Намрын чуулганаас баталсан “хөөстэй” хуулиуд

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаас баталсан “хөөстэй” хуулиуд

УИХ-ын намрын чуулган завсарлаж, гишүүд PR-иа хийхээр тойрог руугаа довтолгож эхэллээ. Яриа, хөөрөөг нь сонсвол, энэ намрын чуулганаар УИХ-аас ард түмнийхээ амьжиргааг дээшлүүлэхээр ямар сайхан хуулиуд баталчихаа вэ. Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг УИХ-ын намрын чуулганаар баталсны хүчинд хүн бүр сар тутамд 21 мянган төгрөг авдаг болж… Энэ мөнгөний хүчинд сар шинээр банкнаас зээл авсангүй, тавгын идээгээ бэлтгэж, зочиндоо жигнээд өгөх бууз боож тавьж. Удахгүй одонтой ээжүүд 100-200 мянган төгрөг бэлнээр авна. Оюутан хүүхдийн сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг төрөөс бас өгнө. Төрийн сүлд өршөө гэж. Түүхий эдийн биржийн тухай хуулийг  баталчихвал, малын арьс шир, ноос,  ноолуурын үнэ тэнгэрт хадах нь бололтой шүү. Малчны хотонд, сумын клубт УИХ-ын гишүүн буугаад мордсоны дараа ийм яриа өрнөнө.

Гэтэл намрын чуулганаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын нэгдсэн төсөвтэй хамт батлагдсан Хүний хөгжлийн сангийн тухай хууль хэрэгжсэн нэгхэн сарын хугацаанд хүнсний гол бараа бүтээгдэхүүний үнийг 3.5 хувиар өсгөсөн болохыг Үндэсний статистикийн газраас зарлалаа. Бэлнээр тараасан мөнгө ганцхан сарын дотор инфляцийг хөөрөгдчихөв. Монголбанкнаас инфляцийг бууруулахын тулд хэчнээн их хугацаа, хүч чадал зардаг билээ дээ, харьцуулах ч юм биш.  Одоо тэгтэл чилийсэн арван сар хүлээж байх, хоёр сарыг оруулахгүйгээр тооцоход шүү. Тэр бүрийд сар тутамд иргэн бүрт олгосон 21 мянган төгрөг үнийн өсөлт үүсгээд байхаар оны эцэст инфляци бүр дээд цэгтээ хүрч таарна. Дэлхийн банк иргэдэд олгох бэлэн мөнгөнөөс болж 2011 оны эцэст Монгол Улсын инфляци 25 хувьд хүрч болзошгүйг Засгийн газарт  анхааруулаад авсан үнэн болох нь. 

Уг нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүний хөгжлийн сангийн тухай хуульд сар бүр иргэнд 21 мянган төгрөг, жилд 252 мянган төгрөг олгоход нийт хүн амын дүнгээр 702 тэрбум төгрөг зарцуулна хэмээн тооцсон байв.  Мөн их, дээд сургууль, коллежид суралцдаг оюутны сургалтын төлбөрт зориулж,  82.5 тэрбум төгрөг зарцуулахаар тооцоо гаргасан байсан юм. Парламентаар хуулийн төслийг хэлэлцэх шатанд Монголбанкны зүгээс гишүүдэд хандан “Бэлнээр тараахаар төлөвлөсөн мөнгөний хэлбэр дүрсийг өөрчлөхгүй бол төв банк инфляцийг барьж чадахгүйд хүрч, эдийн засгийг сүйрүүлэх аюул дагуулж болзошгүйг анхааруулсаар байв.  Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн З.Энхболд “Бэлэн болон бэлэн бусаар тараахаар төлөвлөсөн 805 тэрбум төгрөгийн 500 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр нь тодорхойгүй тул ард түмэндээ үнэн учраа хэлж, бэлнээр мөнгө тарааж чадахгүйгээ эртхэн мэдэгдэх хэрэгтэйг сануулаад авсан ч удаатай.  Харамсалтай нь, парламент амласнаа өгөх л  ёстой хэмээн муйхарласнаар инфляци далласан энэхүү хууль батлагдсан түүхтэй. Хэрвээ УИХ амиа хоохойлох бус ард түмнээ бодсон бол 702 тэрбум төгрөг цаас болон хувирч, иргэд өнөөдөр үнийн хөөрөгдөлд идэгдсэн хүнсний бүтээгдэхүүнд хэтэвчиндэхээ сэгсэрчихээд, хараалаа барж суухгүй л байсан болов уу.

Татварын дарамт
Хот, хөдөөд эрхэм гишүүдийн үлгэр үргэлжилсээр. Ард түмний амьдралыг “цэцэглүүлэх” хоёр дахь чухал хууль нь Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөв болж хувираад байна.  Чухамдаа бол улсын нэгдсэн төсөв батлагдах бүрийд парламентаас 76 тэрбумтан “төрдөг” болохоос ард түмэнд наалдах зүйл үгүй, татвараар л дарамтлуулдаг нь туйлын үнэн.

УИХ Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 3.3 их наяд төгрөг, зарлагыг 4.1 их наяд төгрөг байхаар тооцон баталснаар улсын төсвийн алдагдал ДНБ-ийн 9.9 хувьтай тэнцсэн юм. Тодруулж хэлбэл, төсвийн алдагдал 779.5  тэрбум төгрөгт хүрсэн нь Засгийн газар төдийгүй, УИХ-ыг  төсвийн орлого бүрдүүлэх дайнд мордоход хүргэсэн билээ. Засгийн газраас өргөн барьсан Авто машины онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулснаар 10.5 тэрбум төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулснаар 22 тэрбум төгрөг “босгохоор” тооцсон байлаа. Олон нийтийн зүгээс Авто машины онцгой албан татварт өөрчлөлт оруулахыг эрс эсэргүүцсэнээр УИХ дахь МАН-ын бүлэг төслийг төрхөмд нь буцаах шийдвэр гаргаж, биеллээ олсон бол Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг парламент тасхийтэл баталж орхив. Шинэ хууль мөрдөгдөж эхэлснээр иргэд иргэний үнэмлэх шинээр авах болон үрэгдүүлсэн тохиолдолд харьяа дүүргийнхээ Улсын бүртгэлийн газарт 35 мянган төгрөг төлөх шаардлагатай болж, татвараар дарамтлуулж эхэлсэн юм. Гуйгаагүй байхад бэлэн мөнгө тараах хууль баталж гай тарина, түүгээр зогсохгүй төсвийн цоорхойг нөхөх нэрийн дор  татвараар далайлган иргэдийн халаасыг тэмтэрдэг төр Монголоос өөр үгүй биз.

Улсын нэгдсэн төсвийг их хэмжээгээр алдагдалтай баталсны хоёр дахь гайг мөн л ард иргэд эдэлж эхлэв. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос  хөдөлмөр эрхэлж буй нийт иргэдийн 50 гаруй хувь нь 150 мянган төгрөгөөс доош цалин авч байна гэсэн судалгааг өнгөрсөн өвөл гаргасан юм. Баячуудын нэг өдрийн хоолны мөнгөтэй тэнцэх цалинг 400 мянга шахам иргэн бүтэн сарын турш хөдөлмөрлөж, авч байна гэж бодохоор Монгол Улс ядуурлаасаа салтал өдий мэт.
Нөгөө талаас нөхцөл байдал ийм үед улсын нэгдсэн төсөв ДНБ-ийн 9.9 хувьтай тэнцэж буй нь иргэдийн гар дээрээ авч байгаа цалингийн тодорхой хувь инфляцид өртөн, цаас болж хувирах аюул дагуулсаар. Тодорхой жишээ татъя, та сар бүр 150 мянган төгрөгийн цалин авдаг байя гэж бодъё. Жилд авсан цалингийн хэмжээ 1.8 сая төгрөг болох ч, инфляци 25 хувьд хүрэх тохиолдолд түүнээсээ 450 мянган төгрөгийг алдах болно.  Хэрэв та сарын 400 мянган төгрөгийн цалин авдаг бол жилийн хугацаанд 4.8 сая төгрөг болох  ч түүнээсээ 1.2 сая төгрөгийг инфляцид идүүлэн бодитоор алдах болоод буй. Гэтэл гишүүд айл,  айлын хойморт залран “Ард түмний амьжиргааг дээшлүүлэх улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэх хууль баталсан” гэж төв царайлах нь  үнэн ичгэвтэр байна.

Оюутолгойд роялтын татвар ногдуулж чадах болов уу?
Улсын нэгдсэн төсвийн орлогыг бүрдүүлэхэд гол жин дарж ирсэн Гэнэтийн ашгийн буюу 68 хувийн татвар 2011 оноос эхлэн алт, зэс үйлдвэрлэгчдэд үйлчлэхгүй болж эхэлснээр төсвийн орлогыг өөр замаар бүрдүүлэхээс аргагүйд хүрэв. Тиймээс Засгийн газраас Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр буюу роялтын татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байсан бөгөөд хэлэлцүүлгийн шатанд хамгийн их маргаан дагуулсан юм. Хуулийн төсөлд зэсийн хүдэр, баяжмал нэг тонн 5000 ам.доллар хүрэхэд тав, 6000 хүртлэхэд зургаа, 7000-д долоон хувь, харин 9000 ам.доллараас давсан нөхцөлд 10 хувийн роялти авдаг болохоор тусгасан байв.  Харин алтны хувьд 900 хүртэлх ам.долларт тав, 1000 ам.доллар хүрэхэд зургаа гэхчлэн мөн л таван шатлалтайгаар авч үзсэн. Түүхий нүүрсийг тонн тутамд нь 25 ам.долларт хүрвэл тав, 35 ам.долларт хүрвэл зургаа, 45 ам.долларт долоон хувиар тооцохоор тусгасан бол  боловсруулсан нүүрс нэг тонн нь 100 ам.долларт хүрэхэд тав, 160 ам.долларт хүрэхэд долоон хувийн роялти тооцохоор тусгасан байв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан дээрх хуулийн төсөл дээр ажиллав. Ажлын хэсгийн төвшинд зэсэнд ногдуулах татварын хэмжээг 20 хувь хүртэл өсгөхөөр болж, засвар оруулсан нь бусад металтай харьцуулахад алаг үзсэн хэрэг болж хувирав. Хэрвээ нэг тонн зэсэнд ногдуулах татварыг 15 хувиар тооцоход төсөвт жилд 209 тэрбум төгрөг орж ирэх байсан бол 18 хувиар тооцоход 377 тэрбум төгрөг болж өсч байв. Төсөв алдагдал ихтэй үед зэсэнд ногдуулах татварын хэмжээ хэдий чинээ өндөр байна тэр хэрээр, нөхөөс шаардлагатай болсон тул УИХ-аар хуулийг батлахдаа зэсэнд ногдуулах татварыг 18 хувь хэмээн заасан юм. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр жилд 377 тэрбум төгрөгийг татварт төвлөрүүлэхээр болов. Харин “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэртэй болгох төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганаар батлуулчихсан байсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нарын гишүүд парламент баталсан тогтоолоо намрын чуулганаар баллуурдлаа хэмээн шүүмжилсээр хоцорсон юм. Харин 40 сая тонн зэсийн нөөцтэй Оюутолгойн ордод роялтын татвар ногдуулж чадах эсэхийг Сангийн сайд С.Баярцогтын “Айвенхоу майнз монголиа инк” компанитай хийх хэлэлцээрээс хамаарах болж, УИХ-ын гишүүдээс амлалт аван хоцорсныг одоо дахин нэг сануулъя.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж