Бодлогын шинэчлэл хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Бодлогын шинэчлэл хэрэгтэй

Испани улсын эдийн засаг хямралаас удаанаар ч болов гарч байгаа ч төсвийн зарлагыг дахин бууруулж, хөдөлмөрийн зах зээлд шинэчлэл хийх хэрэгтэй тухай Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага хэлсэн байна. Тус улс мөн тэтгэмжийн бодлогод өөрчлөлт хийж, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхийг зөвлөжээ.

Хөдөлмөрийн сайд Валериано Гомез хэлэхдээ Засгийн газар эдгээр арга хэмжээг авахаар зэхэж байгаа гэв. Гэхдээ Испанийн хувьд Европын холбооны түнш орнуудаас санхүүгийн дэмжлэг хүсэх магадлал өндөр байгаа. Европын холбоо болон Олон улсын валютын сан саяхан Ирланд улсад зээл олгосон бөгөөд Грект энэ оны эхээр мөн санхүүжилт өгсөн билээ. Өрийн асуудалтай байгаа Португаль, Испани зэрэг орнууд цаашид зээл хүсэхээс өөр аргагүйд хүрч болзошгүй гэж олон шинжээч үзэж байгаа юм. Гэхдээ Испанийн Засгийн газар одоогоор мөнгөн туслалцаа хэрэггүй гэж мэдэгдэж байна.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Испанийн эдийн засгийн өсөлтийг 2011 онд 0,9 хувь, харин 2012 онд 1,8 хувь байна гэж тооцоолж байна. Гэвч ажилгүйдлийн төвшин 20 хувь байгаа нь Европын холбооны орнуудын дундаас хамгийн өндөр байгаа төдийгүй цаашид дорвитой буурахгүй гэжээ. Засгийн газрын зүгээс санхүү, эдийн засгийн тал дээр олон шинэ бодлого боловсруулах хүсэлтэй байгаа ч хөдөлмөрийн зах зээл сулбагар байгаа гэдгийн хүлээн зөвшөөрч байна.

Байгууллагын зүгээс тэтгэврийн насыг 67 хүртэл нэмэгдүүлэхийг зөвлөж байгаа юм. Гэхдээ иргэд хүсвэл одоогийн босго болох 65 насандаа тэтгэвэрт гарч болох аж. Энэ тохиолдолд тэдний тэтгэврийн мөнгийг бууруулахаар төлөвлөж байгаа аж.

Испани улс энэ оны 9,2 хувийн төсвийн алдагдал хүлээхээр байгаа бол энэ хэмжээ 2012 он гэхэд 4,4 хувь болж буурах боломжтой гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага мэдээлж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж