Ж.Ассанжаас болж хүмүүс амиа алдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Ж.Ассанжаас болж хүмүүс амиа алдаж байна

Wikileaks олон улсын байгууллага Азийн даран­гуйлагчид, Зөвлөлт засгаас за­дарсан улс орнуудын нөхцөл байдлын үнэн түүх, Хятадын тэрс үзэлтнүүд, сэтгүүлчид, математикчид, компаниудын техник технологи, Ойрхи Дор­нод, Өмнөд Африк, Гуан­танамо дахь хорих ангийн 2003-2004 онд явуулсан үйл ажиллагаа, Цайны намын ли­дерүүдийн нэг Сара Палины цахилгаан шуудан зэрэг нууц материалуудыг олон ний­­тэд ил болгожээ. Гэхдээ эд­гээр нь жижиг асуудал байв. Харин сүүлийн найман сарын хугацаанд Вашингтоны Афганистан, Иракт явуулж буй дайны нууцыг дэлгэж, АНУ-ын засаг захиргааны хамаг л булайг илчилж ор­хилоо. Wikileaks шиг алдар­тай, дуулиантай вэбсайт одоо бараг алга. Ж.Бушийн эх­лүүлсэн Афганистан, Ира­кийн дайны үед гэм зэм­гүй иргэд амь үрэгдэж, аме­рикчууд үүнийгээ нуун дарс­ныг ил болгосон явдал нэг талаараа шударга ёс мөн. Гэвч нөгөөтэйгүүр Wikileaks-ийн үндэслэгч Жулиан Ассанжийн олон улсыг хагаралдуулах атгаг санаа ч байж болох талтай. Түүний эхний алхам нэр хүндээ өсгөх, хүмүүсийн анхаарлыг өөртөө татах байсан нь амжилттай хэрэгжсэн гэж шинжээчид үзэж байна. Ва­шингтоны Афганистан, Иракт явуулж буй дайнтай холбоотой 400 мянга гаруй нууц баримтыг ил болгосноор Ж.Ассанж АНУ-ыг бараг л дэлхий нийтийн үзэн ядалтын бай болголоо. Нууц мэдээлэл дэлгэх давалгаанд өртөж хо­хирогч болсон Вашингтоны эрх баригчид Ж.Ассанжийг яаж ч чадаагүй юм. Харин өнгөрсөн сард тус улсын олон улс дахь Элчин сайдын яамдын 250 мянга гаруй нууц материалыг ил болгосон нь АНУ бусад харилцагчаа хэрхэн үнэлж, дүгнэдгийн тод жишээ болов. Уг материалд АНУ-ын эрх баригчид бусад улс орны төрийн тэргүүнүүдийг янз бүрээр хочилсон байс­наас гадна Саудын Араб Иран руу дайрахыг АНУ-аас гуйсан зэрэг дуулиант мэдээллүүд олны сонорт хүр­лээ. Энэ удаад ч гэсэн Ва­шингтон Ж.Ассанжийг ар­галж дөнгөсөнгүй Харин Вашингтон Ж.Ассанжийн оронд 250 мянга гаруй нууц материалыг Wikileaks-т өгсөн 23 настай Бредли Маннинг хэмээх цэргийг барьж, шийт­гэж, гомдлоо бага ч болов тайлсан юм. Албаныхан ч өмнөхийн адил анхааруулга өгч, үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг Ж.Ассанжид хүр­гүүлэв. Гэхдээ Wikileaks-ийн нууц материал дэлгэх явдал үргэлжилж байгаа билээ. Бүр олон улсын мэдээллийн дайн үүссэн нь дэлхийн валютын дайны халааг авсан шуугиан болсон юм. Wikileaks нууцыг илчилж буй нь Ж.Ассанжийн олон улсыг АНУ-ын эсрэг хандуулж, маргаан дундаас ашиг шүүрэх гэсэн далд санаа байж болохыг ажиглагчид үгүйгсэхгүй байна. Интерпол Ж.Ассанжийг Шведэд байхдаа буюу өнгөрсөн наймдугаар сарын 13-ны өдөр бусдад бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчилж, шведүүд түүнийг АНУ-руу шилжүүлэн өгөхдөө туллаа. Хэдийгээр түүнийг Их Британий зүгээс батлан даалтан авч сулласан ч бэлгийн дарамт учруулсан хэ­рэг гэнэт сөхөгдсөнд Ва­шинг­тон холбоотой байж болохыг ажиглагчид үгүйс­гэхгүй бай­гаа юм. Хамаг нууцыг нь ил­чилсэн Ж.Ассанжийг яаж ч чадахгүй байсан Вашингтон түүнд холбогдох хэргийг ил­рүүлж, ийнхүү баривчилсан байх магадлалтайг ажиглагчид бичиж байна. Хэвлэн нийтлэх эрх чөлөөг дэндүү ихээр дээ­дэлсэн Ж.Ассанжийг ингэж баривчлахаас өөр аргагүй биз. Вашингтон түүнийг улсын аюулгүй байдалд сөр­­гөөр нөлөөлсөн хэмээн бу­­руут­гаж байгаа билээ. За­рим шинжээч Ж.Ассанж Wikileaks-ээр дамжуулан олж авсан нэр хүндээ ашиглан бусдыг дарамталж, өөрийн хийсэн үйлдлээ өмгөөлөхийг оролддог гэсэн таамгийг дэв­шүүлжээ. Мөн Ж.Ассанж тийм ч сайн хүн биш бололтой. Түүний удирдлаган дахь хү­мүүс цөөнгүй солигддог тухай ажилтнууд нь ярьжээ. Wikileaks-ийн төлөөлөгч асан Даньел Домщейт Берг хэмээх Герман ажилтнаа зан характерийн дутагдалтай гэх шалтгаанаар ажлаас нь хөөж байсан нь тод жишээ аж.

Мөн ажиглагчид түүнийг үйл ажиллагаандаа хайнга хандаж байгааг анзаарсөн бө­гөөд энэ нь түүний атгаг санаа байх талтайг үгүйсгэхгүй бай­на. Ж.Ассанжаас болж хүмүүс амиа алдаж байгааг Иракийн өдөр тутмын сонинд бичиж байжээ. Афганистан, Иракийн дайны үеийн нууц материалуудад амь эрсэдсэн хүмүүсийн нэр ус гээд бүхий л дэлгэрэнгүй мэдээллүүд нь байснаас гадна хууль бус хэрэг явдлыг хэн үйлдсэн нь нэртэйгээ гарчээ. Мөн НАТО-гийн тагнуулын ал­банд ажиллаж байсан орон нутгийн нууц ажилтнуудын нэрсийг дурайтал нь жагсаав. Үүнд дэлхийн олон орны удирдлагууд төдийгүй Wikileaks-ийнхэн ч өөрсдөө сэ­рэмжилж эхэллээ. Тус бай­гууллагын идэвхтэн гишүү­дийн нэг Исландын Засгийн газрын гишүүн Биргитта Жонсдоттир “Зарим албаны хүмүүсийн нэр гарсанд ихэд сэтгэл түгшиж байна. Ма­най удирдлагууд хийж буй ажилдаа анхааралтай хан­дах хэрэгтэй” хэмээв. Энэ нь хэчнээн хүний нэр байна тө­дий чинээ хүмүүсийн амь нас дээсэн дөрөөн дээр дэн­жигнэнэ гэсэн үг юм. Ца­гаан ордны мэдээлснээр сүү­лийн гурван сарын хугацаанд нууц материалд нэрийг нь дурьдсан хэд хэдэн хүн бусдын гарт амиа алджээ. Ж.Ассанжийн гол санаа АНУ-ын Засаг за­хиргааг бүр мөсөн унагахад чиглэж байгаа гэж үзэх тал бий. Wikileaks-ээс гадна “Гвар­диан”, “Дер Шпигель”, “Нью-Йорк Таймс”, “Ле Мон­де”, “Эл Пайс” зэрэг дэлхийн хэмжээний то­моо­хон сонингууд нууц ма­те­риалыг нийтлэх үйлсэд оролц­сон. Нууц материалыг ний­тэлсэн тухайн сонин ашиг харж, олон хүний анхаарлыг өөртөө татахыг оролдсон гэж шүүмжлүүлж эхэллээ. Мөн Ж.Ассанжийг хэвлэлийн эрх чөлөөнд халдсан гэж буруут­гав. Түүний мате­риа­лууд хэв­лэлийн аливаа ма­териалыг нийтлэхгүй байх эрхийг зөр­чиж байгаа аж.

Т.ОТГОНБАТБАЯР

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж