Ерөнхий сайд уулзалтыг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд уулзалтыг эхлүүллээ

Төрийн ордонд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн сургалт, семинар үргэлжилж байна. Уг уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн байна. Тэрээр “ Засгийн газар уламжлал ёсоор жил бүр улсын төсөв УИХ-аар батлагдсаны дараахан орон нутгийн удирдлагуудыг урьж, нэгдсэн сургалт, семинар зохион байгуулж, өнгөрч буй оны ажлаа дүгнэн, ирэх оны үүрэг, зорилтоо төлөвлөн ярилцдаг хариуцлагатай цаг мөчид Та бүхэнтэйгээ уулзаж байна. Манай хамтарсан Засгийн газрын гишүүд тус тусын эрхэлсэн салбарын хүрээнд энэ онд орон нутагт хийсэн ажлын үр дүн, 2011 онд хэрэгжүүлэх бодлого, зорилт, үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудлын талаар тодорхой мэдээлэл хийнэ. Тиймээс би нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан Та бүхнээс цаашид анхаарлаа төвлөрүүлж ажиллавал зохих зарим онцлог асуудлын талаар Засгийн газрын байр суурийг илэрхийлж, санал бодлоо хуваалцахыг хүсч байна. Орон нутагт ажиллах үеэрээ ард иргэд, малчид, хөдөлмөрчдийн санал, бодлыг сонсож, Засгийн газрын бодлого шийдвэрт тусгах, хөдөөгийнхний өмнө тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн ард иргэд, аймаг, сумдын удирдлагаас тавьсан санал хүсэлт, тулгамдсан хөрөнгө оруулалтын шинжтэй 98 асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хэрэг эрхлэх газрын зүгээс Засгийн газрын хуралдаанаар хоёр ч удаа хэлэлцүүлж, тодорхой заалт бүхий тогтоол, төлөвлөгөөг батлан холбогдох сайд нарт үүрэг, чиглэл өгч биелэлтэд хяналт тавин ажиллаж байна. Иймд  2011 онд аймгийн удирдлагуудаас анхаарах зорилтын нэг бол Засгийн газрын дээрх тогтоол, шийдвэрийг аймаг бүр өөрт хамаарах ажлыг бүрэн хэрэгжүүлэхэд оршино. Энэ чиглэлд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын орон нутгийн удирдлагын хэлтэс, аймгуудын Засаг дарга нар бусдаас илүү их чармайлт гаргаж хэрэгжилтэнд нь хяналт тавих ёстойг анхааруулъя.

Өнгөрч буй 2010 онд анх удаа өмнийн говьд Засгийн газрын тусгай хуралдаан хийж, дэлхий нийтийн анхаарал татаж байгаа цөлжилттэй холбоотой асуудлыг тусгайлан хэлэлцэж тодорхой шийдвэрүүд гаргалаа. Энэ нь байгаль орчноо хамгаалах, цөлжилтийн эсрэг тэмцэх, бэлчээрийг зүй зохистой ашиглахад олон нийтийн анхаарлыг хандуулах  бодлогын хүрээнд хийсэн ажил юм. Аймаг, орон нутгийн удирдлагууд Та бидний өмнө тулгамдсан асуудлын нэг болсон байгаль орчноо хамгаалах, цөлжилтийг бууруулах, элсний нүүдлийг зогсоох, бүх нийтээр мод тарих хөдөлгөөн өрнүүлэх, улмаар мал аж ахуй эрхлэх уламжлалт арга барилаа өөрчлөх талаар нэгийг бодож, тодорхой ажил хийх цаг боллоо.

Засгийн газраас "Төсвийн тогтвортой байдлын тухай" хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулсан нь бидний 2011 оны ажлын шинэ эхлэл болно гэж үзэж байна. Энэ нь төмөр замын сүлжээ, газрын тос боловсруулах үйлдвэр, цахилгаан станц байгуулах, олон улсын болон Европын холбооны стандартын шаардлага хангасан экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх зэрэг эдийн засгийн суурь бүтцийг бэхжүүлэхэд шаардлагатай санхүүгийн хуримтлалыг бүрдүүлэх, төсвийг тогтворжуулахад онцгой чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн Засгийн газраас төсвийн шинэчлэлийн хүрээнд анх удаа орон нутагт  хөрөнгө оруулалтаар аймаг бүрт дунджаар 800.0 сая төгрөг, 5 бүсийн хөгжилд  дэмжлэг болгон дунджаар 24.0 сая төгрөгийг тус тус  2011 оны төсвийн тухай хуульд тусгаж Улсын Их Хурлаар батлууллаа. Засгийн газраас бараа ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны төвлөрлийг багасгах зорилго тавьж байгаа. Энэ бодлогынхоо хүрээнд орон нутагт хийгдэх улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх эрхийг хүлээх хариуцлагын хамт орон нутагт нь шилжүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.

Энэхүү хуулийн төсөлд тусгаснаар улсын болон бүс нутгийн шинж чанартай худалдан авалтыг Засгийн газрын тусгай агентлаг төвлөрсөн байдлаар зохион байгуулна. Харин аймаг, нийслэлийн хувьд худалдан авах ажиллагааг өөрсдөө бие даан зохион байгуулахаар болж өөрчлөгдөх юм. Ингэснээр орон нутагт төсвийн эрх мэдэл бодитойгоор шилжиж, төвлөрөл саарч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт оновчтой болж, ажлын байр нэмэгдэх, амьдарч буй орчноо өөрсдөө сайжруулах санаачлага идэвхитэй өрнөх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Энэ бүх шинэ онцлог нь аймаг, нийслэлийн удирдах ажилтан Та бүхнээс үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа шинэчлэл хийхийг шаардана гэдгийг зориуд онцлон тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулан Та бүхнийг дараах хэдэн асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байна. Үүнд:

Нэгдүгээрт:
Манай улс зах зээлийн шилжилтийн үеийг дуусгаж их бүтээн байгуулалтын үйлсэд дэвшин орж байгаатай холбогдуулан Та бүхэн бодит шаардлага,  нотолгоонд суурилсан шийдвэр гаргаж, зохион байгуулж буй ажлынхаа арга барилыг олон нийтэд ойлгомжтой, үр дүн нь мэдэгдэхүйц хэмжээнд  шинэчилж өөрчлөх  шаардлагатай.

2011 онд улсын төсвийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ихээхэн ажил хийгдэнэ. Иймд ажлын байр шинээр бий болгох, мэргэшилтэй ажилчид бэлтгэх, мэргэжил олгоход тал талаасаа анхаарч ажиллая. Орон нутагт хэрэгжиж байгаа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, энэ жил улсын төсвөөс  орон нутгийн хөгжил, бие даасан байдлыг хангах зорилгоор аймаг, нийслэлд олгож байгаа хөрөнгө оруулалт, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг  ажлын байр шинээр бий болгоход чиглүүлж ажиллах ёстойг сануулъя.

Хоёрдугаарт:
  Улс орон, бус нутагт шинээр бий болж байгаа санхүү, эдийн засгийн таатай нөхцлийг үр дүнтэй ашиглах ёстой. Үүнд орон нутгийн удирдлагууд Та бүхний мэдээлэл, зөвлөгөө, удирдлагын манлайлал чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Иргэд, өрх гэр бүлээрээ, нөхөрлөл, хоршоогоороо, сум, багаараа нэгдэн нийлж ажиллах, өндөр ашиг шимт мал үржүүлэх, үр тариа, ногоо, жимс жимсгэнэ тариалж, борлуулах, мах, сүү, ноос, арьс шир боловсруулах, бэлтгэн нийлүүлэх сүлжээ үүсгэх талаар санаачлага хөдөлгөөн өрнүүлж бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Энэ талаар бид олон жил ярьсан ч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Харин эдийн засгийн талаасаа ирэх жилүүдэд боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Гуравдугаарт: Орон нутгийн өмчийн эрхийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй боллоо. Аливаа тендер шалгаруулалт болон аж ахуйн үйл ажиллагаатай холбогдсон багагүй эрхийг аймаг, нийслэлд олгож, эрх мэдлийн хүрээг өргөтгөснийг орон нутгийн хөгжил, нийтийн ашигт нийцүүлэн хэрэгжүүлэх учиртай. Эрх мэдэл, үүрэг хариуцлагыг дагаж олон нийтийн хяналт, оролцоо өргөжиж, шинэ шаардлага  тавигдана гэдгийг  анхаарч ажиллаарай. Орон нутгийн төсвийн төлөвлөлт, орлого, зарлагын уялдааг сайжруулах хэрэгтэй байна. Үргэлж Засгийн газрын гарыг харж, Сангийн яамны арга эвийг олох гэдгээ зогсоомоор байна.

Дөрөвдүгээрт: Төр засгийн зүгээс сүүлийн 20 жилд хөдөөгийн малчид руу хандсан доривтой бодлого гараагүйд Засгийн газар дүгнэлт хийж тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн. Малчдаа орон нутагтаа тав тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тэднийг ядуурлаас ангид байлгах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын баталгаа бий болгох эрх зүй, эдийн засаг, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхээр “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Үүнийг 2009-2015 онд хэрэгжүүлэх эхний шатны ажлын төлөвлөгөөг Засгийн газар батлан хэрэгжүүлж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх эхний шатны төлөвлөгөөнд нийт малчдын 70-аас доошгүй хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулахаар заасан.

2009 оны байдлаар нийт малчдын 4,1 хувь буюу 13,1 мянган малчин нийгмийн даатгалд сайн дурын үндсэн дээр даатгуулсан. Эдгээр байдлыг харгалзан малчдыг нийгмийн даатгалд хамрагдах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгал, төлбөрийн тухай тусгайлсан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулаад байна. Мөн УИХ-аар хэлэлцэн малчин өрхийг орлогын албан татвараас чөлөөлсөн.

Засгийн газраас цаашид малынхаа чанарыг сайжруулах, таримал бэлчээр, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, алслагдсан бүс нутгийн бэлчээрийг ашиглаж худаг, уст цэг гаргах, түүхий эд бүтээгдэхүүнийг орон нутагтаа боловсруулах чиглэлээр нэгдэж хоршоо, бүлэг, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллах малчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр 2011 оны улсын төсөвт 56,0 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгуулаад байна.

УИХ-аар батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шатны төлөвлөгөөг Засгийн газар баталж, хэрэгжүүлэх арга хэмжээг авч байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Улсын төсвөөс 2010 онд 5,3 тэрбум төгрөг зарцууллаа. Мөн Засгийн газраас бүх сумын Засаг даргын Тамгын газрын бүтцэд “Мал эмнэлэг, үржлийн тасаг” байгуулах асуудлыг шийдвэрлэж 329 суманд 658 мэргэжилтэнг ажиллуулан тэдгээрийн цалин, үйл ажиллагааны зардлыг хариуцаж байна. Ийнхүү малчдын талаар Засгийн газраас баримтлах бодлого тодорхой байгаа.

Энэ бодлогыг та бүхэн маань хэрхэн, яаж орон нутагт хэрэгжүүлж байна вэ? Малчдыг сургах асуудал хэдэн хувьтай байна вэ? Малчдын хүүхдийг дотуур байраар бүрэн хангаж чадаж байна уу? Малчдыг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудал ямар шатандаа явж байна вэ? Хичнээн малчин нэрийн данстай болсон бэ? Малчин бүрт эмнэлгийн үйлчилгээг үзүүлж чадаж байна уу? гээд та бүхнээсээ асуух олон асуулт байна. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэх үүргийг Засгийн газраас та бүхэнд өгсөн. Хэрэгжилт нь ямар байгааг Засгийн газарт төдийгүй хөдөөгийн малчин иргэдэд тайлагнах ёстой. Мөн отор нүүдлээр яваа малчдаас ихээхэн хэмжээний татвар хураамж авч, дарамт үүсгэдэг хандлага их байгааг аймаг, орон нутгийн удирдлагууд Та бүхэн анхаарах хэрэгтэй.

Тавдугаарт:
Бидний онцгой анхаарах өөр нэг асуудал нь байгалийн баялгийг зохистой ашиглахын зэрэгцээ байгаль орчноо хамгаалах явдал боллоо. Энэ талаар их ярьсан ч үр дүн нь ямар байгааг олон нийт, орон нутгийнхан хэлж шүүмжилдэгийг шийдвэрлэх ёстой. Орон нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа компани бүр нутгийн иргэдтэй хамтран ажиллаж үйл ажиллагаа, олборлолт, нөхөн сэргээлтийн талаар зөв мэдээлэл солилцдог тогтсон механизмтай болмоор байна.

Мөн Сангийн яам, орон нутгийн удирдлага ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс улс, орон нутгийн төсөвт оруулсан татвар, төлбөр, хураамж, ноогдол ашиг, хандив, тусламжийн тайланг гаргаж нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад мэдээлж, тэдний хяналтыг бий болгох явдал чухал  юм. Хөрс, ургамал, ус, бэлчээр, хадлан тариалангаа хамгаалах талаар судалгаа, шинжилгээ, үнэлгээг тодорхой давтамжтайгаар тогтмол хийж, түүнд суурилсан төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор гаргаж, олон нийтийг  хамруулсан ажил зохион байгуулж,  мэдэгдэхүйц үр дүнд хүргэх хэрэгтэй.

Зургаадугаарт:
Даяаршиж буй өнөөгийн  нийгэмд тулгамдсан олон асуудлыг төрийн байгууллагууд  дангаар шийдвэрлэх боломжгүй болжээ. Төрийн болон орон нутгийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавихад хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын оролцох оролцооны ач холбогдол нэмэгдсээр байна.  Иймд төр, иргэний итгэлцлийг бэхжүүлэх, гарч буй шийдвэрийн бодит биелэлтийг хангах үүднээс нутгийн удирдлагын байгууллагууд аливаа асуудлыг боловсруулах, хэлэлцэх, хэрэгжүүлэх, хяналт тавих  ажилд хувийн хэвшил, иргэд, олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийнхнийг оролцуулах боломжийг илүү болитой бүрдүүлж ажиллах  хэрэгтэй. Энэ бодлогын хүрээнд орон нутгийн төрийн бус байгууллагуудад тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болгож байна. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар иргэдийнхээ оролцоогүйгээр асуудлаа шийддэггүй гэсэн зарчим руу орох ёстой. 

Долоодугаарт: Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн үндэслэлгүй  өсөлтөөс орон нутгийн ард иргэдээ хамгаалах асуудлыг анхаарлынхаа төвд байнга  байлгаж,  зохион байгуулалтыг сайжруулах хэрэгтэй. Засгийн газар "Атрын III аян" тариалангийн  хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, улаан буудай, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой боллоо. Газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн тоо өсч, тэдгээрийн хөдөө аж ахуйн техник хэрэгслийн хангамж нэмэгдсэн нь манай орны тариаланчид бас Та бүхний хичээл зүтгэлийн үр дүн юм. Хүн ардаа хүнс тэжээлтэй, ажилтай, орлоготой болгох нь Засгийн газар, Та бидний хамтын ажиллагааны зорилт, үр дүн байх учиртай.

Наймдугаарт: Сахилга, зохион байгуулалтын асуудлыг Та бүхэнд байнга анхааруулан сануулж ирсэн. Энэ удаа ч дахин ярих хэрэг байна. Хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг орон нутагт шуурхай зохион байгуулж, биелүүлдэг хариуцлагыг бүх шатны нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд Та бүхэн хэнтэй ч хуваалцахгүйгээр үүрэх ёстой.

Орон нутагт ажиллах явцад хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилт сайнгүй байгаа нь олон асуудлаар ажиглагдсан. Орон нутгийн захиргааны байгууллагууд төрийн мэдээлэл, төрийн үйлчилгээг ард иргэдэд хангалтгүй хүргэдэг гэсэн шүүмжлэл байсаар ирсэн. Иймд манай бүх шатны Засаг дарга нар хуулийн  хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн үүрэгт ажилдаа  анхаарлаа хандуулж ажиллахыг  сануулъя.

 Монгол Улсын Засгийн газар үр дүнд суурилсан удирдлага, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх бодлогыг тууштай баримтлах болно. Ам ажлын нэгдлийг үндсэн зарчим болгоно. Энэ бодлогын хүрээнд Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээний эрх зүйн орчин, тогтолцоог төгөлдөршүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг дээшлүүлэх талаар тодорхой зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Бид хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлого, зорилтынхоо үр дүнг нэг бүрчлэн тооцон үнэлж, дүгнэх учиртай. Хийсэн бүтээснээ иргэд, олон нийтэд ил тодоор хэлж, болж бүтэхгүй зүйлээ тухай бүрт нь засч залруулахын төлөө тууштай чармайж, тэдний дэмжлэгийг авч ажиллах шаардлагатай байна.

Эцэст нь тэмдэглэж хэлэхэд  ард түмэн Та бидний үйл ажиллагаанд дүн тавих УИХ, орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн  хугацаа дуусах ойртож байна. Ард иргэдээ ажилтай, орлоготой болгож, амьдралыг нь сайжруулах үүднээс л бид төсвийн болон бизнесийн шинэчлэлийг хэрэгжүүлж байгаа. Эдгээр зорилтыг ажил хэрэг болгож, ард иргэдийн амьдралд мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийн  төлөө Та бүхнээс гаргасан хүчин чармайлт, арга  туршлагыг бүх талаар дэмжин тусалж,  идэвх  санаачлагагүй үйлдэл  бүрт хариуцлага тооцож ажиллах болно.

2011 он бол Засгийн газрын бүрэн эрхийн хугацааны бүтэн жилээр ажиллах сүүлийн жил. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт энэ оны ажлаас бүрэн хамааралтай гэдгийг зориуд цохон тэмдэглэе. Та биднийг хүлээж байгаа өвөлжилт, хаваржилтын цаг үеийн амаргүй ажилд байнга анхаарч ажиллах хэрэгтэй. Хүйтний эрч эрс чангарч, зарим аймаг, сумдад өвөлжилтийн байдал хүндэрч байгаа мэдээллийг орон нутгийн удирдлагууд өгч байна. Гэхдээ энэ жил өнгөрсөн жилийн сургамжид тулгуурлан орон нутгийн удирдлагууд Та бүхэн ажилдаа хэрхэн хандсаныг, үүрэг даалгаврыг яаж биелүүлснийг илтгэн харуулах нэгэн том шалгуур болно гэж би ойлгож байна.” гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж