Таггүй траншей 11 хүний амийг ”залгив”

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Таггүй траншей 11 хүний амийг ”залгив”

-Он гарсаар траншейд унаж гэмтэж, амь насаа алдсан 20 тохиолдол гарчээ. Үүнээс 11 нь амиа алдсан гэнэ. Энэ бол зөвхөн нийслэлийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн тоо-

Нийслэлийн хэмжээнд 17 мянга 700 орчим “траншей” хэмээх нүх байдаг аж. Эдгээрийн нилээд хувь нь хамгаалалтын таггүй. Дулааны шугам сүлжээ, Ус суваг ашиглалтын газар, Цахилгаан шугам сүлжээ,  Орон сууц, нийтийн аж ахуй, угсралтын газар зэрэг холбогдох албаныхан “траншей”–г тагтай, таггүй гэж маргалдаж байх хооронд  онгорхой нүхэнд хүн унаж, гэмтэж,  түлэгдэж, амь насаараа хохирсоор л байна. Он гарсаар траншейд унаж гэмтэж, амь насаа алдсан 20 тохиолдол гарчээ. Үүнээс 11 нь амиа алдсан гэнэ. Энэ бол зөвхөн нийслэлийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн тоо. Хамгийн сүүлийн баримт гэвэл өнгөрсөн долоо хоногт хоёр ч хүн амиа алджээ. Баянзүрх дүүргийн III болон XIII дугаар хорооонд байрлах орон сууцны дэргэдэх  онгорхой худагт амиа алдсан байна. Талийгаачдын цогцосыг нийслэлийн Онцгой байдлын аврагчид гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтэс хүлээлгэн өгсөн гэнэ. Амиа алдсан  хоёр хүн нь бидний нэрлэдгээр “орон гэргүй” буюу “траншейнийхан” байжээ. Тэд гадны ямар нэгэн нөлөөгүй, ил харагдах шархгүй амиа алдсан байсан гэж албаны хүн тайлбарлаж байна. Албан бус баримтаар нийслэлд 2000 гаруй орон гэргүй хүн байдаг гэнэ.  Тэгэхээр тэд траншейдаа амь насаа алдах нь байдаг л энгийн явдал мэт болох вий.

Энэ сарын 6-нд Хотын дарга шуурхай хуралдаан дээр холбогдох албаныханд нийслэл хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд худгийн таг нь онгорхой, ашиглалт хамгаалалт сул, иргэд эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироход нөлөөлж байгаа тул ойрын хугацаанд бүрэн бүтэн байдлыг хангахыг үүрэг болгосон юм. Холбогдох албаныхан 14 хоногийн дотор бүх худгийг тагтаа болгохоо “амалсан”. Тэд онгорхой худгуудийг  хүндрүүлэгчтэй ширмэн ган тагаар таглахаар урд хөршид жилд 100 гаруй сая төгрөгөөр захиалан хийлгэдэг ч “урт гартан”-уудын харгайгаар онгорхой үлддэг гэж байсан. Учир нь гадаа хүйтэрч улмаас тэнэмэл, орон гэргүй иргэд траншейнд хоноглох нь ихэсч тагийг нь онгорхой орхих, хаягдал төмөр авдаг газруудад тушаах зэргээр ийм байдал үүсгэдэг гэж байв.

Орон гэргүй тэнэмэл иргэдийн орон гэр, жирийн иргэд, жолооч нарын анхаарлыг шалгасан өнөөх “траншей” гэгчээс үүдэлтэй гэмтэл бэртэл,  автомашины гэнэтийн ос­лын хо­хирлыг хэн хариуцах вэ. Нарантуул захын ойролцоох авто замын голд байх худгийг таглаагүй хэдэн сар боллоо. Онгорхой тагыг осол гаргачихалгүй эвтэйхэн тойрч гарах гэж ур чадвараа шалгуулдаг талаар жолооч нар хэлж байна. Хамгийн гол нь  17 мянга гаруй худгийн талаас илүү нь хотын төвд буюу олны хөлийн газар байрладаг. Унаж гэмтэж байгаа хүмүүс нь дан ганц орон гэргүй иргэд байдаг гэвэл хилс болно. Гэрийн ха­жууд байх траншейны нүх өгл­өө тагтай байсан бол орой алга болчихсон тохиолдол зөндөө. Гэтэл орой нь сурсан замаараа анхаарал болгоомжгүй явж байгаад унаж гэмтэх нь энүүхэнд. Өнгөрсөн сард гэрийнхээ хажуудах бохирын худагт найман настай охин унаж амиа алдсан. Талийгаач гэрийнхэнтэйгээ хөт­лөлцөж яваад уг нүхэнд унаж амиа алдав. Хөөрхий охин ажлаа гүйцэт хийгээгүй ажилчдын хайхрамжгүй байдлын золиос болсон. Уг худгийн тагийг засч байсан ажилчид  тагийг засахаар авч явахдаа анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ үлдээгүйгээс энэ осол гарсан гэдэг.

Өчигдөр нийслэлийн Шуурхай хурал­даан болж, холбогдох алба­ныхан дээрх худгуудыг  бүгдийг таг­ласан эсэхээ танилцулах байсан ч хурал хойшлогдон өнөөдөр болно. Мэдээж албаныхан өөрсдийн мэд­лийн худгуудийг 100 хувь тагтай болгосон гэж тайлагнах л байх. Гэвч нийслэлийн гэрэлтүүлгийн 100 хувь болгосон гэж ажлаа тайлагнасан ч харанхуйд бүдчүүлсээр байгаа нь үнэн. Нэг нь хийсэн болж нөгөө нь хийлгэсэн болгож байх хооронд  таггүй “траншей” хүний аминд хүрсээр л байх уу, дарга нар аа.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж