“Урт нэртэй” хуулийн урт маргааны шийдэл

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

“Урт нэртэй” хуулийн урт маргааны шийдэл

“Урт нэртэй” хуулийг тойрсон мэтгэлцээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед хүчтэй өрнөж байна. Ажиглаад байхад лиценз хураах нь зөв, буруу гэсэн хоёр байр суурь байна. Эдгээрийн аль алийг нь зөв буруу гэхэд тун хэцүү. Учир нь энэ талаар дүгнэлт гаргахад шаардлагатай тоо баримт харагдахгүй байгаа юм. Уул уурхайн компаниудад гаргасан тооцоо байна. Үүнд орд газрын нөөцийн өртөг, лицензийн үнэ, банкны хүү гэх мэт тооцох боломжтой бүх тооцоог хамруулсан нь мэдээж.  Харин засгийн газар, иргэний хөдөлгөөн, ТББ-уудаас гаргаж буй тооцоо харагдахгүй байна. Байгаль орчноо хамгаалах хэрэгтэй , гол горхи ширгэлээ гэсэн ерөнхий үндэслэл гаргаж байгаа гэж ойлгогдож байна. Энэ бол зүгээр хүмүүст байдаг үнэт зүйлсийн л илэрхийлэл болохоос шийдвэр гаргахад хангалттай үндэслэл болж чадахгүй. Энэ нь тус шийдвэрийг буруу гэж байгаа юм биш, харин хангалттай шинжлэх ухааны үндэслэл алга л гэж байгаа юм. Тиймээс л уул уурхайн компаниуд, олон нийтэд энэ талаар эргэлзээ, шүүмжлэл, үл итгэл байгаа юм.

Засгийн газар, төрийн байгууллагууд аливаа шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэл бүхий өртөг-үр ашгийн тооцоон /cost benefit analysis/ дээр тулгуурлаж гаргах нь хамгийн үр дүнтэй, зөв болохыг орчин үеийн менежментийн ухаан, олон тооны судалгаа батлаад байгаа. Үүнийг байгаль орчны шийдвэр дээр ч ашиглаж байна. “Урт нэртэй” хууль бол яахын аргагүй ийм тооцоо шаардсан шийдвэр. Хэрвээ засгийн газраас төр, олон нийтийн өмчид байдаг байгаль орчны үнэлгээг зөв тооцож чадвал заавал ийм олон компаний лицензийг хурааж, дааж давшгүй өр төлбөр, шүүхийн маргаанд дарагдах ёсгүй.

Яагаад ийм тооцоог гаргаж ирэхгүй байгааг сайн мэдэхгүй юм. Нэг бол тооцоо хийгдэж байгаа, нэг бол тооцоо хийх аргачлалаа сайн мэдэхгүй байж болох юм. Аль ч тохиолдолд энэ талаар мэргэшиж байгаа хүний хувьд өөрийн саналаа хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Хүний хэрэглээний эд зүйлс, бараа материалыг үнэлэхэд ядах юмгүй. Зах зээл дээр бий болсон үнийг жишиг болгон үнэлдэг. Гэтэл байгаль орчныг бид бүгд шууд зах зээлийн үнээр хэрэглэдэггүй. Орхон голын усыг тэндхийн иргэд, мал сүрэг шууд хэрэглэхээс бус хотын бид түүнийг шууд хэрэглэдэггүй. Гэхдээ энэ нь Орхон гол бидэнд огт үнэгүй зүйл гэсэн үг ердөөсөө ч биш. Энэ тохиолдолд хэрэглээний бус үнэлгээ /non-use value/ гэсэн ойлголт гарч ирдэг. Бид бүгд шууд хэрэглэдэг үгүйгээс үл шалтгаалан байгаль орчны талаар өөр өөрийн үнэлгээтэй байдаг. Түүнийг нь тооцох олон аргачлал байдаг. Өөрөөр хэлбэл Орхон голын эрэгт амьдардаггүй ч түүнийг үнэлж буй Таны үнэлгээг тооцож болно гэсэн үг. Энэ үнэлгээ нь магадгүй Орхон голд зун очдог учраас, тэнд төрсөн учраас, зурагтаар харсан учраас төрсөн сэтгэгдэл, эсвэл зүгээр л Орхон гэдэг сайхан том гол хаа нэгтээ байдаг юм гэдгийг мэдэж буй мэдлэгээс үүсдэг. Түүнчлэн энэ голыг ирээдүйд үр хүүхэд, хойч үе маань ашиглана гэсэн бодлоос ч үүсдэг. Энэ гол нь олон нийтийн өмч учраас олон нийтийн үнэлгээг тооцож байж тус голын үнэлгээ гарна. Ингэхдээ олон нийтээс асуулга судалгаа авдаг. Жишээ нь Орхон голыг цэвэр сайхан байлгахын тулд Та хэдэн төгрөг төлөхөд бэлэн байна вэ гэж юмуу Орхон гол дох уул уурхайн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхийн тулд Та хэдэн төгрөг авахад хангалттай гэж үзэж байна вэ гэж асуудаг. Эхнийхийг нь willingness to pay  дараагийнхийг нь willingness to accept үнэлгээ гэж нэрлэдэг бөгөөд үүнийг хэрэглэх нь шууд хэрэглэгдэггүй байгаль орчны үнэлгээг тооцох хамгийн энгийн аргад /тус аргыг contingent valuation method гэж нэрлэдэг/ тооцогддог.  Ингэснээр тус голын олон нийтийн үнэлгээ гарах ба тэр үнэлгээг нь ашиглан тус гол дох бохирдол, голын экологийн өөрчлөлтийн өртөг тооцоог гаргаж болдог. Энэ нь АНУ, Австралид өргөн хэрэглэгддэг тооцоолол. Хамгийн алдартай жишээ нь 1989 онд Аляскд гарсан Exxon Valdez компаний газрын тосны тээвэрлэгчийн ослоос үүдэлтэй байгаль орчны гамшиг юм. Энэ гамшиг 2010 онд гарсан BP-ын ослын дараа орох том гамшиг. Тухайн үед АНУ-ын Засгийн газар гамшгийн өртөгийг дээрх аргаар тооцож 2,8 тэрбум долларыг  Exxon Valdez компаниар төлүүлсэн. Энэ 2,8 тэрбум бол АНУ даяар амьдарч буй иргэдийн Аляскийн эрэг, түүний экологид өгч буй үнэлгээ юм. Тус компани энэхүү аргыг буруутган шүүхээр удаан явсан боловч амжилт олоогүй. Засгийн газраас томилсон шинжээчид байгаль орчны шууд бус хэрэглээг тооцох энэ аргыг үндэслэлтэй гэж үзсэн байдаг. Түүнээс хойш энэ арга илүү боловсронгуй болсон. Одоо энэ үнэлгээн дээр шаардлагатай бол ирээдүй үеийн үнэлгээг нэмж тооцдог болсон. Түүнийг discount rate гэх бөгөөд тухайн үеийн зээлийн хүүг жишиг болгодог.

Миний товч тайлбарласан арга бол байгаль орчны олон нийтийн үнэлгээг тооцох гурван аргын л нэг нь. Аль ч аргачлалаар гол мөрөн, ой мод, цэцэрлэгт хүрээлэнгийн үнэлгээг мөнгөөр тооцож гаргаж болдог. Нэгэнт тооцоо гарсан тохиолдолд засгийн газраас байгаль орчныг ашиглахтай холбоотой хэлэлцээр хийх, шийдвэр гаргахад маш хялбар болж байгаа юм. Ерөөсөө л гарах өртөгөөс илүү гарсан ашигтай нөхцөлд л тухайн байгаль орчинд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Ийм учраас уул уурхайн компаниуд ч анхнаасаа сайн тооцоотой аливаа төсөлд ордог.

Үүнийг л жинхэнэ бодит үндэслэл бүхий шийдвэр гэж хэлнэ. Шийдвэр үндэслэлгүй бол үргэлж маргаан дагуулдаг. Засгийн газраас байгаль орчноо хамгаалсан шийдвэр гаргахад хэн ч буруутгахгүй. Ямарч жижиг, том хөрөнгө оруулагч байгаль орчныг хамгаалсан шийдвэрийг ойлгож хүлээж авдаг цаг үе ирсэн. Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн санаа зовоож байгаа асуудал бол төрөөс яаж шийдвэр гарч байгаа зарчмын асуудал л байгаа юм. Тэд шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоотой шийдвэрийг л хүсэж байгаа. Тийм шийдвэр гаргадаг нөхцөлд тэд эрсдэлээ тооцоолж чадна. Харин олон нийт ажлын байр /хөгжил/, гол мөрөн /байгаль орчин/ хоёрын аль нь чухал болохыг тус тусдаа л үнэлж сууна. Энэ үнэлгээ л бидэнд хэрэгтэй боловч түүнийг нь хэн ч асуухгүй юм даа.                  

С.Энхтөр
Австралийн Үндэсний Их сургууль
turuu02@yahoo.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж