Арванхоёрдугаар сарын 21

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 21


Өдрийн ишлэл

“Худал, ичгүүргүй худал ба статистик гэсэн гурван янзын худал байдаг”
(Британийн ерөнхий сайд ба зохиолч Бенжамин Дизраэли, 1804 оны арванхоёрдугаар сарын 21-нд төржээ)
Бенжамин Дизраэли

Үйл явдал

Вена хотын ойролцоо Арслангийн зүрхтэн гэгдэх I Ричард олзлогдов

Арслангийн зүрхтэн I Ричард

1192 он: Английн хаан Арслангийн зүрхтэн хо­чит I Ричард (1157 – 1199) ба  Австрийн герцог V Леопольд (1157 – 1194) хоёрын хооронд загалмайтны гуравдугаар аянд (1189 – 1192) хэн нь тэргүүлэх мөн 1191 онд Ричардын эзлэн авсан Киприйн арлыг загалмайтан холбоотнууд хэрхэн хуваах талаар маргаан үүсэн зөрөлдөөнтэй байлаа.

Киприйн арлаас Ричард Палестинд очсоны дараа Египетын султан Саладинтай загалмайтнууд ид тулалдаж байх үеэр уг маргаан үүссэн байв. Үүний улмаас V Леопольд ба түүний санаа нэгтэн Францын хаан  Август II Филипп загалмайтнуудын лагерийг орхин нутаг буцсан байв. Ричард дайныг үргэлжлүүлэн лалынхны эзэлсэн Иерусалимд дөхөж ирээд загалмайтнуудын ариун хотыг буруу номтнуудаас чөлөөлж чадсангүй.  Тэрээр 1192 оны есдүгээр сард Саладинтай энхийн гэрээ байгуулжээ. Загалмайтнууд Иерусалим хотыг христийн гэж үзэж байсан учир Ариун хотынхоо вангаар өөрийн аяны холбоотон Монферратын маркграф Конрадыг Ричард хүлээн зөвшөөрсөн байлаа. Удалгүй Конрад лалын хэт даврагчдын гарт амь үрэгдсэн ба түүний оронд Ричардын үеэл болох гүн Шампанскийн II Генрих суужээ. V Леопольд Ричардыг өөрийн хамаатан Конрадыг хөнөөсөн хуйвалдааныг зохион байгуулагч гэж үзээд загалмайтны аянаас буцах замд нь Английн хааныг Вена хотын ойролцоо барьжээ.

Дараа нь герцог олзлогдсон Ричардыг Ариун Ромын эзэн хаан  VI Генрихт (1165–1197) хүргүүлсэн байв. Тэрээр Английн хааны төлөө 150 мянган мөнгөн марок шаардсан нь Английн титмийн хоёр жилийн орлого байжээ. Хааны эх Аквитаны Элеонора вант улсад ихээхэн татвар ноогдуулж байж тэр мөнгийг цуглуулан  1194 оны хоёрдугаар сарын 4-нд Арслангийн зүрхтэнг суллуулж авчээ.

Түүхэнд анхны сагсан бөмбөгийн тоглолт болжээ

1891 он: АНУ-ын Массачусетс му­жийн Спрингфилд хо­тын Христийн залуу­чууд­ын эвслийн сур­гал­тын төвд түүхэнд анх­­ных болох сагсан бөм­бөгийн тоглолт 1891 оны энэ өдөр бол­сон байв. Тоглоомыг биеийн тамирийн багш Жеймс Нейсмит зохиосон бөгөөд түүний бич­сэн  уг тоглоомын 13 заалттай дүрмийн ихэнх нь өнөөг хүртэл үйлчилж байгаа.  Тоглоомын өмнө сурагчидаа бөмбөг шидэж оруулан дасгал хийх зорилгоор манаачаа хоёр хоосон хайрцаг олж ирэхийг Нейсмит гуйсан байв. Манаач нь хоосон хайрцаг олоогүй учир тоор жимсний хоёр сагс олоод иржээ. Тэднийг танхмийн тагтны хоёр талд 3 м 05 см-ийн өндөрт өлгөсөн байлаа. Анхны тоглолтод есөн хүнтэй хоёр баг оролцжээ.  Сагсыг 1893 онд тортой төмөр цагиргаар сольсон байв. АНУ-д уг тоглоомын дүрмийг 1894 онд хэвлэв. Сагсан бөмбөгийн самбрыг 1895 онд хийгээд анхны албан ёсны тэмцээнийг тогложээ. Багийн тоглогчдын тоог 1897 онд таван хүн болгосон байна.  Сагсан бөмбөгийн үндэсний холбоод 1920-иод онуудад байгуулагдаж, анхны олон улсын тэмцээн АНУ, Итали, Франц зэрэг орнуудын армийн багуудын хооронд явагдсан түүхтэй. Францад эмэгтэйчүүдийн анхны олон улсын тэмцээн 1923 онд хийгдэн түүнд Англи, Итали, АНУ-ын  баг тогложээ. Олон улсын сагсан бөмбөгийн холбоог 1932 онд Женев хотноо байгуулсан юм.

Оросын «Огонек» сэтгүүл хэвлэгдэв

1899 он: Оросын хамгийн алдартай, долоо хоног тутмын уран зохиол, мэдээллийн «Огонек» зурагт сэтгүүл 1899 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Биржийн мэдээ” сонины хавсралт болон анхны дугаараа гаргажээ. Уг сэтгүүлийг  томоохон хэвлэн нийтлэгч  С. Проппер гаргасан байлаа. «Огонек»  1902 оноос бие даан гарч 120 мянган хувиар хэвлэгдэн  алдар нэр нь өсөв. ХХ зууны эхээр найман хуудсаар  гарч байсан уг сэтгүүлийн гуравны нэгийг гэрэл зургийн сурвалжлага эзэлж байлаа. Октябрийн хувьсгалын дараа сэтгүүл хэвлэгдэхээ больсон байснаа хориод онд Зөвлөлтийн сэтгүүлч, редактор Михаил Кольцовын санаачлагаар түүнийг сэргээсэн байв. 1923 онд 42 мянган хувиар хэвлэгдэж байсан сэтгүүл жилийн дараа 125 мянган хувь,1925 онд хагас сая хувиар хэвлэгдэн тараагдаж байжээ.Өөрчлөлт шинэлэлийн гэх жилүүдэд сэтгүүл хамгийн дээд хэмжээгээр уншигч нартаа үнэлэгдэж байсан билээ. 1995 онд сэтгүүлийн хэмжээг барууны зурагт сэтгүүлүүдийн стандартад оруулсан ба шинэ «Огонек» Оросын хамгийн эртний сэтгүүл хэвээр үлдэн уламжлалаа хадгалсаар байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж