Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Туул гол хэний  өмч вэ

Манай сонин Туул голын тухай хууль санаачлах эрх зүйн орчин нөхцөл байгаа эсэх талаар цуврал нийтлэл хүргэж байгаа. Мөн гишүүдээс “Та Туул голын тухай хууль санаачлах уу” санал асуулга авч байгаа билээ. Энэ санал, санаачлагын хүрээнд бид редакцийн уулзалт зохион байгуулж, УИХ-ын гишүүдээс эхлээд холбогдох албаны олон хүнийг урьсан юм. Энэ уулзалтаас олон янзын санал гарсан. Гэхдээ хамгийн оновчтой саналуудын нэг бол  Туул гол хэний өмч, баялаг вэ гэдэг нь тодорхой, эрх зүйн орчин нь ойлгомжгүй байна гэдэг байсан.

Нээрээ Туул гол хэний өмч вэ. Энэ гол бохирдоод ширгэж алга болохдоо тулсанд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуултад хариулт алга байна.  Яагаад хариулт олдохгүй, эсвэл хариулах хүн олдохгүй байна вэ. Хэний ч өмч биш болохоор тэр шүү дээ. Хуулинд хүртэл газар нутаг, гол мөрөн ард түмний өмч байна гэсэн утга бүхий заалт байгаа. Ингээд бодохоор ард түмний, Улаанбаатар хотынхны өмч ч юм шиг байгаа биз.

Гэтэл өнөөх ард түмэн нь Туул голыг өөрсдийнх нь өмч гэж ерөөсөө боддоггүй, зүгээр л хүний юманд хүйтэн хандаж байгаа юм шиг л бохирдуулж, хайр найргүй хогоо хаяж, машин тэргээ угааж байна. Тиймээс хэн нэгэнд хариуцуулбал яасан юм бэ. УИХ, Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга ч юм уу. Үгүй бол Туул гол дамжин урсч байгаа дөрвөн аймаг, 30 орчим сумын Засаг даргад ч байсан яадаг юм.  Хувьчилж өгөх гэж байгаа юм биш л дээ. Зүгээр л хариуцуулж өгмөөр байна. Нийслэлийн ойр орчмыг нийслэлийн Засаг дарга, Ус сувгийн удирдах газар, Байгаль орчны сайдад хариуцуулж өгч болно шүү дээ.  Хоёр гурван газар нийлж тодорхой хэмжээний хяналт тавьдаг байвал үр дүн гарах нь дээр биз дээ. Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны сайд байгаль хамгаалагчдаа хэрхэн ажиллуулж, яаж хамгаалахаа шийднэ биз.

Хамгийн гол нь төсвийг ахиухан гаргаж өгөх хэрэгтэй байна. Тэгээд замын хөдөлгөөн зөрчсөн нөхдийг торгодог шигээ Туул голын эрэгт дураараа авирлаж байгаа хүмүүсийг “цавчаад” байвал сайхан л байна. Тэр 10 мянган төгрөг энэ тэрээр торгодог чинь бол хүүхдийн тоглоом байлгүй. Түүний оронд сая гаруй хүний ирээдүйд халдсан хэргээс эрүү үүсгэсэн ч яадаг юм. Энэ мэт ажлаа хэрэгжүүлж чадахгүй, нийслэлийн ойр орчимд хүний буруутай үйл ажиллагаанаас болж Туул гол бохирдвол хариуцлагаа дааж авсан байгууллага, удирдлагатай нь л тооцчихно. Буцах хаягтай, буух эзэнтэй гэдэг шиг. Иймэрхүү маягаар аймаг, сум бүрийн Засаг дарга, байгаль хамгаалагчид нь тухайн хэсгийг нь хариуцуулдаг байя л даа. Харин энэ бүхний хэрэгжилт, хариуцлага тооцохыг нь УИХ, Засгийн газар мэддэг байвал ямар вэ.

Ингэж Туул голыг өмчлөх биш өмгөөлөх өмгөөлөгч хаймаар байгаа юм. Хэрвээ ийм системд шилжүүлэх эрх зүйн орчныг баталж чадвал ашиг сонирхлын зөрчил арилж, замбараагүй газар олголт хумигдаж магадгүй шүү дээ. Хэрвээ хотын дарга хэн нэгэнд Туулын эрэг дээр гол сөрөг нөлөө үзүүлэхүйц байдлаар газар олговол эргээд өөрөө хариуцлага хүлээнэ. Газрын алба ийм байдлаар газар олгож байна уу гэдгийг хотын захиргаа давхар хянана. Энэ мэтээ давхар давхар хариуцлагын тогтолцоо үүсэх боломж байна. Манай сонины редакцийн уулзалтад ирсэн албаны хүмүүс ч гэсэн энэ талаар ярьсан. Жишээ нь, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан  “БОЯ-аас ч олгосон байгаа. Тэрэлж гол гээд эх газарт аялал жуулчлалын газар байгуулж, мод огтолж байна. Туул голын эрэг дагуух болон эх газарт нь барьсан энэ олон байшин барилгыг яах юм бэ. Ерөөсөө зарчмын юм зарчмаараа л байх ёстой. Туул голоо байлгая л гэж байгаа бол голын эх газраа модтой, ургамалтай онгон хэвээр нь байлгах ёстой. Энэ ажлыг хийхэд мэдээж улс төрийн талаас ч тэр, тухайн үед газар олгож байсан эрх мэдэлтнүүдийн зүгээс ч тэр шахалт ирэх байх. Энэ янзаараа цааш явбал Туул гол 50 жилийн дотор ширгэнэ гэж боддог. Гадаргын ус нь гүнийнхээ усыг тэжээхээ больчихоор Улаанбаатар нүүх асуудал гарна. Тиймээс энэ бүхнээс одооноос эхэлж сэргийлмээр байна. Ямар нэг байдлаар хамгаалах гарц олъё. Хэний өмч, баялаг вэ гэдэг нь мэдэгдэхгүй байна. Яаж зохицуулах гэдгээсээ хамаараад УИХ, Засгийн газар, ард түмний өмч гэдэг талаас хандмаар байна” гэсэн. Харин Усны газрын орлогч дарга З.Батбаяр “Туул гол хэний баялаг вэ, энэ гол дээр янз бүрийн асуудал үүсвэл хэн хариуцах вэ. Туул гол УИХ-ынх уу, Улаанбаатар хотынх уу, эсвэл Төв аймгийн Алтанбулаг сумынх уу гээд өөрөө эрх зүйн орчин нь ойлгомжгүй.  Гэхдээ нэг голыг төрийн ч бай төрийн бус ч бай нэг байгууллагад хариуцуулна гэдэг утгагүй” гэх зэргээр олон санаа хэлсэн. Ямартай ч бидэнд Туул голоо аврах гарц, хууль тогтоомж хэрэгтэй байна. Үгүй юм аа гэхэд байгаа хуулиа биелүүлэх хэрэгтэй. Тиймээс дээрх маягаар давхар хяналтын журмаар ажилламаар байгаа юм. Энэ бол хэн нэг хүнд Туул голыг өмчлүүлэх асуудал биш. Зүгээр хамгаалалтаа өндөржүүлэх нь хэлбэр шүү дээ.

Туул гол уг нь монголын ард түмний яах аргагүй мөн. Гэтэл эзэд нь юу хийгээд байна вэ. Өнөөдөр Туул голоо миний өмч гэсэн сэтгэлээр хандаж байгаа энгийн ард, эрхэм дарга, төрийн түшээ ч алга. Хэнээс ч юм бэ энэ асуултыг асуумаар байна. Туул гол хэний өмч, хайрлах ёстой гол юм бэ.

Н.ПУНЦАГБОЛД
Зохиогчийн эрх:  "Монголын мэдээ" сонин

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж