Шинэ түүхийн тууз хайчилсан айлчлал

Хуучирсан мэдээ: 2010.12.21-нд нийтлэгдсэн

Шинэ түүхийн тууз хайчилсан айлчлал

-Оросууд Монголын талд нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт болон буцалтгүй тусламж амлажээ-

Үргэлжлэл.Түрүүч нь өмнөх дугаарт

ОХУ-ын Засгийн газрын тэргүүний урилгаар Ерөн­хий сайд С.Батболдын тус улсад хийсэн албан айлчлал улстөрийн олон чухал уулзалтаас гадна олон нийт, соёл боловсрол болон бизнесийн хүрээнийхэнтэй хийсэн бусад уулзалтуудыг хамруулсан иж бүрэн хөтөлбөртэй байсан нь анхаарал татаж байлаа. Айлчлалын эхний өдөр гэхэд Ерөнхий сайд өөрийн төрөлх сургууль болох Москвагийн олон улсын харилцааны улсын их сургуульд зочлон очиж лекц уншин бас Оросын нийслэлд амьдарч сурч байгаа монголчуудтайгаа уулзаж амжсан юм.

МГИМО ба монголчууд

Орост төдийгүй дэлхийд нэр хүнд бүхий МГИМО хэмээх энэ их сургууль анхны гадаад оюутнаа сургаж эхэлснээс хойш 65 жил болж байгаа гадаад харилцааны боловсролын дэлхийн хэмжээний томоохон төв болсон бөгөөд Монголоос нийтдээ 420 гаран хүн төгссөн гэсэн мэдээлэл байдаг аж. Зөвхөн энэ айлчлалын үеэр гэхэд Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайдыг оролцуулаад өндөр албан тушаалын гурван эрхэм төрөлх сургуульдаа ирж байна гэсэн сонирхолтой мэдээлэл гарч байв. Одоо ч манай 24 оюутан энэ сургуульд сурч байгаагийн ес нь гэрээгээр, бусад нь багагүй хэмжээний төлбөр төлөн боловсрол эзэмшиж байгаа гэнэ. Энэ талаар тус сургуулийн захирал А.В.Торкунов хэлэхдээ “Сурч байгаа монгол оюутнуудын олонхийнх нь эцэг эх манай сургуулийг төгсч байсан. Тэд гэр бүлийн уламжлал болгон төлбөрөөс эмээлгүй хүүхдүүдээ манайд сурах боломж олгож байгаад талархаж явдаг” гэж ярьсан нь анхаарал татаж байлаа. Дараа нь өөрийн сургуулийн хүндэт докторын цолыг Ерөнхий сайд С.Батболдод олгож, докторын өмсгөлийг хүндэтгэлтэйгээр гардуулсан. Ерөнхий сайд докторын “дэгжин” өмсгөлөө асаасны дараа танхимд байсан бүх оюутнууд босч хүндэтгэн, эрдмийн суу билгийг магтан дуулсан Гаудеамус хэмээх сүлд дууллыг хөгжмийн аянд нийтээр дуулж байх нь тун сэтгэл хөдөлгөм дүр зураг болж байв.

Хүндэтгэлийн ёслолын дараа шинэхэн доктор С.Батболд лекц уншиж дараа нь оюутнуудын асуултад хариулт өглөө. Тухайлбал Хойд Солонгосын талаар Монголын баримталж байгаа бодлого,зарчмыг сонирхсон нь анхаарал татав. Энэ асуултад Ерөнхий сайд хариулахдаа Умард Солонгосыг аль болох ганцаардуулахгүй байх ёстой гэсэн бодлого барьж байгаа гэдгээ хэлсэн. БНАСАУ болон Монгол улс нь хэцүү бэрх цагт бие биендээ хүмүүнлэгийн чиглэлээр тус дэм болж байсан найрсаг харилцааны түүхэн уламжлалтай гэж хэлсэн нь тэнд байсан оюутнуудын анхаарлыг ихэд татаж байлаа. Ерөнхий сайд “Түүхийн явцад Монгол ч мөн ганцаардах нөхцөл байдалд орж байсан үе бий тул Хойд Солонгосыг ийм нөхцөл байдалд оруулахгүй байхын чухлыг сайн ойлгож, ийм бэрхшээл үүсгэхгүй байх боломжийг эрж хайхын төлөө байгаа” гэсэн юм.

Визгүй зорчих талаар эргэж харна

Ерөнхий сайд С.Батболд өөрөө санаачилж Москва хотноо амжиллаж,амьдарч сурч бай­гаа монголчуудтайгаа уулзах хүсэлт тавьсны дагуу “москвагийнхан” хүрэлцэн ирсэн байлаа. ОХУ-д суугаа манай элчин сайд Б.Идэвхтэн гуйан хэлж байгаагаараар бол Москва болон тэндхийн Консулын газрын харьялалд байдаг ойр орчмын мужуудад нийтдээ 3700 орчим монгол ажиллаж амьдран сурч байгаа аж. Тэдний 1650 нь оюутан болоод аспи­рантийн сургалтанд сурч байгаа бол 170 нь олон улсын болон гадаадын байгууллага, дипломат албанд ажиллаж байгаа иргэд гэнэ. Харин 270 иргэн Оросын нийслэлд ажил төрөл эрхэлж амьдардаг. Иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд Ерөнхий сайд улс орны өнөөгийн байдал, цаашдын төлөв болон зорилт, боломжийн талаар товч мэдээлэл хийсэн. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд өнөөгийн Засгийн газарт ажиллаж байгаа Ардчилсан намын төлөөллийг танилцуулаад “бид өнөөгийн төвшинд улстөрийн талцал гэхээсээ улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө хамтран хийж бүтээх замыг сонгон ажиллаж байна” гэж онцлон дурдаж байлаа. Мөн тэрээр гадаадад сурч ажиллаж байгаа монголчуудынхаа эрдэм боловсрол, мэргэшил хүч бололцоог ашиглах зайлшгүй шаардлага тулгарч байгааг хэлж байв. “Бид дандаа л болж бүтэхгүй байгаа тухай ярьдгаа ч бас эргэж бодмоор байна. НҮБ-ын хурлын индэр дээрээс Киргизийн одоогийн ерөнхийлөгч Отунбаева үлгэр жишээ болгож авах хоёр орны нэрийг зарлахдаа Монголыг онцгойлон дурдаж байсан.Нөгөө орон нь Турк. Эндээс харахад л бидэнд бусдад үлгэр болох сайн зүйлс, боломжууд байгаа шүү” гэж Ерөнхий сайд ярьж байна. Бас нэг сонирхолтой баримт дурд­сан нь монголчууд сүүлийн үед хар тамхины хэрэгт холбогдох байдал удаа дараа гарсан явдалтай холбоотой байв. Ерөнхий сайд энэ талаар хэлэхдээ монголын иргэд визгүй зорчдог улс орнуудад манай иргэдийг энэ хэрэгт зохион байгуулалттайгаар уруу татах байдал газар авч байгааг анхаарах хэрэгтэй байна гэсэн юм. Иймд цаашдаа иргэдийг визгүй зорчих зохицуулалт дээр бодож хэрэгжүүлэх зүйл байгаа гэж байлаа. Ерөнхий сайдыг мэдээлэл өгсний дараа “москвагийнхан” асуултаа тавьж эхлэв.

-Ерөнхий сайд аа, та эдийн засгийн өсөлт 7-8 хувьтай байна гэж байна. Гэтэл ажилгүйдлийг багасгахад голлон нөлөөлдөг жижиг дунд үйлдвэрлэл хөгжих боломж манайд хомс шүү дээ. Зах зээл бага ийм нөхцөлд ажилгүйдэл багасах уу?

-Бидэнд ажиллах хүчний тэр дундаа өндөр зэрэг­лэлтэй мэргэжилтэн, мэргэжлийн ажилчдын шаард­лага цаашдаа улам ихэснэ. Зөвхөн дээд боловсрол гээд байх биш, харин гадаадын мэргэжилтнүүдтэй ч өрсөл­дөх чадвартай өндөр зэрэглэлийн мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байгаа. Жишээ хэлье. Өнөөгийн байд­лаар Оюутолгой төсөл дээр 1300 гаран өндөр зэрэг­лэлийн гагнуурчны ажлын байр байгаа. Гэтэл Мон­голд байгаа 5-6-р зэрэглэлийн гагнуурчин гэхэд ердөө 140 гаруй байгаа нь чамлалттай юм. Одоогоо Мон­гол улс хүний хөгжлийн индексээрээ 144-р байрт явж байгаа нь харамсалтай л  байна. Гэхдээ ойрын та­ван жилд эхний 50-д орох боломж байгаа гэдгийг гадаа­дын шинжээчид тооцоолсон гэдгийг санах хэрэг­тэй. Бидэнд боломж байна гэхдээ ашиглах л хэрэгтэй.

-Ураныг ашиглах төрийн бодлогод энэ чиг­лэлийн хүрээлэн байгуулах тухай асуудал явж бай­сан.Тэр юу болсон юм бол ?

-Бид саяхан энэ салбарын цаашдын хөгжлийн төлөв дээр хамтан ажиллах тухай гэрээг байгуулсан. Оросын тал манай цөмийн эрчим хүчний мэргэ­жилт­нүүдийг сургая гэж байгаа. Хүрээлэнгийн ту­хай асуудал орхигдоогүй. Энэ асуудлаар холбогдох салбарын хүмүүст бас хандаарай гэж зөвлөе. Ер нь бол ураныг түүхий эд хэлбэрээр гаргахгүй гэж тохирсон байгаа. Гэхдээ боловсруулалтыг нь шат дараатайгаар хэрэгжүүлнэ. Ураныг эхлээд шар нунтаг болгож гаргах зэргээр ээлж дараатай явах учиртай. Ингэхээр бидэнд мэргэжлийн хүмүүсээ зайлшгүй бэлдэх шаардлагатай. Оросуудын тооцоогоор бол ямар ч байсан 1000 гаран ажлын байр гарна гэсэн тоо хэлж байгаа.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж