Манжингаас махсах хятад довтолгоо

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Манжингаас махсах хятад довтолгоо

-Нийслэлийн хүн ам өдөрт дунджаар 203 тонн, жилд 74 мянган тонн мах, хоногт 180 грамм ясгүй мах хүнсэндээ хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Хаврыг гурван сараар тооцвол дээрх хэрэглээ, нөөцөлсөн махны тоо хэмжээ махны үнийг магнаг болгохгүй гэсэн баталгаа алга-

Сүүлийн үед нийслэлд төдийгүй орон нутагт махны нийлүүлэлт эрс багасч, үнэ ханш нэмэгдсэн нь иргэдийг ихэд бухимдуулж байна. Махны үнийн хөөрөгдлийг зуд турхан, ченжүүд, шүлхий, хувь хишиг болох бэ­лэн мөнгө тараалт гээд өөр өөрийнхөөр тайлбарлах хүн олон.  Өчигд­рийн байдлаар “Хүчит шон­хор” хүнсний худалдааны төв дээр ямааны цул мах кг нь 3000, ястай нь 2600, хонины цул мах 3500, ястай нь 3100, үхрийн цул мах 4000, ястай нь 3800, адууны мах 2800-3000 төгрөгийн байлаа. Харин тарган хонины бүтэн мах 70-90 мянга, үхрийн гуя 60-80 мянган төгрөг болж байв. Үүнийг хоёр долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад махны үнэ килограмм тутамдаа 200-500 төгрөгөөр нэмэгджээ. Үндэсний статистикийн хорооны хүнсний гол нэ­рийн барааны үнийн судал­гаагаар арванхоёрдугаар са­рыг арваннэгдүгээр сартай харь­цуулахад хонины махны үнэ 1.4-4.1 хувиар, үхрийн мах 7.7-9.2 хувиар өссөн байна. 

Шинэ оноос өмнө ахуйн хэ­рэг­­лээ, хүнсний хэрэг­цээгээ базаахаар хэдэн малаа нядлан их хотыг зорьж ирсэн нутгийн нэгэн найзынхаа “Маргааш өглөө эртхэн зах гарч мах бөөндөх санаатай” гэх үгийг сонсуут хамт явахаар шийдлээ. Нийслэлчүүдийн мах­­ны хэ­рэг­цээний дийлэнхи хувийг хангадаг “Хүчит шонхор” худалдааны төвд үүрийн 04:00 цагаас эхлэн өнөөх сайн, муу хэлүүлдэг махны ченжүүд гаднаас ачаатай орж ирэх орон нутгийн дугаартай машинуудыг ангуучлан хөөж, булаацалдан зарим үед үнэ ханшийн тохироон дээрээс болж, хоорондоо гар зөрүүлэхээс тэр өдрийн ажил эхэлдэг аж. Биднийг тус захын хаалгаар оронгуут гэрэлд хэд хэдэн газарт дөрөв таваараа бөөгнөрөн зогсох хүмүүсээс гадна ачааны голдуу хэдэн автомашин урд талын зогсоол дээр харагдана. Бөөгнөрөн зогсох хүмүүсийн нэг болох нэг залуу хүрч ирэн тамхилснаа хаанаас ирсэн, хэдэн тонн юуны мах байгааг асуугаад 40 гаруй хонь, ямаа нийлсэн гулууз махыг бөөнд нь хамгийн дээд ханш болох ямааны махыг кг-ийг нь 2000, хониныхыг 2800 төгрөгөөр шууд авья, үүнээс дээш ханш өнөөдөр энэ зах дээр байхгүй гэлээ. Найз маань улиралд бараг л нэг удаа ирж, бүх хэрэглээгээ хангаад буцдаг учир над руу дөхөж ирснээ “Боломжийн үнэ хэлж байна. Урьд нь хэзээ ч ингэж үнэ хүргэж байсангүй. Гэхдээ дахиад цаагуур тойроод ирье. Аз нь шовойвол 100, 200 төгрөгөөр ахиу авах хүн байх ч юм бил үү, хэн мэдэх вэ. Энэ ханшид махаа өгчихвөл найз нь ирэх намар машинаа солих хэдэн төгрөг жоорлоно оо” гэж хэлээд цаад буланд зогсох хэсэг хүмүүс рүү очсон ч үр дүнд хүрсэнгүй бололтой, эхлээд ярьсан залууд махаа өгөхөөр боллоо гээд хүрээд ирлээ.  Анх хэлсэн үнэ дээр 100 төгрөг нэмснээр хоёр битүү чингэлэгтэй хоёр цагаан машиныг манай машинтай зэрэгцүүлж зогсоогоод, гурван залуус 30 гаруй минутын дотор ачиж дууслаа. Мах ачих хооронд наймаа тохирсон Н гэх ченж залуутай махны үнэ ханшийн талаар хөөрөлдөхөд “Яг үнэндээ энэ зах дээр зогсоод гурван жил гаруй болж байна, өмнө нь ноолуур дээр зогсдог байсан. Зүүн аймгуудаас махны нийлүүлэлт зогссон нь үнэ өсөхөд нөлөөлж байгаа гэх үү дээ. Учир нь тээврийн зардал нь ойрхон болохоор хямд, тарга тэвээргийн хувьд ч сайн байдаг. Баруун аймгуудын мах тээвэрлэлтийн зардал, жил дараалан зуд болж байгаа болохоор тарга тэвээргийн хувьд тиймхэн” гээд холдлоо. Найзтайгаа сэм хуйвалдан маргааш үлдсэн махаа бөөндмөөр байна гэхэд өнөөх ченж “Заавал зах ирнэ гээд яах вэ, шууд Эмээлт захын …дугаар манай махны агуулах руу аваад оч. Манайх байнга мах өндөр ханшаар авч байгаа. Цаад эзэн маань хятад хүмүүс байдаг болохоор мөнгө төгрөгний тал дээр асуудалгүй” гээд, утасныхаа дугаарыг өгснөөр наймаа өндөрлөж, хоёр сая гаруй төгрөг өвөртөлсөн бид тэндээс гарахад өглөөний 07:00 цаг болж байв. Лангуун дээр суудаг махны худалдагч хүүхэн “Бид чинь өдөр тутмынхаа түрээс, өөрсдийн хэрэглээнээс илүү гаргах мөнгө багатай болохоор өглөө эрт ирж бөөндөж авах чадвар байхгүй. Тэгээд ч сүүлийн хоёр сард мах орж ирэх нь эрс ховордоод байгаа. Мөнгөтэй ихэнх ченжүүд өглөө эрт бөөндөж аваад нөөцлөөд гаргаж ирэхгүй болохоор бидэнд дамжуулж бөөнддөг нь ховордоод хэцүү байна” гэснээс өөрийг хэлэхийг хүссэнгүй.

Хэдэн жил малын зах бараа­дан амьдралаа залгуулж яваа найзын “Хотын та нар малчдыг л ад үзэх юм. Манай хот айлаар өдөртөө хичнээн ченжүүд орж, гардаг гэж бодно. Нэг хонийг амьдын жингээр бодож 20,30 мянган төгрөгөөс хэтрэхгүй авна гээд хэдэн бор төгрөг харуулна. Малаа ачаад оруулж ирэх чадваргүй нь халуунд халж, хүйтэнд хөрж өсгөсөн малаа өр нэхүүлэхийн эрхэнд тоолоод л өгнө. 500-гаас дээш малтай хүн л хот руу мал мах оруулж ирэх унаа тээврийн зардал гаргаж чаддаг юм шүү дээ. Бусад малчид бэлэн мөнгөгүйн эрхээр сумын хэдэн дэлгүүрийг тойруулаад өр тавина. Өрөө нэхүүлээд ирэхээр өнөө хэдэн ченжүүдэд өгөхгүй гээд яахав. Мал байхгүй бол махыг хэдэн төгрөгөөр худалдаж идэх байсан бол. Малчдыг ад үзэхээсээ өмнө махны хэдэн ченжүүдийн аманд багтдагаа болих хэрэгтэй. Орон нутагт мах комбинатуудыг яаралтай байгуулвал энэ дамжлагууд хараг­даж, хэн хэндээ хэрэгтэй л байх даа” гэсэн үг нэгийг бодуулж байв.

Ямар ч байсан махны үнэ ханш өсгөөд байгаа ченжүүдийн халаас зузаан байгаа нь хятад эзэнтэй холбоотой нь үнэн бо­лолтой. Харин хаврын тарчиг цагаар маньдаа өндөр үнээр ний­лүүлэх үү, эсвэл хил гааль гэх мэт байгууллагын эрхэм эрх мэдэлтнүүдтэй үгсэж Эрээний зах зээлд монгол төгрөгөөр тооцвол арав гаруй мянган төгрөгөөр худалдаалж хятад эзэнтний хэтэвчийг түнтийлгэх үү гэдэг нь таавар. Хаана ч махаа худалдсан мань хятадуудын бизнесийг мал­чид болоод хэрэглэгч бидний буянаар халаасыг нь түнтийлгэх нь ойлгомжтой. ХХААХҮЯ-ны холбогдох албаны дарга Ч.Энх-Амгалан “Ирэх хавар нийслэл хо­тын хэмжээнд худалдаанд гар­гах нөөцийн мах 15 мянган тонн бэлтгэсэн болохоор хан­галттай” гэж “ам таглан”, хятад худалдаачдын нөөцөлж байгааг хууль хяналтынхан шалгахаас биш, бидний асуудал биш гэж өөрөөсөө холдуулан, бусад руу тохож байлаа. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Одоогоор 70 гаруй мян­ган тонн хятад хүмүүсийн бэлтгэсэн бог малын махыг хураах эрх байхгүй ч хяналтандаа аваад байна. Хэрэв хууль зөрчиж, хилээр гаргах зэрэг үйлдэл хийвэл газар дээр нь арга хэмжээ авна” гэсэн сүржин даржин мэдээлэл хийж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх эрх аль ч аймаг орон нутагт төрийн байгууллагад нөлөө бүхий танил талаар гарч ирдэг сурагтай. Нэг нь нөгөөгөө дэмжсэн, өнөө маргаашийг аргацаасан ажлаа зогсоож, орон нутагт мах комбинатууд байгуулвал малчид болоод нийслэлчүүдэдээ хэрэгтэй сэн. Нөгөө талаар хичнээн ажлын байр нэмэгдэх билээ. Нийслэлийн хүн ам өдөрт дунджаар 203 тонн, жилд 74 мянган тонн мах, хоногт 180 грамм ясгүй мах хүнсэндээ хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Хаврыг гурван сараар тооцвол дээрх хэрэглээ, нөөцөлсөн махны тоо хэмжээ махны үнийг магнаг болгохгүй гэсэн баталгаа алга. Авсан цалин, олсон хэдэн бор төгрөгөөрөө мах авч идэх үү, махнаас гарч манжин ногоо идэх үү гэдэг ирэх хавар иргэдийн толгойны өвчин болох вий.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж