Өмнөд Солонгосын Засгийн газар уржигдар шинэ бодлого хэрэгжүүлэхээр болсон тухай албан ёсоор мэдэгдсэн. Үүндээ татварын орчны талаар нэлээд анхаарч үзжээ. Банкуудын зээл, мөнгөний урсгалд татвар ноогдуулах замаар гадаад валютын урсгалд хяналт тогтоохыг зорьж байгаа юм. Өмнөд Солонгосын эдийн засаг хэмжээгээрээ Азид дөрөвдүгээрт ордог. Тус улсаас гадна зах зээл нь өсөн нэмэгдэж буй орнууд сүүлийн саруудад капиталын урсгалаа хянаж, гадаад хөрөнгө оруулалтаа хязгаарлахыг зорих болсон. Өнгөрсөн сард Тайвань гадны хөрөнгө оруулалттай холбоотой зээл олголтыг бууруулах зорилгоор шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэн юм. Бразильд өнгөрсөн аравдугаар сард хөрөнгө оруулалтын татвараа гурав дахин нэмсэн билээ. Энэ бүхэн нь бэлэн мөнгө, гадаад валют, түүн дотроо бүр тодруулбал ам.долларын урсгалыг сааруулах замаар өсөн нэмэгдэж буй инфляцид нөлөөлөхийг зорьж буй аргуудын нэг юм. Нөгөө талаас дотоод валютын ханш өсч байгааг зогсоох гэсэн нэг арга ч байж болох.
Солонгосын хойгийн хурцадмал байдлаас болж сүүлийн үед воны ханш сулрах хандлагатай болсон. Зөвхөн өчигдрийн хувьд ам.долларын эсрэг бага зэрэг чангарчээ. Гэхдээ энэ бол сүүлийн хэд хоногт ажиглагдаж буй хэлбэлзэл юм. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш өдийг хүртэлх хугацаанд вон ам.долларын эсрэг 34 хувиар чангарчээ. Экспортод түшиглэсэн эдийн засагтай Өмнөд Солонгосын хувьд энэ нь тийм ч таатай үр дүн биш юм. Гэхдээ Япон зэрэг оронтой харьцуулахад тус улсын зах зээл өсөн нэмэгдэж байгаа гэдгээрээ давуу байна. Өмнөд Солонгосын бодлого боловсруулагчид банкны тогтолцоогоороо дамжуулж гадаад валютын урсгалыг саармагжуулах, воны нийлүүлэлтийг нэмэхээр зорьж байна. Цаашлаад энэ нь воны ханшийг сулруулах нэг хүчин зүйл болох юм.
АНУ-ын “Lehman Brothers”-ын дампуурлаас эхлэлтэй санхүүгийн хямрал 2008 онд гарах үеэс дэлхийн улс орнуудын банкны систем нэлээд хүнд байдалд орсон. Үүний нөлөө Өмнөд Солонгосын санхүүгийн тогтолцоонд ч нөлөөлсөн юм. Гэхдээ тус улс Хятад тэргүүтэй орнуудтай адил бэлэн мөнгөний урсгалыг өөртөө төвлөрүүлэх хандлагатай болсон. Харин одоо эргээд гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах замаар гадаад валютын урсгалд хяналт тогтоохыг зорьж байна.
Түүнчлэн тус улсад богино хугацааны зээлийн эрсдэл урт хугацааныхтай харьцуулахад өндөр байгаа аж. Үүн дээр нэмээд банкууд ам.доллараар гүйлгээ хийх нь нэмэгдэх хандлагатай байна. Харин шинэ татварын орчин бий болгосноор эрсдэлийг арилгана гэж албаны шинжээчид үзэж байгаа юм. Гадаад валютын урсгалыг хязгаарлах гэдгийн цаана банкуудын нөөцтэй холбоотой асуудал яригдана. Өмнөд Солонгосын Засгийн газар банкууд дахь гадаад валютын нөөцөд хяналт тавьж, капитал, өөрийн хөрөнгийн харьцааг шинээр тогтоохыг зорьж байгаа юм. Өнгөрсөн аравдугаар сард тус улс банкуудынхаа гадаад валютаар хийгдэх хөрөнгийн урсгалыг хязгаарлаж, воны арилжааг нэмэгдүүлэх бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн билээ.
“SERI”-ийн шинжээч Жон Ён Сик “Ойрмогхон хугацаанд болсон хоёр ч том санхүүгийн хямрал Өмнөд Солонгост нэлээд хүндээр туссан. Тийм учраас одоо эдийн засгийн тогтолцооныхоо найдвартай байдлыг хангах үүднээс өөрсдөдөө баталгаа гаргаж авах нь чухал. Солонгосын хойгийн хурцадмал байдлаас болж Өмнөд Солонгосын капиталын урсгалд саад гарч байгаа нь сайнгүй хэрэг” хэмээн дүгнэжээ.
Солонгосын хойгийн хурцадмал байдал улам даамжирч байгаагаас хөрөнгө оруулагчид Өмнөд Солонгосын эдийн засгаас хөрөнгөө татах хандлагатай болж байгааг дээр дурьдсан. Өмнөд Солонгос цэргийн ажиллагаагаа өргөтгөж байгаагаас хойд хөршийнхөн нь зүгээр суухгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Харин энэхүү тогтворгүй байдал нь Өмнөд Солонгосын хувьцаанууд болон воны ханшид нөлөөлж байна. “Bloomberg”-ийн шинжээчдийн тооцоогоор өчигдөр воны ханш 1.2 хувиар буурч, нэг ам.доллар 1166.7 вонтой тэнцжээ. Өмнөд Солонгосын “Коспи” индекс нэг хувиар буурч, 2005.14 нэгж болсон байна. Түүнчлэн тус улсын Засгийн газраас гаргасан гурван жилийн хугацаатай бондын өгөөж нэмэгдэж, 3.39 хувь болжээ. Банкуудад ноогдуулж буй шинэ татвар нь харилцагчдынхаа гадаад валютын зээлд нэлээд дарамт учруулах аж. Өмнөд Солонгосын төв банк, Сангийн яам болон Санхүүгийн зөвлөх байгууллагын шинжээчид үүнийг нотолжээ. Ямартай ч ирэх онд тус улсын эдийн засаг таван хувийн өсөлттэй гарна гэх урьдчилсан тооцоог албаны шинжээчид гаргасан байна.
Т.ЭЛИСА
"Улс төрийн тойм" сонин