”Нутгийн хүмүүсийг дорд үзсээр байна”

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

”Нутгийн хүмүүсийг дорд үзсээр байна”

Дорнод Монголын  тал  уул уурхайн хувьд онцлогтой. Дорнодын өмнөд хэсэг Матад сумын нутагт газрын тосны олборлолт эхэлсээр багагүй хугацаа өнгөрч буй бол хойд сумдын хувьд ураны нөөцөөрөө улсдаа тэргүүлж байгаа. Гэтэл газрын тос нь онцгой бүтээгдэхүүн тул “Петрочайна Дайчин Тамсаг” ХХК нь Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн нэрээр орон нутагтаа өгөөж муутай ажиллдагийн дээр байгаль орчныг их хэмжээгээр бохирдуулж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж Хятадын хөрөнгө оруулалттай компанийг шүүхэд өгөөд байгаа. Харин энэ талаар нутгийн удирдлагууд ямар байр суурьтай байгааг бид сонирхлоо. Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав:

-Газрын тосны олборлолтоос болж, Матад сумын нутаг их хэмжээгээр бохирдож, нутгийн иргэд нь шүүхэд хандахад хүрсэн. Аймгийн удирдлагууд нутгийн иргэдтэй санал нэг байгаа юу?

-“Петрочайна Дайчин Тамсаг” ХХК нь Засгийн газартай бүтээгдэхүүн ний­лүүлэх гэрээ хийж, газрын тос олбор­лож байгаа. Тиймээс ч аливаа асууд­лыг Засгийн газрын төвшинд шийдэх хандлага ажиглагдсаар байна. Матад сумын удирдлагууд болон  иргэдийн санал шүүмжлэл оргүй зүйл биш.  Засгийн газартай гэрээ хийсэн гэд­гээрээ нутгийн иргэдийг дорд үзэх байдал ажиглагддаг. Нутгийн удирд­лагууд олон удаагийн уулзалт зохиож, хяналт шалгалт явуулсны хүчинд “Петрочайна Дайчин Тамсаг” орон нутгийнханд нааштай ханддаг болсон.

-Газрын тосны баялагтай улс орнууд асар баян байдаг. Гэтэл манайдаа ганцхан газрын тосны нөөц бүхий Матад сум өнөөг хүртэл гэрэл цахилгаангүй харанхуй байгаа нь харамсалтай хэрэг биш үү?

-Матад сумыг байнгын гэрэл цахилгаанд холбох ажлыг олон жилийн өмнөөс ярьсаар ирсэн. Аймгийн төвөөс алслагдмал 300 гаруй км-т гэрэл цахилгаан татна гэдэг амаргүй. Гэхдээ ирэх онд тус сумыг байнгын гэрэлтэй болгохоор төсөвт мөнгийг нь суулгаад байгаа.  

-Газрын тосны олборлолтын нэрээр Дорнод аймагт хятадууд олноор суурьших болсон гэх юм. Гэрээнд зааснаас гадна хятадууд хууль бусаар орж ирсээр байгаа юм биш үү?

-Гэрээ ёсоор бол жилд 500 гаруй хятад иргэдийг “Петрочайна Дайчин Тамсаг”-т ажиллуулдаг. Эдгээр хүмүүс нь монголчууд ажиллаж чадахааргүй  нарийн мэргэжлийн хүмүүс байх учиртай. Гэвч дүйвээнээр нь хятадууд мэр сэр зөвшөөрөлгүйгээр орж ирэх нь бий. Тиймээс аймгийн Засаг дар­гын Тамгын газар болон гадаадын иргэн харъяатын алба, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Түүнээс олноороо суурьшсан зүйл байхгүй.

-Газрын тос олборлолтоос орон нутагт 200 орчим сая төгрөг төв­лөрүүлдэг гэсэн. Уг мөнгийг юунд зарцуулдаг юм бэ?

-Энэ бол ташаа мэдээлэл байна. Ганц  “Петрочайна Дайчин Тамсаг” төдийгүй Петровис, Магнай трейд, MPI зэрэг компаниуд Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ хийн манай аймгийн нутагт газрын тосны хайгуул хийж байгаа. Эдгээр нь тус бүрдээ 70-200 сая төгрөгийг аймгийн төсөвт оруулах учиртай гэдгийг тохирсон. Гэвч өнөөг хүртэл ганцхан MPI компани л 70 сая төгрөг өгөөд байгаа. Уг мөнгийг 40:60 хувийн харьцаагаар аймаг болон сумдад хуваарилсан.

-Уран олборлолт Дорнодын талаас эхлэх нь нэгэнт тодорхой болсон. Олборлолт, цаашлаад үйлдвэрлэл яваад эхлэхээр тухайн нутгийн онгон дагшин, экологийн тэнцвэрт байдал алдагддаг гэдэг. Тиймээс орон нутгийн зүгээс ямар бодлого баримтлах вэ?

-Уран бол стратегийн ач холбогдол бүхий онцгой эрдэст тооцогддог. Тиймээс ч Цөмийн энергийн газар гэсэн бүхэл бүтэн агентлаг ажиллаж байгаа. Тэгэхээр яалт ч үгүй ураны асуудлыг Засгийн газрын төвшинд шийдвэрлэх нь мэдээж. Ураны олборлолт, үйлдвэрлэлийн технологи маш нарийн шүү дээ. Мэдээж энэ бүгдийг холбогдох яам, агентлагийн хэмжээнд боловсруулж байгаа нь дамжиггүй.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж