Италийн шигшээг дэлхийн аваргын цомд хөтөлж байсан дасгалжуулагч Энцо Беарзот 83 насандаа өвчний улмаас таалал төгсчээ. Беарзот 1977 оноос эхлэн найман жилийн турш “Аззури”-г удирдаж, 1982 оны Испанид болсон ДАШТ-д Бразил, Аргентин болон Баруун Германы хүчирхэг багуудыг ардаа орхиж, багаа дэлхийн аварга болгосноор Италийн үндэсний баатар болсон юм. Дэлхийн аваргын үеэр Бразилийн хүчирхэг багийг 3:2 харьцаатай буулган авахад Паоло Росси хет-трик хийсэн нь дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн гайхалтай, торгон агшнуудын нэг хэмээн мөнхөрсөн билээ. Харин Росси Италийн хөлбөмбөгийн түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяа байгуулсан Беарзот таалал төгссөнд гүнээ эмгэнэж буйгаа илэрхийлээд, Италийн “Анса” агентлагт өгсөн ярилцлагадаа “Энцо Беарзот бол XX зууны Италийн хамгийн агуу хүмүүсийн нэг байлаа. Яг л эцэг шиг минь байдаг байсан. Би түүнд асар их өртэй” хэмээн ярьжээ.
Беарзот “Интер Милан”, “Турин” зэрэг Европын хүчирхэг багуудад тоглож байсан ч дасгалжуулагчийн хувиар амжилтын оргилд хүрсэн юм.
С.Цэлмэг