Байнгын хороон дээрх тэмцэл

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Байнгын хороон дээрх тэмцэл

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай, Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцэх шатанд мөн л маргаан дэгдлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Захиргааны шүүхийг давж заалдах шатны шүүхтэй болгох санал гаргажээ. Үндсэн хуульд зааснаар хуулийн төслийг санаачлах этгээдийг тодорхой заасан байдаг. Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хуулийн төсөл боловсруулна гэж… Тэгтэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал гарган УИХ-д оруулж ирж, үүнийг нь байнгын хороогоор авч хэлэлцэх нь процедураа зөрчсөн үйлдэл болж, хувирах юм байна. Тиймээс энэ асуудал Үндсэн хуулийн цэцэд очиход унана гэдгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэв. Мөн тэрбээр “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс оруулж ирсэн санал бол уг нь зөв, дэмжиж байна. Гол нь процедур  зөрчигдөөд байна. Тиймээс энэ асуудлыг одоо засаад явъя” гэв.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Процедурыг янзлах юм байхгүй. Ийм аргаар асуудлыг шийдэж байсан практик бий. Цэцийг манайхан хуулийн тавцан гэж ойлгох юм. Үнэн чанартаа бол маргааныг шийдвэрлэх лабортори. Анх удаа УИХ-д  сууж байгаа биш. Ийм юмаар маргаад сууж байгаа нь инээдтэй. Тэгээд ч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал гаргаад түүнийг нь УИХ чагтлаад байвал юу болох вэ. Шүүхийн хараат бус байдлыг парламент хангана гэсэн хуулийн заалтыг хүчингүй болгочих. Тэгээд Х.Тэмүүжин чи ингэж яриарай” гэлээ.

.Х.Тэмүүжин гишүүн “Та өөрөө ажлаа хий л дээ” гэв.  Сайд Ц.Нямдорж “Чи юм мэддэг болоод том дуугараарай. Наад хуулийн чинь төслийг би 2002 онд санаачлаад батлуулчихсан юм” хэмээв.

Хоёр бүлгийн гишүүдийн тоо эн тэнцүүхэн байсан учраас асуудлыг нэг зүгт хандуулж чадсангүй, хоёр талцсаар хуралдааныг завсарлага авснаар өндөрлөв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж