Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх тухай асуудлыг авч хэлэлцэх аж. Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д ажлын айлчлал хийх үеэр ОХУ тус нийгэмлэгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор 125 сая ам.долларыг өгөхөөр болсон юм. Тиймээс Монгол Улс мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх хүрээнд 125 сая ам.долларыг гаргах асуудлаа нэн даруй шийдвэрлэхээр болсон бололтой.
Мөн өдрийн хуралдаанаар нуцын зэрэглэлтэй хоёр ч асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын санаачлан боловсруулсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг авч хэлэлцэх юм байна.Монгол Улсын виз олгох журмын төсөл, Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон тэднийг бүртгэх журмын төсөл, Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад оруулахгүй байх хугацааг тогтоох журмын төсөл ч мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.
Г.Дарь