Хүүхэд эмэгтэйчүүд оролцохыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2010.12.22-нд нийтлэгдсэн

Хүүхэд эмэгтэйчүүд оролцохыг хориглоно

-Улстөр гэдэг уг нь насанд хүрэгчдийн тоглоом –

Өнгөрөгч долоо хоногт МАН-ын нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Хятадын Коммунист намын урилгаар зочилж, хуучин намынхаа шинэ нэрийг хөршүүддээ танилцуулаад ирсэн. Намын дарга С.Батболд нь саяхан намынхаа ахмад гишүүдтэй уулзахдаа “МАХН биш, МАН нь манай нам шүү” хэмээн хөлсөө цувтал тайлбарласан гэнэ лээ. Хятадын Коммунист намын удирдагчидтай уулзсан уулзалтын үеэр ч мөн тийм л зүйл болсон биз. Манай нам коммунист нам хэвээрээ шүү, нэрнээсээ ганц “Х” үсэг л авч хаясан болохоос гэж энэ тэр.
Харин энэ хойгуур МАХН-ын дарга асан Н.Энхбаяр түр штабынхныг хуралдуулж, баахан залуучууд элсүүлээд “Хувьсгалт гэдэг үгийг нэрнээсээ аваад хаячихаар л энэ нам чинь барууны нам болчихож байгаа юм шүү дээ. Зөвхөн хөрөнгөтнүүд, олигархиудын эрх ашгийг л хамгаална, ард түмний эрх ашгийг гаргуунд нь хаясан” гэчихсэн семинардаж байна. Нэгд Ардын нам гэдэг нэртэй болсноор энэ нам шууд барууны нам болчихсон хэрэг биш, саяхан баахан дарга нар нь Хятадын коммунист намынхантай хүзүү сээрээрээ хөлхөлдөөд явж байсныг нь харсан ч, өнгөрөгч сард Соц Интернийн хуралд оролцоод, “Манайх бол зүүн төвийн үзэл баримтлалтай социалист нам мөөн” гээд гөрдөж яваад ирснийг нь санасан ч тэр. Хоёрдугаарт барууны үзэл гэдэг хөрөнгөтнүүдийн, экс Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “олигархи”-уудыг хамгаалдаг үзэл биш. Харин төрийн эрх мэдлийг багасгаж, хувь хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалдаг, хүн бүр өмч хөрөнгөтэй байх тэгш бололцоог хангахын төлөө явдаг үзэл баримтлал. Харин олигархиуд бол төрийн эрх мэдлийг нэмэгдүүлэх замаар, татвар төлөгчдийн мөнгө, төсвийн эрх мэдлээр дамжуулан хөрөнгөө зузаатгаж байгаа нөхдүүдийг хэлдэг.

Харамсалтай нь хуучин МАХН, шинэ МАН-ын удирдагчдын аль алинд нь эдгээр улс төрийн онол, ухамсрын түвшний зах зух нь ч алга. Эсвэл тэд улс төрийн ямар ч ухамсар, боловсролгүй, өөрсдийнх нь үзэж буйгаар тас “харанхуй” нөхдөд зориулан зориуд ийм “хар” пиарын технологийг сонгосон хэрэг. Сүүлдээ МАХН-ын шинэ, хуучин удирдагчдын улс төрийн энэ шоглоом савнаасаа хальж, сонгуулийн насанд хүрсэн хүрээгүй баахан залуусыг “орон нутгийн” чанартай тулаандаа татан оруулж эхэллээ.

Сүүлийн үеийн улс төрд “сод” үзэгдэл болоод байгаа УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын Ёс зүйн хорооны дарга асан Н.Удвал нарын байгуулаад байгаа МАХН-ын түр штабын дэргэд “Гэгээн Монголын ирээдүй” гэж төрийн бус байгууллага байдаг юм байна л даа. Уг байгууллагаас их, дээд сургуулиудын оюутнуудаас шилдэг оюутнуудыг тодруулж, шинэ жилийн баярын үйл ажиллагаа зохион байгуулсан юм байна. Хаана гэдэг нь чухал биш, сөргөлдөгч хоёр тал хоёулаа өөр өөр нэр, хаяг хэлдэг юм. Уг арга хэмжээ бол болсон нь үнэн. Харин энэ үеэр МАН-ын дэргэдэх “Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо”-ноос оюутны байруудаар явж, тус бүр 10, 10 оюутан элсүүлэн дээр дурьдсан арга хэмжээг эсэргүүцэх үйл ажиллагааг зохион байгуулав. “Оюутнуудыг архиар хуурахаа боль, чихрээр хуурахаа боль. Оюутнууд улс төрийн тоглоом биш” гэсэн утгатай лоозунг барин жагсаж, Н.Энхөаярын эсрэг эсэргүүцлээ илэрхийлжээ. Учир нь энэ үдэшлэгт Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар хоёулаа очих ёстой байсан юм. Харамсалтай нь “Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбоо”-ноос зохион байгуулсан дээрх эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болж тэдний хэн нь ч болж хүрэх газартаа хүрч чадаагүй бололтой. Өөрөөр хэлбэл өөрсдийн зохион байгуулсан уулзалтаа хүртэл “cancel”-дсан гэсэн үг.

Оюутан гэдэг хэн билээ, “оюунтан” гэсэн үг юм аа гэж хэн нэг нь хэлсэн нь санагдана. Нийгмийн хамгийн оюунлаг, хамгийн эрч хүчтэй хэсэг нь. Ерээд оны ардчилсан хувьсгалыг ч гэсэн оюутнуудын оролцоотойгоор хийсэн юм билээ. Тийм ч учраас өнөөгийн дунд насныхан үүгээрээ бахархдаг. Харин одоо цаг үеэсээсээ тасарсан МАХН-ын  удирдагчдын  хэрүүл Монголын ирээдүйг бүдгэрүүлж байна. Боловсролын систем дампуурч, ажлын байр дутагдаж, өөрсдийнх нь олж авсан боловсрол өртгөө нөхөж чадахгүй байхад оюутнууд хэн нэгний улс төрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн тулд лоозунг барин баарны өмнө жагсаж, нүүрийг нь ч үзээгүй удирдагчийнхаа төлөө нэр төрөө золиосолж байна. Монголын улс төрийн ууган намын томьёолсон улс төрийн бодлого ийм, хөөрхий дөө. Гэвч улстөр гэдэг уг нь насанд хүрэгчдийн тоглоом. “Хүүхэд эмэгтэйчүүд оролцохыг хориглоно”.

Б.СЭМҮҮН   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж