Д.Эрдэнэбилэг шилдэг 12-ын халз тулаанд

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Д.Эрдэнэбилэг шилдэг 12-ын халз тулаанд

Голландын Делфзейл хотноо дэлхийн шилдэг 12 даамчны халз тулаан үргэлжилж байна. Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй Groningen Seaports Masters тэмцээнд урилгаар дөрвөн тивийн найман орны дэлхийн топ 12 их мастер оролцож байгаа юм. Харин манай улсаас Ази тивийг төлөөлөн их мастер Д.Эрдэнэбилэг оюун ухаанаа сорьж байна.

Даамын өлгий нутаг гэгддэг Голландад болж буй шилдгүүдийн халз тулаанд Ази тивийн дөрвөн удаагийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Эрдэнэбилэгээс гадна ОХУ-ын их мастер, дэлхийн зургаан удаагийн аварга Александр Шварцман, их мастер Алексей Чижов, Голландаас Кеес Тейссен, Мартин Дольфинг, Александр Балжакин, Сенегалын Н’Диага Самб, Суринамын Уильям Ори, Италийн Лука Лоруссо, Латвийн Зояа Голубева, Гунтис Валнерис болон Тринидад ба Тобаго улсын Руфус Фостер нарын даамчид өрсөлдөж байна.

Тэмцээний эхний өргийн тоглолтууд бямба гаригт болсон бөгөөд өнөөдөр даамчид тавдугаар өргийн тоглолтоо хийх юм. Д.Эрдэнэбилэгийн тухайд эхний хоёр өрөгт ОХУ-ын их мастер Александр Шварцман, их мастер Зояа Голубева нартай тэнцэж, гуравдугаар өрөгт К.Тейссенд хожигдож, улмаар өчигдөр болсон дөрөвдүгээр өргийн тоглолтод А.Чижовт хожигдсон байна. Ингэснээр дөрвөн өргийн дараах байдлаар Д.Эрдэнэбилэг хоёр оноотой есдүгээр байрт бичигдээд байгаа бол А.Шварцман, К.Тейссен нар долоон оноотой тэмцээнийг манлайлж байна.

Өнөөдөр Д.Эрдэнэбилэг ээлжит тоглолтоо Латвийн их мастер Гунтис Валнеристай хийнэ. Тэмцээний аварга энэ сарын 26-нд тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж