс­дийн оролцон тоглосон клип хий­лгэж, мэндчилгээнд хүртэл тө­лөх төлбөрөөрөө уралдаж бай­на. Уг нь С.Баяр гишүүнийг Ерөн­хий сайд байх үед “Төрийн албан хаагчид төрийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй” гэсэн онцгой утга бүхий захирамж гарч байсан. Тэр захирамж нь Ерөнхий сайд С.Батболдын үед хэрэгжих бүрэн үндэслэлгүй байсан бол учир шалтгааныг нь зарлахад яагаад болохгүй гэж. Хувийн хэвшлийнхэн шиг улсын төсвийн ихэн­хийг бүрдүүлж, татвараараа тэжээж байгаа бол төрийн удирд­лагын аппаратынхан ч, тө­рийн үйлчилгээний албаныхан ч ингэж баярлах нь зүйн хэрэг. Гэтэл хувийн хэвшлийнхэн хэзээ ч ингэж ажлаа хаяж баярлана гэж байхгүй. Цаг тутамд өөрсдөө мөнгө олж, тэр мөнгөөрөө зөвхөн өөрийгөө ч бус өрөөл олныг, тэр дундаа төрийн албаныхныг тэжээж байгаа учраас тэд хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг. Харин төрийн албаны тэжээлгэгчид л ийм увайгүй бас цадиггүйгээр баярлах эрхтэй нь төр гэгч монополь бүтцийн язгуур эрх бололтой.

Баярлахын тулд монополь байдлаа ашигладаг тэд яагаад бусдад хал балгүйгээр баяраа тэмдэглэж болохгүй гэж. Зүгээр нэг үдшийн л шоу, цэнгээн биз дээ. Ийм үнээр баярлаж, цэнгэлээ гээд тэд юу хожих юм бэ мэд. Ямартай ч хэтэрхий гэмээр урт үргэлжлэх энэ баярын ард хариуцлагаа ядаж ухамсарласан хүн цөөхөн байгаа гэж найдая. Баярласан шиг баярлахын тулд заавал ажлаа орхигдуулж, өөрийнхөө цэнгэлийн төлөө бусдын эрх ашгийг хөндөөд байвал үүн шиг тэнэглэл гэж олдохгүй биз ээ.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж