Энэ орд тийм ч бага “сав” биш. Могойн голын ордын нөөцийг 1978 онд 13 сая 649,5 мянган тонн нүүрс агуулагдаж байна хэмээн тогтоосон бөгөөд ОХУ-ын стандартаар “Ж” маркад хамаарна гэжээ. Нүүрсний технологийн чанарын үзүүлэлтийн хувьд үнс 15 хувь, дэгдэмхий хий 26,6 хувь, хүхэр 0,9 хувь, илчлэг 7139 ккал/кг гэсэн судалгааг гаргасан байна. Өнгөрсөн 2009 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар ашиглалтад бэлдсэн нөөц хоёр сая 207,9 мянган тонн, таамаг нөөц нь 11 сая 441,6 мянган тонн гэсэн үзүүлэлт гарчээ. Могойн голын нүүрс коксжих чанартай тул нарийвчилсан судалгаа хийж коксын баяжмал үйлдвэрлэх боломжтойг лабораторийн шинжилгээгээр тогтоосон ажээ. Өнгөрсөн оны байдлаар коксын баяжмал дэлхийн зах зээлд ойролцоогоор нэг тонн нь 150-200 ам.доллар, металлургийн кокс 250-300 ам.долларын ханштай байсан гэж үзвэл Могойн голд асар их баялаг байгаа нь тодорхой. Коксжих нүүрсний орд тул нүүрсний илчлэг, эдийн засгийн үнэлэмжээрээ эрчим хүчний үйлдвэрлэлийн түлшинд хэрэглэж болохгүй, ердийн цахилгаан станцын эд ангийг хайлуулж болзошгүйг судалгааны багийнхан анхааруулжээ.
Могойн голд дулааны цахилгаан станц барих асуудал анх 2007 онд УИХ-ын 10 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөрт тусгагдсан байдаг. Завхан, Говь-Алтай аймгийг төвлөрсөн эрчим хүчээр хангах зорилгоор Дэлгэрмөрөн дээр Чаргайтын усан цахилгаан станц, Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барьж, Улиастай хүртэл 110 кв-ын шугам барихаар хөтөлбөрт тусгажээ. Энэ ордыг түшиглэн байгуулах 60 мгвт-ын хүчин чадалтай дулааны станцад “Шинэ Азиа Майнинг” групп хөрөнгө оруулахаар болсныг Монгол Улсын Засгийн газрын энэ оны тавдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, зарим асуудлаар Засгийн газрын гишүүдийн дунд маргаан үүссэн байна. Маргааны сэдэв нь мөнөөх 51 хувийг хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх, эрчим хүчний үнэ, манай тал шилжүүлэн авах хугацаа зэрэг байв. Хэрэв 51 хувийг хөрөнгө оруулагч эзэмшвэл Хөвсгөл, Завханыхан нүүрсээ хятад эздээс авах уу гэсэн шуугиан ч орон нутагт гараад байсан үе.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын танилцуулснаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төслийн хоёрдугаар заалтад Могойн голын нүүрсний уурхайн орон нутгийн өмчлөлд байгаа 51 хувийг “Шинэ Азиа Майнинг”-ид эзэмшүүлэхээр тусгажээ. Гэхдээ сайд тэмдэглэлийн төсөлд өөрчлөлт оруулж, 51 хувийг хөрөнгө оруулагчдад ашиглуулах гэсний оронд Могойн голын нүүрсний уурхайгаас нүүрсээр цахилгаан станцыг хангах гэдэг хэлбэрээр оруулахгүй бол орон нутгийн өмчлөлд байдаг нүүрсний уурхайн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэж энэ үеэр хэлсэн байна. Энэ 51 хувь гэдэг асуудлаар Засгийн газрын хуралдаан дээр дараах яриа өрнөжээ.
Т.Цэрэнпүрэв /ЭБЭХ-ний яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга/:
-Шинэ “Азиа Майнинг групп” гэж Хятад-Монголын хамтарсан компани өөрийн 100 хувийн хөрөнгөөр Могойн голын станцыг барьж байгуулна гэсэн үүрэг хүлээж, гэрээ байгуулаад ажиллаж байна. Тэгэхдээ бид Концессийн хуулийн хүрээнд энэ асуудлыг шийднэ гэж ярьж байгаа. Хүчин чадлын хувьд 60 мгвт, ойролцоогоор 110 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалттай гэж тооцож байгаа.
Т.Бадамжунай /ХХААХҮ-ийн сайд/:
-Энэ бол хэл амтай сэдэв. Тэмдэглэл дээр 51 хувийг хөрөнгө оруулагч талд ашиглуулах гэсэн үг байна. Үүнийг уншихээр 51 хувиа өгөх гэж байгаа юм шиг. Үүнийг найруулмаар юм шиг байна.
Д.Зоригт ЭБЭХ-ний сайд:
-Би сая хэлсэн. Наадах чинь зүгээр нүүрсээр хангах гэдэг үгээр орно. 51 хувь гэж байхгүй.
Т.Бадамжунай:
-Танилцуулга дотор дулааны цахилгаан станцыг барих гээд зураас татаад, өмчлөх гээд дахиад зураас татаад, ашиглах гэсэн байна. Үүнийг юу гэж ойлгох вэ?
Д.Зоригт:
-Үүнийг өөрчлөөд ВОТ буюу барих, ажиллуулах, ашиглах, шилжүүлэх гэсэн нөхцөлөөр шилжүүлнэ.
Л.Гансүх БОАЖ-ын сайд:
-Хэвлэл дээрээс хоёр гурван зүйл харагдаад байна. Өмчлөлөөс болоод маргаад байгаа юм шиг, хятадууд авах нь энэ тэр гээд. Нөгөө тал 51 хувь гэдгийг зөвшөөрсөн үү?
Д.Зоригт:
-ВОТ хэлбэрээр шинэчилнэ гэсэн. Тэд зарчмын хувьд за гэсэн.
Л.Гансүх:
-Үгүй ээ, нүүрсний уурхайн заавал 51 хувийг хөрөнгө оруулагчдад өгнө гэснийг?
-Д.Зоригт:
-Нүүрсний уурхай бол орон нутгийн өмч. Орон нутаг өөрөө мэднэ.
Л.Гансүх:
-Орон нутаг өгнө гээд тохирчихсон юм уу?
Д.Зоригт:
-Өгнө ч гэж тохироогүй. Миний ойлгож байгаагаар зүгээр дуудлага худалдаа зарлаад байгаа юм уу.
Л.Гансүх:
-Тэр чинь тэгэхээр өгнө гэсэн үг юм байна.
Д.Зоригт:
-Тэр бол орон нутгийн асуудал. Яагаад гэвэл бид “Тавантолгой ХК” гээд жижиг орон нутгийн уурхайг яаж ч чадахгүй байгаа шүү дээ. Түүнтэй адилхан.
С.Батболд:
-Орон нутгийн 51 хувийг ашиглуулж, өмчлүүлэхгүй гэж ойлгож байна. Хүчин чадлын хувьд эхлээд шууд 60 мгвт хэрэггүй, 30 мгвт-аас эхлэх ёстой гэсэн асуудал тавигдаж байгаа. 30 мгвт-аас ямар сөрөг тал байгаа вэ. Энд дурдсан эрчим хүчний нэг мгвт-ын өртөг дэлхийн дунджаас өндөр байна. 1,6 сая ам.доллар байдаг байхад энд 1,8 сая ам.доллар байгаа нь ямар учиртай вэ?
Д.Зоригт:
-Энэ төсөл Засгийн газраас хэрэгжиж байгаатай холбогдуулж нүүрсээр зах зээлийн журмаар хангах арга хэмжээг авах хэрэгтэй гэдгийг аймгийн Засаг дарга Л.Цэрэнжавт хэлж байгаа болохоос биш 51 хувийг ингэ тэг гэдэг үүргийг Засгийн газраас өгөх эрхгүй. ИТХ нь өөрөө шийднэ. Тэр 51 хувийг хэнд, яаж өмчлүүлэх вэ гэдгийг орон нутгийн ИТХ шийднэ. Өнөөдөр мэдээлж байгаагаар 51 хувиа дуудлага худалдаагаар заръя гэж байгаа юм билээ.
Т.Цэрэнпүрэв:
-“Шинэ Азиа Майнинг” компанитай 60 мгвт гэсэн гэрээг хийгээд байгаа. Бүс нутгийн хэрэглээ нь 24 орчим мгвт байна. Харин Завхан, Хөвсгөлийн объектууд ашиглалтад орохоор 60 орчим мгвт байх шаардлагатай гэж үзсэн. Өртгийн хувьд дэлхийн дундаж нэг мгвт-ын өртөг нэг сая ам.доллараас 1,8 сая ам.доллар, заримдаа хоёр сая ам.долларын өртөгтэй гардаг юм билээ.
Ийм яриа болсны дараа Ерөнхий сайд С.Батболд дулааны цахилгаан станц барьж ажиллууллаад шилжүүлэх хугацааг 20-30 жил гэсэн урт бус, 10 орчим жилээр хийж болохыг сануулжээ. Шилжүүлж авах нөхцлөө ч сайн бодож, мөнгөний боломжтой бол худалдаж авах зам сонгохыг зөвлөжээ. Ерөнхий сайд “Зах зээлийн нөхцөлөөр нүүрс нийлүүлнэ. Тэмдэглэлийн төслөөс 51 хувийг эзэмшинэ, ашиглана гэсэн үгийг авч хая. Тийм юм байхгүй. Зүгээр зах зээлийн журмаар нүүрсээр хангах үүрэг хүлээх нь зохижтой байж болно. Хүчин чадлыг дахиж яриарай. Тэнд нэг уурхай гарч магадгүй, гарахгүй ч байж магадгүй. Тийм учраас 60 мгвт юм гээд таамаглал, төсөөлөл яримааргүй байна. Эхлээд 30 мгвт, тэгээд 60 болгох талаар ярилц” гэжээ.
Могойн гол тойрсон маапаан нэг ийм байдалд хүрээд түр намжаад байна. Дулааны станц барилаа гэхэд богино хугацаанд Монголын тал шилжүүлэн авах, бололцоотой бол худалдаж авах, эрчим хүчний үнийг дэлхийн дундаж хэмжээнд мөрдөн гэсэн асуудлуудыг дахин харж үзэхээр болжээ. Тэгж чадаж гэмээнэ бас нэг ордоо гаднынханд тавьж туухгүй байх нөхцөл бүрдэх ажээ.
Д.ОЮУНЦЭЦЭГ