Ардчилсан нам хүчээ нэгтгэхээ амлалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам хүчээ нэгтгэхээ амлалаа

Манай сонины сурвалжлах хэ­сэг өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүх­баатар аймгийн Баруун-Урт суманд ажиллалаа. “Жаахан шарга”-ын өл­гий Дарьганга нутагт Ардчилсан намаас Зүүн бүсийн чуулга уулзалтыг зо­хион байгуулсан юм. Баруун-Урт хотноо энэ сарын 17-19-ний хооронд болсон “Ардчилал-20” чуулга уулзалтад Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр айм­гийн болон нийслэлийн Багануур дүүргийн Ардчилсан намынхан хүрэл­цэн ирсэн. Хэдийгээр уг чуулга уулзалтыг намрын налгар өдрүүдэд хийнэ хэмээн товлосон байсан ч малын гоц халдварт шүлхий өвчин гарч хөл хорио тогтоосны улмаас хойш­луулж, шинэ он гарахын өмнөхөн хийж байгаа нь энэ. Гэхдээ өвлийн эхэн сард хийсэн Ардчилсан намын Зүүн бүсийн чуулга уулзалтын үеэр цаг агаар тогтуун байлаа.
 Сүхбаатар  аймгийн Баруун-Урт хот миний мэдэх аймгийн төвүүдээс гэрэлтүүлэг, чимэглэл, төв талбай дахь том дэлгэц, жижигхэн хэрнээ тов хийсэн зохион байгуулалтаараа ялгарах юм билээ. Том дэлгэцийн телевизороор нь энэ өдрүүдэд ихэвчлэн “Хонхны дуу” эгшиглэсэн. Өнгөрсөн 2008 оны орон нутгийн сонгуулиар Сүхбаатар аймгийн Ард­чилсан нам ялалт байгуулж, тус на­мын даргаар 2000 оноос хойш ажиллаж буй Ж.Батсуурь аймгийн Засаг даргын албыг хашиж байгаа юм. Тус аймгийн иргэд “Сүхбаатар аймаг, цаашлаад Баруун-Урт хотын одоо­гийн байдал, 2008 оноос өмнөх үеийн байдал хоёр өдөр, шөнө шиг ялгаатай” гэцгээж байв. Ямартай ч ардын засгийг үүсгэн байгуулсан их жанжин Д.Сүхбаатар, хувьсгалт тэмцлийн зүтгэлтэн М.Дугаржав, Мон­гол Улсын Ерөнхий сайд асан Ц.Жиг­жиджав нарын төрсөн ну­таг болох Сүхбаатар аймгийн ир­гэд Ардчилсан намынханд итгэл хү­лээл­гэсэндээ харамсдаггүй   юм билээ.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод болсон уг арга хэмжээ бүсийн чуулга уулзалтуудын хамгийн сүү­лийнх буюу хаалтын гэдгээрээ онцлогтой болсон хэмээн зохион бай­гуулагчид нь онцолж байсан. Чуулга уулзалтад Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дар­га Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Ламбаа, Ц.Баярсайхан, Д.Батбаяр, Ц.Сэдванчиг, П.Алтан­гэрэл, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Мон­гол Улсын Ерөнхийлөгчийн зөв­лөх Л.Эрхэмбаяр нар оролцсон. Сүхбаатар аймгийн Баруун-Урт хо­тод болсон Зүүн бүсийн чуулга уулзалтын эхний өдрийн арга хэмжээ ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулсан хөшөөний нээлтийн ёслолоор эхэлсэн. Улмаар Ба­руун-Урт хотын “Жаахан шарга” театрт бүсийн чуулганы нээлт болсон юм. Энэ үеэр Ардчилсан намын удирдлагуудын хэлсэн үгийг тоймлон хүргэе.

Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга Н.Ал­танхуяг:

-Бид хаалтын чуулга уулзалтыг тус аймагт  хийх шийдвэрийг санамсаргүй гаргаагүй. Сүхбаатарчууд, тус айм­гийн Ардчилсан намынхан сүү­лийн 10 жилийн хугацаанд маш их зүтгэлтэй, олон нийтэд ойрхон ажил­лаж байгаа. УИХ-ын 2008 оны сонгуулиар үүнийгээ баталж, ха­руулж чадсан газар юм. Хамгийн чухал зүйл ард түмнийхээ итгэлийг дааж ажиллах явдал. Түүний тод жи­шээ нь Сүхбаатар аймгийн удирдлагууд юм. Өнгөрсөн 20 жи­лийн хугацаанд Ардчилсан намд бачимдах, бухимдах, өөр хоорондоо учраа ололцохгүй зүйл олон байсан. Гэхдээ энэ бүхэн манай намд сур­гамж болсон. Болж өнгөрсөн үйл явдлуудад авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй. Гэхдээ одоо бол АН-д хардлага, сэрдлэг, хагарал байх­гүй. Бас албан тушаалын төлөө суудалдаа зууралдсан нэг ч гишүүн байхгүй гэдэгт итгэлтэй байна.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэ­бат:

-Зүүн бүс нутаг бол Монгол Улсын эрдэс баялгийн гол төв. Монголчуудыг үеийн үед тэжээх бүс нутаг. Тиймээс энэ бүс нут­гийн хөгжил бол Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл. Харамсалтай нь Ардчилсан нам ард түмнийхээ өмнөөс хийх хатуу бодлого, зорилгоо биелүүлэх болом­жийг өөрсдийн дотоод зөрчил, ард түмний итгэлийг бүрэн хүлээж ча­даагүй зэрэг олон шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл олж чадаагүй бай­на. Харин 2012 онд бидэнд энэ бо­ломж байгаа. Энэ боломжийг яаж ашиглах, хэрхэн олж авах вэ гэдэг нь бид­ний хатуу бодлого, оюун ухаан, сул тал гэж өөрсдийгөө хөөрөгддөг тэр зүйлээ нэг тийш нь цэгцэлж чадах эсэхээс шалтгаална. Бид бүсийн чуул­га уулзалтаар үүнийг л ярилцах зо­рилготой байгаа юм.  Үлдэж байгаа хоёр жилд бидэнд хийх зүйл олон байна. Өөр хоорондоо хөлөө жийлц­дэг цаг өнгөрсөн.  Амьдрал үнэнээрээ, бодитой байх нь сайхан. Бид асуудалд бодитой хандах ёстой. Тийм учраас бид төлөвших хэрэгтэй. Бид бусдаас илүү ухаалаг байх ёстой. Мөн бид бусдаас илүү ард түмнээ хайрладаг байх ёстой. 

“Ардчилал-20” зүүн бүсийн чуулга уулзалтын үеэр тус намын удирдлагууд ирэх сонгуулийн үеэр хийсэн юм, хэлэх үгтэй байхын тулд хүчээ нэгтгэн ажиллана гэдгийг  орон нутгийн төлөөлөгчдөд амласан. Мөн тэд Монгол Улс түүхэндээ анх удаа ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон нь ардчилсан хувьсгалын нэг томоохон ололт хэмээн онцолж байлаа. Харин орон нутгийн төлөөлөгчид намын удирдлага, УИХ-ын гишүүдэд өөр хоорондоо эвтэй байх, хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаагийн хувьд хууль, журам гаргахад ард түмэндээ ашигтай байхад нөлөөлөх, Ардчилсан намын үнэт зүйл болох хүний хөгжил, мэргэшүүлэх бодлогод түлхүү анхаарах зэрэг үүрэг даалгавар өгсөн юм. Мөн зүүн бүсийн төлөөлөгчид төсөв зарцуулах эрх мэдлийг орон нутгийн удирдлагад шилжүүлэх хэрэгтэй байна хэмээн төрийн удирдлагуудаас хүссэн юм.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж