Элчин сайд Ж.Энхсайхан Хорватын холбогдох албаны хүмүүстэй уулзаж, Монгол, Хорватын харилцааг зарим тодорхой салбарт, тухайлба аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсролын салбарт идэвхжүүлэн өргөжүүлэх талаар ярилцав. Монгол-Хорватын харилцаа улс төрийн салбарт хөгжиж ирсэн бөгөөд цаашид уулзалт ярианы давтамжийг ойртуулж, харилцан ойлголцлыг бэхжүүлэх үүднээс улс төрийн зөвлөлдөх уулзалтыг ирэх онд хийхээр тохирчээ. Мөн Монгол, Хорватын бизнес эрхлэгчдийн хооронд шууд харилцаа холбоо тогтоох нь эдийн засгийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд чухал болохыг талууд онцолж, тус тусын улсыг таниулсан тодорхой арга хэмжээ зохион байгуулахаар болов. Хорват Улсын Засгийн газраас бакалавр болон магистрын сургалтын тэтгэлэгт нийт гурван оюутныг хамруулж буйг хорватын тал тэмдэглээд тэтгэлгийн тоог цаашид ч нэмэгдүүлэх боломжтойг мэдэгджээ.
Хорват Улсын хувьд жуулчид хүлээн авах нэн таатай улирал нь зуны 3 сар л байдаг хэдий ч жилд 10 гаруй сая гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбар нь ДНБ-ийн 15 орчим хувийг бүрдүүлдэг тул энэ салбарт ихээхэн туршлага хуримтлуулсан улс орон юм. Аялал жуулчлалын салбарт тус улстай идэвхтэй хамтран ажиллах, чингэхдээ харилцан мэдээлэл, туршлага солилцох, Хорватаас дорно зүгрүү явж буй жуулчдыг мөн Монголд жуулчлуулах талаар хоёр тал цаашид ярилцахаар болов.
Мөн Элчин сайд малын эмийн үйлдвэр болох “Ветерина” компанид зочилж, үйлдвэрийн үйл ажиллагаатай нь танилцав. Тус үйлдвэр нь 100 гаруй жилийн туршлага хуримтлуулсан бөгөөд малын эм, вакцин, малын хорголжин тэжээл үйлдвэрлэж, нийт бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг экспортолдог аж. Тус үйлдвэрийн удирдлага Монгол Улстай хамтран ажиллах, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг судлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд “Ветерина” компанийн төлөөлөгчид ирэх оны эхээр Монголд очиж холбогдох албаны хүмүүстэй уулзах, зохих судалгааг хийх сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улс, Хорват Улсын хооронд 1993 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Хорват Улсын Ерөнхийлөгч 2008 онд Монгол Улсад айлчилж байсан. Манай талаас анх удаагаа тус улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаа талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.