Шүлхийн талаар ташаа мэдээлжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Шүлхийн талаар ташаа мэдээлжээ

Төрийн ордны “В” танхимд өнөөдөр нийслэл, аймгийн Засаг дарга нарын семинар болж байна. Семинарт Засгийн газрын гишүүд оролцож, мэдээлэл хийн санал солилцож байгаа бөгөөд Ерөнхий сайд С.Батболд оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр зарим аймгийн дарга нар онцгой нөхцлийн үед алдаа гаргасан тул хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн. Тэрхүү алдаа гаргасан гэх дарга нарын нэг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Онцгой нөхцөлийн үед алдаа гаргасан гээд байгаагийн учрыг тодруулна уу?
-Үнэндээ бол буруу ташаа мэдээллээс үүдэлтэй гэдгийг хэлмээр байна. Шүлхий өвчин бүтэн таван сарын турш үргэлжилсэн нь вакцин оройтож хүрсэнтэй холбоотой. Шүлхий илэрснээс хойш 50 хоногийн дараа вакуин очсон. Дээрээс нь шүлхийн вирус зээрэнд халдсанаас болж халдвар нэлээд эрчтэй тархсан. Хээрийн зэрлэг амьтныг хариулж, хашиж болдоггүйгээс шүлхий нэлээд газар авсан. Шүлхийн вирус багагүй хэмжээгээр тархсан үед Засгийн газраас голомтын тоог нэмэхгүй байх үүргийг өгсөн. Тэр үед вакцин очсон байсан болохоор голомтын тоог нэмээгүй. Гэтэл Онцгой байдлын хуралдаан дээр Мал эмнэлгийн газраас мэдээлэхдээ “Голомтын тоо өссөн” гэж ташаа мэдээлснээс болж, Ерөнхий сайдын зүгээс улстөрийн хариуцлага тооцно гэсэн сануулга өгөөд байгаа хэрэг л дээ. Үнэндээ шүлхийн үед бид маш завгүй, хүнд нөхцөлд эрчимтэй ажилласан гэдгийг л хэлэх байна даа.

-Шүлхийн халдвар намжсан хэдий ч малын мах, арьс шир, түүхий эдийг зүүн гурван аймгаас гаргахгүй гэсэн шийдвэр гарсан. Малчдын гол амжиргаа болсон мах, түүхий эдийг хязгаарлачихаар тэдний хувьд хүндрэлтэй байх нь мэлээж. Нөгөөтэйгүүр цагаан сарын үеэр Сүхбаатарын ууцан сүүлт хонины мах эрэлт ихтэй байдаг?

-Засгийн газрын 243 дугаар тогтоол гарч, зүүн аймгуудаас малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг 2011 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл гаргахыг хориглосон. Гэхдээ бид малчдын ахуй амьдралыг бодолцон Онцгой байдлын ерөнхий газар болон Онцгой байдлын комисст хандан хорио цээрийн хугацааг наашлуулж өгөхийг хүссэн гэлээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж