Лондонг зорих өрсөлдөөн

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Лондонг зорих өрсөлдөөн

Монголын жүдочид аль хэдийнэ дэлхийд данстай болжээ. Манай бөхчүүдээс дэлхийн тамирчид айдаг болж. Хэзээ, ямар мэх хийх бол гээд л. Хуучин акулуудаас гадна залуу тамирчид ихээр гарч спорт сонирхогчдыг байлдан дагуулах болов. Тэдний нэг нь -100 кг-ын жинд барилддаг олон улсын хэмжээний мастер Б.Тэмүүлэн. Олон улсын жүдо бөхийн холбооны гаргасан шинэчилсэн чансаанд тэрээр 13 дугаарт жагссан байгаа юм. Жүдогийн  өлгий нутаг гэгдэх Их наран улсад бөхийн эрдэм заалгасан тэрээр өдгөө олон улсад Монголын нэрийг гаргаж явна. Олимпийн аваргатай ана, мана үзэлцдэг түүнийг жүдогийн шигшээ багийнхан ирээдүйд улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулах чадалтай тамирчин хэмээн ам сайтай байдаг. Үүнийгээ шинэ он гарснаас хойш хоёр ч удаа нотлон харууллаа.

Дэлхийн шилдэг 16 жүдоч оролцдог “Мастер”-аас Б.Тэмүүлэн хүрэл медаль хүртсэн. Харин энэ удаа Будапештийн татамигаас мөнгөн медальтай буулаа. Олимпийн аварга ахтайгаа аваргын төлөөх барилдаанд эн тэнцүүхэн өрсөлдсөн ч эцсийн мөчид даралтаар ялагдсан. Түүнд дор хаяж гурван олимпод оролцох нас байна. Жүдогийн эрдмийг Японд заалгасан болоод ч тэр үү хөл мэхийг гаргуун сайн хийдэг. Түүнийг улсын заан Ц.Баярсайхан зааны хүү гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Өмнө нь олимпод ямар тамирчин явуулахаа манай шигшээ багийнхан төвөггүйхэн сонгодог байсан бол энэ удаа хүндрэл учрах нь. Жин тус бүрийн шилдэг 20 бөх олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцдог журамтай. Гэхдээ орон орноос нэг л тамирчин байх ёстой. Гэтэл яг чансаагаар нь бодвол манай хоёр тамирчин олимпийн наадамд зодоглох болоод байгаа юм. Бээжингийн олимпоос хойш нам гүм байсан Н.Түвшинбаяр саяхнаас тэсрэлт хийж хоёр тэмцээнээс дараалан алт, мөнгөн медаль хүртлээ. Ингэснээрээ дэлхийн чансааны 17 дугаар байрт жагсах болсон. Нэг ёсондоо олимпод орох болзлоо хангалаа гэсэн үг. Гэхдээ олимпийн оноо олгох тэмцээн дөнгөж эхэлж байгааг санах хэрэгтэй. Н.Түвшинбаярын хувьд ирэх жил аварга цолоо хамгаалж чадах болов уу гэсэн бодол мэргэжилтнүүдийн толгойд эргэлдэж байна. Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн хоёрын хэнийг нь олимпийн дэвжээнд гаргах вэ гэж дасгалжуулагч нар одооноос ухаанаа уралдуулж байгаа нь лавтай. Олимпийн аваргын анхны багш Х.Болдбаатар өөрийн шавиа Лондонд дахин сойхын төлөө зүтгэх нь тодорхой. Зөвхөн Х.Болдбаатар ч биш жүдогийн холбооныхны талаас илүү хувь нь олимпийн аваргыг дэмжиж байгаа биз. Яагаад гэвэл түүний нас ч явж байгаа. Зуны спортын XXX наадам Н.Түвшинбаярын хувьд сүүлийнх ч байж мэднэ. Бас аварга цолоо хамгаалах ёстой гэсэн үүднээс илүүтэй дэмжих бодлого барих биз. Харин Б.Тэмүүлэн бол хурдацтай өсч яваа залуу тамирчин. Гэхдээ олимпийн аваргыг бодвол туршлага дутуу гэсэн үнэлгээг жүдогийн дасгалжуулагч нар өгсөн байдаг юм билээ. Магадгүй тийм байж болох. Харин ур чадварын хувьд аваргаас нэг их дутаад байхгүй. Оролцсон тэмцээн бүрдээ үүнийгээ харуулдаг. Гэхдээ л дасгалжуулагч нар олимпийн аваргад найдлага тавьж, залуу тамирчин Б.Тэмүүлэн энэ удаа ахдаа зайгаа тавьж өгөх биз. Юу болохыг харж л байя. Ер нь бол зөвхөн -100 кг-ын жин ч биш. Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн хоёр жинд олимпод хэнийг явуулахаа шийдэх гэж нэлээд зовдог. Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг гээд яг нэгэн жигд амжилт үзүүлж байгаа шилдэг залуусаас нэгийг авч яваад хоёрыг нь үлдээнэ.

Б.Мөнхзул.

Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж