БНХАУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

БНХАУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж БНХАУ-тай ялтан шилжүүлэх гэрээний тухай хэлэлцлээ. Монгол Улс анх Канад улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулж, дараа нь Өмнөд Солонгос улстай мөн асуудлаар гэрээ байгуулсан байна. Харин гадаад улсад хуулийн хариуцлага хүлээж байгаа Монгол иргэдийн талаар тус хуралдаанд тоо баримт дурдаагүй ч Гадаад Хэргийн Яаманд холбогдох судалгаа тоо баримт байдаг аж.

ОХУ-тай ялтан шилжүүлэх гэрээ хараахан байгуулаагүй ч хоёр орон харилцан эрх зүйн туслалцаа үзүүлж ялтан шилжүүлэх гарц байдаг гэнэ. Гэвч ОХУ-аас ялтан шилжүүлж авах нь маш хүнд, тус улсаас ялтан шилжүүлж авахаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дөрвөн жил хөөцөлдөж байсан удаатай гэнэ. Гэвч тухайн хугацаанд ОХУ ХЗДХ-ийн сайдын тавьсан асуудлыг зөвшөөрөөгүй тул гэмт хэрэгт холбогдсон этгээд хуулийн дагуу ноогдсон ялаа биеэр эдэлж дуусаад Монгол Улсад ирж байсан аж. Тэгэхээр Монгол Улс иргэнээ шилжүүлэн авах хүсэлт тавьсан ч хэрхэх нь тухайн орны дурын асуудал болж, энэ нь улс төрийн шинжтэй байдаг тухай УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэллээ.
Одоогоор ялтан шилжүүлэх гэрээ байгуулах гэж буй БНХАУ-ын хувьд хэрэгт холбогдсон иргэд мөнгөн торгуулийн ял оноох тохиолдол байдаг ч гэмт хэрэгт холбогдсон иргэдийн ар гэрийн зүгээс торгуулийг төлөх асуудалд цаг алдах тохиолдол байдаг гэнэ. Мөн гадаад улсаас ялтан шилжүүлэн авахад эрүүгийн этгээдийг тухайн улсаас оноосон ялтай дүйцэхүйц ял оноох шаардлагатай байдаг байна. Нөгөөтэйгүүр ялтан шилжүүлэх гэрээний 18-ын 2-т ялтан шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг Монгол Улс даахаар дурьдсан тул энэ талаар тодруулах хэрэгтэй гэнэ. Түүнчлэн Монгол Улсад гэмт этгээдийг шилжүүлэн авчирлаа гэхэд зардлыг хэн төлөх зэрэг нь тодорхойгүй байгааг ч шүүмжилсэн.
Талууд ялтан шилжүүлэхэд хоёр талын гэрээнд зөрүүтэй зүйл ихээхэн гардаг. Өөр нэг асуудал нь дүйцүүлэх гэдэгт хорих ялыг торгуулийн ялаар сольж болохгүй гэсэн байна. Монгол иргэд БНХАУ-д очоод гэмт хэрэгт ихээр холбогдох болсон нь ахуй амьдралаа дээшлүүлэх ямар нэгэн сэжүүр хайж байгаад хууль зөрчсөн үйлдэл хийж, гэмт хэрэгтэн болж байгаа. Тэгэхээр тэдгээр иргэд тухайн улсаас шилжүүлэн ирэх зардлыг хэрхэн төлөх нь эргэлзээтэй, нарийн зааглаагүй байна гэж Р.Гончигдорж гишүүн хэлж байсан.

Нөгөөтэйгүүр Монгол иргэдийн эмзэглэн хүлээж авдаг зүйл нь манай улсад ажлын гэрээгээр болон ямар нэгэн байдлаар оршин сууж байгаа гадаад иргэд Монголчуудтай харилцах харьцаа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байгаа гэнэ.

Тэгэхээр гэмт хэрэгтэй холбоотой ялын бодлого ямар байх талаар бодолцох хэрэгтэй гэж Р.Гончигдорж гишүүн үзэж байгаа аж. Харин холбогдох яамны төлөөлөгч нь хариулахдаа БНХАУ-тай байгуулах гэрээнд АБГББХ-ны  гишүүдийн хэлж байгаа саналыг бүрэн тусгаж чадахгүй. Харин БНХАУ-ын талтай дахин хэлэлцэх хэрэгтэй байна гэсэн юм.

УИХ-ын гишүүн З.Энхболд гишүүний хэлэхдээ “Гадаад улсуудтай ялтан шилжүүлэх гэрээ байгуулна гээд гэмт хэрэг хийсэн бүх этгээдийг шууд шилжүүлэн авна гэсэн үг биш. Ялтан шилжүүлэх эсэх нь эсрэг тал ямар шийдвэр гаргахаас ихээхэн шалтгаална” гэв. Ялтан шилжүүлэх гэрээг нарийн тодорхой байгуулахгүй бол зарим нэг эрүүгийн этгээдүүдэд ял завших завшаан болно гэгийг ч анхааруулсан.

Эцэст нь байнгын хорооны гишүүд БНХАУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулах талаар санал хурааж, 100 хувийн саналаар дэмжсэн юм. Уг гэрээг байгуулсан тохиолдолд прокурорын өргөдөл хүсэлтийн дагуу ГХЯ-аар дамжуулан гурван сарын дотор иргэнээ шилжүүлэн авах боломж нөхцөл бүрдэх гэнэ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж