Ноён Coal-ийн хүлээх хариуцлага

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Ноён Coal-ийн хүлээх хариуцлага

Зөвхөн зэсэнд түшсэн төсөвтэй хэмээн уйлагнах цаг ард хоцорч, Монголын нүүрс ард түмнээ төдийгүй дэлхийн эрчим хүчийг тэжээж эхэллээ. Монголыг Төв Азийн Кувейт хэмээн өргөмжилж, дотоодын нүүрс олборлолтын хэмжээ түүхэндээ анх удаа 20 сая тоннд хүрэв. Цаашид олборлолтын хэмжээ 40 сая тоннд хүрэх боломжтой гэнэ. Энэ бол том амжилт. Яагаад үүнд хэн ч баярлахгүй байгаа юм бол. Монголын нүүрс улс орныхоо өмнө том хариуцлага хүлээж байгаа биз дээ. Юун эргэж буцсан улс төрийн шийдвэр, цоорхой хууль баталж түүнийгээ хэрэгжүүлдэг төр засаг, түүнийг түшилцэж байгаадаа хий хоосон хөөрөх улстөрчид. Тэдэнтэй зүйрлэшгүй том ачааг монгол нүүрс буюу дэлхий дахинд Mr.Coal хэмээн өргөмжлөгдсөн ашигт малтмалын бүтээгдэхүүн үүрч байна. Хэрэвзээ үнэхээр жилд 40 сая тонн нүүрс олборлоод эхэлбэл өнөө жилийнхээр бодоход бүтэн жилийн төсвийн орлогоо зөвхөн нүүрснээс олдог болох нь. Энэ чинь том хариуцлага, хүнд ачаа биш гэж үү. Яагаад үндэстэн дамнасан корпорациуд хүртэл Монголд нүд унагаж хувь эзэмшихийн төлөө юугаа ч золиослоход буцахгүй болов? Тэдэнд ирээдүй харагджээ. Манай эрдэс баялгаас шанаганыхаа хэрээр хутгахыг тэмүүлж буй тэр хүмүүс далайн дээрэмчид биш ээ. Монголын төлөө сайн үйл хийгээд хамтарч ажиллая гэж байгаа ч төр муу менежмент хийж байгааг хэлэхгүй өнгөрөх аргагүй. Жишээ нь, Багануурын нүүрсний уурхай нэг тонн нүүрсээ 19 мянган төгрөгийн өртгөөр боловсруулдаг хэрнээ дулааны цахилгаан станцуудад 16 мянган төгрөгөөр зардаг. Нүүрсний үнээ нэмэх гэхээр цахилгаан, дулааны үнэ нэмэгдчихнэ гээд Засгийн газар хориг тавьдаг. Дээр нь валютын зээл авчихсан, техник тоног төхөөрөмжөө сольж чаддаггүйгээс үр ашиг нь муудсан.

Уг нь энэ уурхай стратегийн ач холбогдолтой 15-хан ордын маань нэг нь юм шүү дээ. Төр болон төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүд ийм л ижил зовлонтой муу менежменттэйгээс өнөөдрийн байдлаар эрчим хүчний болон нүүрсний нийт 20 орчим компани алдагдалтай ажиллаж байна. Харин улстөрч менежерүүдийн хувьд нүүрснээс олсон орлогыг улс төрийн нэр хүнд, эрх мэдэл олж авахад зориулах бодлого баримталдаг. Үүнийгээ нуух гэсэндээ эдийн засгийн хувьд ашиг багатай үйлдвэр барих гэж зүтгэх нь ч бий. Хамгийн гол нь үр ашгийг ядуус руу, сонгогчид руу цацсанаараа сонгуулиар оноо авахыг эрмэлзэж, цаана нь голланд өвчний вирусийг тараасаар байгаа юм.

Дараагийн асуудал нь яагаад монгол нүүрс үнэ хүрэхгүй байна вэ?  Худалдан авагчийн хувьд өрсөлдөгч алга. Далайд гарцгүй манай орны хувьд нүүрсний цорын ганц экспортын  хэрэглэгч нь өмнөд хөрш. Өмнөд хөрш зөвхөн Монголын нүүрсийг зөөхийн тулд асар том хэмжээ, хүчин чадал бүхий тээвэрлэгч машин хүртэл тусгайлан угсарсан байх юм. Түүнийг нь “Галт могой” гэдэг аж. Энэхүү галт могойг үзэн  ядавч Австрали, Канад зэрэг акулуудтай эн зэрэгцэн олж авч буй зах зээл шүү гэж бодохоор тайтгарахаас яалтай вэ. Уг нь нүүрсээ боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл олон дахин ашигтай нь ойлгомжтой. Гэвч хүрэх зам нь даанч хол, хөрөнгө ихээр шаардах аж. Тиймээс үйлдвэртэй болох хүртлээ нүүрсээ түүхийгээр экспортлох нь зүйтэй гэж мэргэжилтнүүд хэлж байна.  Экспортын нүүрсний үнийг нэмэгдүүлэх, үндэсний то­моохон корпорациудыг дэм­­жих талаар хамгийн  их са­наачилгатай ажиллах үүрэг бүхий институци нь Засгийн газар юм. Боловсруулах үйлдвэр байгуулах, нүүрснээс шингэн түлш гаргаж авах тухай  том мөрөөдлөөсөө урьтаж ангиллаа яаралтай батлах ажлыг хиймээр байна. Хэдэн хувь нь хэр чанартай, ямар төрлийн нүүрс байгааг мэдээгүй байж гадныхантай хэлэлцээрт орохыг яаравчлах хэрэггүй. Ичгэвтэр байдалд орно. Түүнчлэн нүүрс гэхээр л Тавантолгой, Нарийн сухайт руу харахаа болих хэрэгтэй. Өөр олон орд олборлогчоо хүлээж байна. Монголд бүртгэлтэй Японы хөрөнгө оруулалттай “Фронтиер Секьюритис” компаний захирал Маса Игата өнгөрсөн зун манай оронд нэгэн бага хурлыг зохион байгуулж “Монгол дээр бооцоогоо тавья” хэмээн гадаадын хөрөнгө оруулагчдад уриалж билээ. Тэгэхдээ “Монголын бүх орд Тавантолгой шиг биш. Жижиг, дунд зэрэглэлийн орд ч олон. Тийм ордуудын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол Тавантолгойгоос өөр түвшинд байх нь ойлгомжтой. Тэр тохиолдолд ямар бэрхшээл гарахыг хэлж мэдэхгүй. Нуулгүй хэлэхэд бага зэрэг эргэлзэж байна” хэмээж байв. Үнэхээр орд бүхэн адилгүй. Тавантолгойгоос бусад нь чухал биш мэтээр хандвал үр ашиг нь ч мөн тийм л байх болно.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж