-Зарим хөрөнгө оруулагчид компани, банк гэхээс илүүтэй аж үйлдвэрийн түүхий эдүүдэд илүү талтай байна-
2010 он дуусахад хэдхэн хоног дутуу байгаа энэ үед хөрөнгө оруулагчид
ирэх онд мөрий тавьж байна. Тэд 2011 онд хамгийн сайн үзүүлэлттэй байх
компаниуд болон бараа бүтээгдэхүүнийг таахаар оролдож байгаа юм.
Ингэж чадвал тэдний хөрөнгө оруулалт ашиг авчрах боломжтой.
Энэ оны хувьд бараа бүтээгдэхүүнүүд хоорондын уялдаа асар их
байсан билээ. Ам.долларын ханшийн хэлбэлзэл, эсвэл Засгийн газрын
бондуудын арилжаа хөрөнгийн биржүүдийг донсолгосноос гадна улс төр,
геополитикийн хүчин зүйлс ч мөн адил асар хүчтэй байлаа. АНУ-ын төв
банк болох “Federal Reserve” эдийн засгийн сэргэлтэд зориулж 600
тэрбум ам.долларыг эргэлтэнд оруулах болсон бол Еврозоны өрийн асуудал ч
нэрмээс болжээ. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ инфляцийг
нэмэгдүүлэхээр оролдож байгаа энэ үед эдийн засгийн өсөлтөөр тэргүүлж
буй БНХАУ-д инфляцийн аюул нүүрлэж, хэт халалтаас сэргийлэх зорилгоор
олон тооны арга хэмжээ авч байгаа юм.
“Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч хамаагүй хөрөнгө оруулагчид
‘ялагч’ болон ‘ялагдагч’-ийг зөв таах хэрэгтэй байдаг” хэмээн Нью
Йоркийн “Brown Brothers Harriman” байгууллагын санхүүгийн зах зээлийн
стратеги боловсруулах хэлтсийн дарга Чарли Блад хэлэв.
Ирэх онд хөрөнгийн биржүүд дэх уялдаа холбоо харьцангуй багасах төлөв
харагдаж байна хэмээн шинжээчид үзэж байгаа юм. Ингэвэл арилжааны
салбаруудын ялгаа нэмэгдэж, хөрөнгө оруулагчид зах зээлээс илүү ашиг
олох боломжтой болох аж. Гэхдээ энэ долоо хоногийн арилжааны өдрүүд
Зул сарын баярын амралттай холбогдуулан харьцангуй цөөн байна. Тэгэхээр
хөрөнгийн биржүүд дээрх “гол тоглолт” он гартал үсрээд л долоо
хоногийн хугацаанд хийгдэх юм.
Энэ долоо хоногт хөрөнгө оруулагчид эдийн засгийн талаарх олон ч
тайланг харж үзэх хэрэгтэй болж байна. Тухайлбал, гуравдугаар
улирлын эдийн засгийн тайлан, дотоодын нийт бүтээгдэхүүний
хэмжээ, орон сууцны зах зээл болон худалдан авагчдын хэтийн төлөв
байдлаас авахуулаад улс орнуудын бараа бүтээгдэхүүний худалдан авалт
ямар байх зэрэг мэдээлэл илүү тодорхой болж ирэх юм.
2010 онд маш сайн үзүүлэлттэй байсан компаниудын хувьцаа аль хэдийн
буурч эхэлсэн нь хөрөнгө оруулагчдад шинэ боломж хайх хэрэгтэй байгааг
сануулж байна. АНУ-ын “S&P 500” хөрөнгийн бирж дэх хамгийн
амжилттай байсан компаниудын нэг “Salesforce.com”-ын хувьцааны үнэ
өнгөрсөн долоо хоногт 8,1 хувиар буурчээ. Гэхдээ ингэсэн ч тус
компанийн хувьцааны үнэ энэ оны хувьд 85 хувиар өссөн байгаа юм.
Түүнчлэн “Mid-Cap Netflix” компанийн хувьцаа арванхоёрдугаар сар
гарснаас хойш л гэхэд даруй 12,6 хувиар унав. Тус компанийн
хувьцааны үнэ энэ жилийн хувьд 226 хувиар өссөн билээ. Тэгэхээр
энэ жилийн амжилт ирэх онд давтагдана гэдэг нь эргэлзээтэй болж ирж
байгаа юм.
Ирэх оны хувьд хөрөнгө оруулагчид технологийн компаниудын хувьцаанд
анхаарлаа илүү хандуулсан хэвээр байх төлөвтэй байгаа гэж зарим
шинжээчид үзэж байгаа ч энэ оны хувьд тус салбар дахь арилжаа
төдийлөн өнгөтэй байгаагүй гэхэд болно. Хэдийгээр хамгийн ашигтай
ажилласан компаниуд ихэвчлэн технологийн салбарынх байсан ч оны хувьд
8,7 хувийн өсөлт харуулаад байгаа нь чамлахаар хэмжээ аж. Учир нь
технологийн салбар эдийн засгийн хэлбэлзэлд маш мэдрэмтгий ханддаг
юм.
Заримд нь харин санхүүгийн салбар илүү ээлтэй харагдаж байгаа
бололтой. Том банкууд ирэх оноос эхлэн алдагдлаа нөхөж чадна гэх
мэдээлэл байгаа ч санхүүгийн бодлогод өөрчлөлт орвол ийм төрлийн
байгууллагуудад хөрөнгө оруулалт хийх нь тийм ч ашигтай байж чадахгүй.
Тэгвэл зарим хөрөнгө оруулагчид компани, банк гэхээс илүүтэй аж
үйлдвэрийн түүхий эдүүдэд илүү талтай байна. Энэ салбарын
бүтээгдэхүүнүүд 2010 онд 22,8 хувиар өссөн байдалтай байгаа юм.
АНУ-ын хувьд Ерөнхийлөгч Барак Обама татварын талаар Бушийн үеийн арга
хэмжээг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж, 858 тэрбум ам.долларын татварын
төлөвлөгөөг баталсан билээ. Энэ мэт эдийн засгийн талаарх мэдээлэл
хөрөнгийн биржүүд дээрх арилжаанд хөдөлгөөн оруулсаар. Үүнээс болж
гол биржүүдийн индекс энэ он гарсанаас хойш дөрвөн хувиар өссөн
төдийгүй, ирэх онд энэ өсөлт хоёр оронтой тоонд хүрч болзошгүй байна.
Тус улсын “Goldman Sachs” зэрэг хэд хэдэн банк ирэх оны эдийн засгийн
төлөв сайн байгаа гэж байгаа юм. Энэ долоо хоногийн хувьд даваа, мягмар
болон баасан гаригт эдийн засгийн талаар ямар ч шинэ мэдээ гарахгүй юм.
Харин лхагва гаригт АНУ-ын орон сууцны зах зээлийн талаарх мэдээлэл
гарах бол пүрэв гаригт Худалдааны яамнаас хувийн орлого болон
зарцуулалтын талаарх тайланг гаргах аж. Түүнчлэн Хөдөлмөрийн яам
долоо хоногийн ажилгүйдлийн талаарх мэдээллийг гаргах юм. Дэлхийн
хамгийн том эдийн засаг болох тус улсын эдийн засгийн тайлан мэдээлэл
олон улсын зах зээлд нөлөөлөх нь гарцаагүй. Эдгээр мэдээллийг ашиглан
ирэх оны төлөвийг гаргахад хялбар болох тул АНУ-ын эдийн засгийн байдал
хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа юм.
Э.Очирт