гэдэг Японы алдартай үг бий. Учир нь хуульчид хуулийг яаж өөртөө
хэрэгтэйгээр ашиглахаа мэддэг. Бас ямар аргаар бусдыг хохироовол өөрт
халгүйг эрх зүйн үүднээс тооцдог. Ийм аюулын жишээг цус ойртсон
хуулийнхнаас харж болно. Хуулийн салбарынхан ашиг сонирхолдоо
дульдуйдан танил тал, хамаатан садандаа давуу тал олгосон баримт
цөөнгүй бий. Тухайлбал, 14 настай охиноо бусдын гарт алдсан эцэг
хуулийнхны хуйвалдаанаас болж хоёр жил хохирч яваа. Хуулийн
байгууллагыг толгойлж байсан генералын зээгийн гарт охиноо алдсан
Ц.Гончиг манай сонинд “Охиныхоо шарилын өмнө хэргийн үнэнийг олно гэж
тангаргалсан. Гэтэл генералын охидууд хуулийнханд хүчтэй юм. Өөрийгөө
шатаагаад ч болов үнэний төлөө зүтгэнэ” гэж ярьсан. Уншигчдын олонхи нь
“Хууль, шүүхийнхэн хэзээ ч үнэнийг шийдэхгүй. Тиймээс та хувийн аргаар
өшөөгөө ав” гэж зөвлөсөн байна. Харамсалтай нь энэ нийгэмд тогтсон
ойлголт. Одоогоос 30-аад жилийн өмнө Оросын Владивосток хотод охиноо
бусдын гарт алдсан эцэг шүүхийн шийдвэр алуурчдын талд гарангуут шүүх
хурлын танхимд шүүгдэгчдийг буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Оросод
нүүрлэсэн шударга бус байдал энэ цагт Монголд нүүрлэснийг хохирогчийн
яриа, уншигчид гэрчилж байна.
Жирийн иргэн Ц.Гончигийн охиныг хөнөөсөн хэргийн ул мөрийг баллахын
тулд хуулийнхан хэрхэн ажилласныг холбогдох байгууллагууд тогтоожээ.
Гэмт хэргийн сэжигтнүүдийг “Ганц худаг”-т саатуулсны дараа
Б.Хэрлэнчимэгийн ээж өмгөөлөгч Б.Сэглэгмаа төрсөн эгч УМБГ-ын мөрдөн
байцаагч дэд хурандаа Б.Соёлмаатай хуйвалджээ. Эгч дүү хоёр “Ганц
худаг”-ийн эргэлт хариуцсан мэргэжилтэн ахмад Б.Нэргүйтэй хуйвалдан
сэжигтнүүдийг нэр дор цуглуулж мөрдөн байцаалтад өгөх мэдүүлгийг нь
зааж өгчээ. Улмаар сэжигтнүүдийг суллуулсан аж. Үүнээс гадна Б.Сэглэгмаа
гэрчүүдэд мөнгө амлан худал мэдүүлэг өгөхийг ятгасан баримт ч байгаа
аж. Ингэж албан тушаалаа урвуулан ашигласнаар эрүүгийн хэрэгт
холбогдож Өршөөлийн тухай хуулиар хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Мөн
хохирогчийг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байсан нь Б.Сэглэгмаатай
холбоотой талаар эх сурвалж мэдээлсэн. Учир нь нэгэн өмгөөлөгч
хохирогчид “Таныг өмгөөлөх гэхээр дарамт их байна” гэж ам алдсан аж. Энэ
мэт баримтуудыг УМБГ, ШШГЕГ шалгаж албан тушаалаа хувийн ашиг
сонирхолдоо ашигласан Б.Соёлмаа, Б.Нэргүй нарт өнгөрсөн баасан гарагт
хариуцлага тооцжээ. Тухайлбал, Б.Соёлмаагийн цолны мөнгийг гурван сар
хасах торгууль оногдуулсан аж. Мөн Б.Нэргүйгийн ахмад цолыг хурааж ахлах
дэслэгч болгожээ. Сонирхлын зөрчлийн тухай хуульгүй учраас үүнээс өөр
шийтгэл оногдуулах эрх зүйн орчин байхгүйг хуулийнхан учирлаж байв. Эрх
зүйн орчин хангалтгүйгээс охиноо хэргээс мултлах гэж өмгөөлөгчдийг
ятгаж, гэрчүүдэд авлига өгсөн байх магадлалтай Б.Сэглэгмаа өнөөг хүртэл
өмгөөлөгчөө хийж байгаа аж. Мөн сэжигтнүүдийн өмгөөлөгчид шүүх хурал
дээр хохирогчийг элдвээр доромжилж, хувийн шалтгаанаар шүүх хурлыг таван
удаа хойшлуулсан. Энэ тохиолдолд шүүгч ямар арга хэмжээ авч болохыг
Нийслэлийн шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээс тодруулахад “Өмгөөлөгч шүүх
хурал дээр хохирогчийг гутаан доромжилж хүний нэр хүндэд халдсан бол
хариуцлага тооцох эрхтэй. Ийм жишээ Монголд цөөнгүй бий. Гэхдээ
Б.Хэрлэнчимэг нарт холбогдсон хэрэгт шүүгч яагаад арга хэмжээ аваагүйг
мэдэхгүй юм. Ер нь Монголд ёс зүйг сайжруулахыг зорьсон эрх зүйн орчин
хангалтгүй байгаа” гэсэн юм. Хуульчдын хэлж байгаагаар ашиг сонирхлын
зөрчил, албан тушаалаа ашигласан этгээдүүдэд хариуцлага тооцох эрх
зүйн орчин хангалтгүйгээс төрөл саднаараа хуйвалдан гэмт хэргийн ул
мөр балласан хуульчдыг торгохоос өөрөөр шийтгэх боломжгүй аж. Тиймээс
сонирхлын тухай хуулийг батлах учиртайг Нийслэлийн шүүхийн шүүгч
Б.Батцэрэн жишээ болгон ярьсан юм.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
"Улс төрийн тойм" сонин